"Дотоодын жуулчид өсөх тусам байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

"Дотоодын жуулчид өсөх тусам байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна"

Улаанбаатар зочид буудалд “Аялал жуулчлалын судалгаа-2018” эрдэм шинжилгээний хурал болж байна. Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгээс Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт 30 гаруй эрдэмтэн оролцож байна. Өнөөдрийн/2018.11.30/ эрдэм шинжилгээний бага хурлаар судалгааны үр дүнд тулгуурлан аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал болон цаашдын бодлого төлөвлөгөөг хэлэлцэж тодорхой шийдвэрийг гаргах юм.

ШУТИС-ын Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Хүмүүнлэгийн салбарын эрхлэгч, доктор, профессор Н.Галиймаа: 

Би илтгэлдээ Эдийн засгийн өсөлт нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэрхэн өсгөсөн бэ. Үүнд дотоодын аялал жуулчлал хэрхэн нөлөө үзүүлсэн бэ гэсэн хандлагаар ойрын өсөлтийг бодож гаргасан байгаа. Энэ судалгааг хийх хамгийн хүндрэлтэй асуудал нь Монголын дотоодын аялал жуулчлалын талаарх ямар ч статистик байдаггүй. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн аялал жуулчлалын менежментийн салбар бол 2007, 2013, 2017 онд нийт 1500 дотоодын аялагчдаас судалгаа авсан.

Судалгааны дүнгээр Монголын дотоодын аялал жуулчлал хөгжлийн шинэ шатанд гарсан гэж үзэж байна. Дотоодын жуулчид ихэвчлэн байгалийн үзэсгэлэнт газраар буюу уул, гол орчимд танилцах аялал хийдэг. Өмнө нь монголчууд хөдөө орон нутгаар хамаатан саднындаа хямд үнээр аяладаг байсан бол сүүлийн үед эдийн засгийн хямралтай байсан ч дотоодын аялагчдын тоо буураагүй нь гайхширал төрүүлж байгаа. Магадгүй энэ нь монголчуудын үрэлгэн зантай холбоотой. Мөн жилийн төрөлтийн тоо 60 мянгаас буураагүй нь залуу гэр бүлийн аялалын давтамж өөрчлөгдөх шалтгаан болж байна.

Бага насны хүүхэдтэй залуу гэр бүлийн хувьд богино зайд ойр ойрхон аялал хийдэг.  Түүнчлэн өвлийн улиралд утаанаас зугтааж аялах болсон. Жишээ нь,  XIII зуун, Цонжин болдог Чингис хаан цогцолборыг үзэх үзэгчдийн тоо нэг жилийн дотор эрс өссөн. Түүнчлэн эдийн засаг буурахад холын зайн аялал монголчуудын дунд нэмэгдэж байна. Тухайлбал, Хөвсгөл далайг 2016 онд 31 мянган зорчигч зорьсон бол 2017 онд 61 мянга болж өссөн дүнтэй байгаа юм. Энэ нь дэд бүтцийн хөгжлийг дагаад холын зайн аялалд аялах иргэдийн тоо өссөн нь монголчуудын эдийн засгийн байдал сайжирсныг харуулж байна. Статистик мэдээгээр 2017 онд хоёр сая илүү иргэн дотоодын аялал жуулчлалыг хийсэн нь маш өндөр үзүүлэлт юм. Энэ нь орон нутагт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг өсгөж байна.

                            МОНГОЛЫН ЗҮҮН БҮС ДЭЛХИЙД ЦОР ГАНЦ ОНГОН ДАГШИН БАЙГАЛИАРАА ҮЛДСЭН

МУИС-ын Газарзүйн профессор  багш доктор Д.Амартүвшин: 

Газарзүйн чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын тоо жил ирэх тусам цөөрч байна гэсэн статистик мэдээлэл бий. Энэ нь дунд сургуульд газарзүй үзэх хичээлийн цаг багассантай холбоотой. Аялал жуулчлалын үндсэн суурь нь гадаад хэл, газарзүйн үндсэн суурь мэдлэгтэй байж менежментийн чиглэлд мэргэшсэнээр бид аялал жуулчлалын салбарт мэргэжилтэн болно.

Монголын аялал жуулчлалыг ирээдүйд өргөн утгаар нь хөгжүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд ерөнхий боловсролын сургуульд газарзүйн хичээлийн цагийг уртасгах шаардлагатай байна. Түүнчлэн аялал жуулчлалыг өөр өөрийн гэсэн онцлог төрхтэйгөөр хөгжүүлэх хэрэгцээ бий. Өргөн уудам нутагтай Монгол улсын хувьд ой тайга, тал хээр, говь цөлийг богино хугацаанд нэг дор үзэх боломжтой гэдгээрээ дэлхийн бусад орнуудаас ялгардаг. Иймд аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ бусдаас ялгарах ёстой. Ингэж чадвал давтан ирэх жуулчдыг татаж чадна.

Сүүлийн жилүүдэд дотоод болон гадаадын аялагчид  зүүн бүсийг сонирхож аялах хандлагатай байна гэж харж байгаа. Энэ бүс нутагт аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Байгаль экологи, түүхэн талаас нь авч үзвэл маш сонирхолтой бүс юм.  Учир нь Сибирийн их тайгын өмнөд төгсгөл Хэнтийн нуруугаар тасалбар болдог. Байгаль экологийн хувьд дэлхийд цор ганц үлдсэн хамгийн онгон дагшин том хэмжээтэй тал гэж үзэж байна. Дорнын тал нутаг ч бас Монголын зүүн бүсэд хамаардаг. Нөгөө талаасаа Хэнтий аймаг эзэн Чингис хааны өлгий нутаг гэдэг утгаараа түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Хөрш зэргэлдээ Орос, Хятдад монгол угсаатнууд амьдарч байгаа учраас эзэн Чингисийн нутгаар аялах сонирхолтой байдаг.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогын зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалангаас дараах зүйлийг тодрууллаа.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурлаар аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ салбарыг хөгжүүлэхэд дэд бүтцийн салбарт төрөөс ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

– Бид аялал жуулчлалын салбарын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Энэ салбар нь байнга хөгжиж байдаг. Бусад салбартай харьцуулахад судалгаа нь элбэг байдаггүй. Өнгөрсөн онуудад хийсэн судалгааг дүгнэж ярилцаад салбарын тулгамдаж байгаа асуудлыг судалгаагаар хамарч чадаж байна уу гэдгийг хэлэлцэж байна.

Бодит судалгаан дээр тулгуурласан ажлыг хэрэгжүүлэхэд үр дүнгээ өгсөн арга хэмжээ болж байна гэж үзэж байна. Аялал жуулчлалын салбар хөгжихийн тулд маш олон салбараас хараат байдаг. Хамгийн гол нь дэд бүтэц, үйлчилгээний чанар, визний асуудал байна. Эдгээрийг шат дараатай шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтэд Монгол улс 136 орноос 102-т эрэмбэлэгдэж байгаа юм. Бусад орнуудаас доогуур жагсах болсон шалтгаанд агаарын тээврийн дэд бүтэц, газрын боомтын дэд бүтэц, аялал жуулчлалын дэд бүтэц аялал жуулчлалын олон улсад нээлттэй байдал зэрэг үзүүлэлт байгаа. Энэ асуудлуудыг шийдвэрлэснээр бид өрсөлдөх чадвараа дээшлүүлж, жуулчдын тоог нэмэх, аялал жуулчлалын салбараас үүсэж гарах сөрөг нөлөөллийг багасгана. Улмаар нийгэм эдийн засагт эерэг нөлөөллийг бий болгох боломжтой.

– Монголыг зорих жуулчдын хувьд визний асуудалтай нүүр тулдаг. Хэт үнэтэй байдаг нь энэ салбарын тулгамдсан асуудлын нэг болов уу. Агаарын тээврийн асуудлыг шийдвэрлэхэд юуг анхаарах ёстой вэ?

-Агаарын тээврийн асуудлыг шийдвэрлэхэд нэн тэргүүнд олон улсын нислэг буулгадаг зургаан онгоцны буудалтай болох шаардлагатай байна. Мөн аялал жуулчлалын эрэлт хэрэгцээнд нийцсэн төмөр замын трансыг бий болгох, жуулчид явж байгаа гол чиглэлийн дагуу авто замын төлөвлөлтийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр Зам тээврийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам хамтарсан төлөвлөгөө гаргасан байгаа. Монгол улсад  ирэх жуулчдын визний үнийг аль болох хөнгөлөлтэй нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Ингэснээр жуулчид тухайн орныг аялахаар сонгох шалтгаан, сэдэл нь нэмэгддэг. Одоогоор Монгол улсад 20 орчим улс визгүй зорчиж байгаа юм. Тухайн жуулчин заавал биеэрээ очиж виз мэдүүлэхдээ 14 болон 30 хоногийн өмнө ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж бид цахим визийг нэвтрүүлбэл энэ асуудал шийдэгдэнэ. Өнөөдрийн байдлаар нислэгийн суудлын тоо бага болохоор виз үнэтэй байна гэж бид харж байна. МИАТ хүчин чадлаа өсгөж, онгоцны суудлын тоог нэмэгдүүлбэл нислэгийн үнэ буурах боломжтой. Нөгөөтэйгүүр бид зөвхөн Улаанбаатар гэдэг орцоор оролгүй богино зайн нислэг хийсэн тохиолдолд визний үнийг буулгах нэг боломж бий. Одоогоор Манжуур луу нислэг хийж байна. Хэрэв аймгууд руу олон улсын нислэг буулгадаг болчихвол илүү хямд үнээр зорчих боломж бүрдэнэ. Тиймээс зургаан онгоцны буудлыг олон улсын статустай болгохоор төлөвлөөд байгаа юм.

– Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх гол тулгуурын нэг нь бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээрээ ялгарч, үйлчилгээгээ сайжруулах хэрэгцээ шаардлагатай байна гэж салбарын мэргэжилтнүүд харж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

–  Бид бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарал гэдэг асуудлыг ярих шаардлагатай болж байна. Одоогийн байдлаар Монгол улсад өндөр үр өгөөжтэй жуулчид Улаанбаатар хотод олон улсын агаарын тээврээр ирээд Нийслэлээс Хөвсгөл, Хангай, төвийн аймгууд болон  говь зэрэг чиглэлээр илүү аялж байна. Гэтэл аж ахуй нэгж компаниуд өөр хоорондоо ялгарах бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож чадахгүй байна. Тиймээс судалгаануудаар бид хэрхэн өөр хоорондоо ялгарах вэ гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. Үүнээс гадна дотоодын аялал жуулчлалаас  гадна олон улсын аялал жуулчлалын салбарт бусад улс орнуудтай хэрхэн хамтрах юм гэдэг асуудлыг өнөөдөр ярина. Өнөөдөр Монгол улсад орж ирж байгаа агаарын тээврийн зорчигч урсгал 690 мянга байдаг.  Энэ суудлын 300 мянга орчим нь зорчигч тооцвол хагас хувь нь дотоодын иргэд байна. Тэгэхээр бид даацаа нэмэхгүйгээр жуулчдын тоог нэмэх боломжгүй.

– Засгийн газар 2020 онд жуулчдын тоог нэг саяд хүргэх тооцоог гаргасан. Үүнийг дагаад эдийн засгийн үзүүлэлт сайжирна гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ салбараас хэчнээн төгрөгийн ашиг олсон бэ?

– Аялал жуулчлалын салбар 2017 онд дотоодын эдийн засагт 400 орчим сая ам.долларын орлого оруулсан байна. Энэ тоог оны эцэс гэхэд 500 гаруй сая ам.долларыг дотоодын эдийн засагт төвлөрүүлэх төлөвлөгөө бий. Тэгэхээр энэ эдийн засгийн үр өгөөжийг 2020 он гэхэд нэг тэрбум ам.долларт хүргэх боломжтой. Яагаад гэвэл дэлхий даяар аялж байгаа хүний тоо 1.3 тэрбумд хүрсэн. Үүнээс гадна дэлхийн зах зээлд аялал жуулчлалын салбарт эргэлдэж байгаа орлогын хэмжээ нь 10 их наядад хүрсэн. Ази Номхон далайн орнууд дунд жилд 300 орчим сая жуулчин аялж байхад бид энэ том эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн хүртэх вэ гэдэгт хамгийн гол нь бүх судалгааны ажлуудын гол үр дүн гарах болов уу гэж харж байна.

– Зуны улиралд Монголыг зорих жуулчдын тоо илүү их байдаг. Тэр тусмаа Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхох гэсэн жуулчид долдугаар сард голдуу ирэх хандлагатай байдаг. Гэтэл төв цэнгэлдэх хүрээлэнд жуулчдад зориулсан суудал хүрэлцдэггүй, тасалбар олддоггүй гэх асуудал гардаг. Монголд чанар стандартад нийцсэн цогцолбор хэр их бий вэ?

– Аялал жуулчлалын оргил үе долоодугаар сар байдаг. Энэ үед Монгол улсад 90 орчим мянган жуулчин ирдэг. Энэ жил 11 мянган жуулчин наадам үзэхээр аялал жуулчлалын компаниар дамжуулан хүсэлтээ хүргүүлсэн байдаг. Ирэх жил бид наадмын нээлтийг хийхдээ жуулчдад ээлтэй байдлаар хийх, суудлын тоог нэмэгдүүлэх талаар Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд дээрх асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Одоогоор албан ёсоор цогцолбор барих ажлыг Хэнтий аймгийн Дадал суманд Мянганы суут хүн их Чингис хаан нэртэйгээр эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан. Энэ нь сүүлийн жилүүдэд Хэнтийн аймгийг зорих жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбоотой. Эл цогцолбор нь хөрш зэргэлдээ орнуудад амьдарч байгаа монгол угсаатны жуулчдын тоог нэмэгдүүлэх, зүүн бүсийн аймгуудыг аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх, зуны улиралд бус өвөл хаврын улиралд ч жуулчдыг татах үйл ажиллагаагаа явуулах зорилготой юм. Энэ нь үр дүнгээ үзүүлэх байх гэж найдаж байна. Бид өвлийн эвентүүдэд зориулсан аялал жуулчлалыг зохион байгуулж байгаа.

– Гадаадын жуулчдаас гадна дотоодын жуулчдыг анхааралгүй орхиж болохгүй байх. Энэ талаар хэр анхаарал хандуулдаг бол?

– Сүүлийн жилүүдэд дотоодын жуулчдын тоо өсч байгаа. Энэ хэрээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их болсон. Тиймээс цаашид иргэдэд аялах боловсрол олгох тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр өвөл, хавар, намрын улиралд эвентүүдэд суурилсан аялуулах талаас их анхаарч ажиллаж байна. Тэмээний баяр, мөсний баяр, нүүдэлчдийн өвлийн наадамд дотоод гадаадын 20 орчим мянган жуулчин очдог болсон. Тиймээс аль болох хавар намар, өвлийн улиралд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхээр илүү анхаарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж