Энэ удаагийн дугаарын зочноор Монгол Улсын консерваторийн бүжгийн багш, “Эрхэмсэг” бүжгийн хамтлагийн ахлагч, бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан С.Цэцгээг урилаа.
–Шинэ оны босгон дээр “Эрхэмсэг” хамтлагийн бүсгүйчүүд “гэнэтийн бэлэг” барихаар зэхэж байгаа тухай дууллаа?
-“Эрхэмсэг” хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 6-нд дөрөв дэх удаагийн тоглолтоо толилуулахад бэлэн боллоо. Шинэ оны босгон дээр эрч хүч, инээд хөөрийг бид түгээх болно.
–Өмнөх тоглолтууд гал цогтой, илүү шоу хэлбэрийг агуулсан байсан. Харин энэ удаад?
-Манай хамтлагийнхан бүгд мэргэжлийн бүжгэн жүжигчин. Урлагийн ууган байгууллагын нэг болсон Үндэсний урлагийн их театрын гоцлоочид. Миний хувьд Монгол Улсын консерваторид багшилж байна. Тиймээс энэ удаад өөрсдийгөө өөр өнцгөөс харуулахыг зорьсон. Мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан бүтээлээс гадна ардын бүжгийг түлхүү орууллаа. Гэхдээ ардын урлагаа илүү орчин үе, модерн урсгалаар илэрхийлж буйгаараа онцлог.
–Энэ удаагийн шинэ бүтээлийн ихэнх нь таны дэглэсэн бүжиг гэж сонссон?
-Тоглолтын 90 хувь нь миний дэглэсэн бүтээлүүд. Надаас гадна Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч, миний хань Х.Хашхүү хоёр шинэ бүтээлээр бэлэг барина. Мөн тайз, дэлгэцийн найруулагчаар ажиллаж байна.
–Таны дэглэсэн “Цэцэгс” фламинго бүжиг тоглолтод багтсан уу. Үнэхээр гайхалтай уран бүтээл шүү?
-Тоглолт хоёр хэсгээс бүтсэн. Үүнээс гадна хамтлагийн зарим уран бүтээлээс сорчилж оруулснаараа онцлог. Манай хамтлагийг үзэгчид “Цэцэгс” бүжгээр илүү мэддэг. Одоогоор 200 гаруй тоглолтод бүжиглэсэн байна. Энэ удаа ч тоглолтын хөтөлбөрт багтсан.
–Та энэ цагийн шинэ, шилдэг, эмэгтэй бүжиг дэглээчдийн нэг. Таны бүтээлийг харахад илүү эмэгтэйлэг чанар үнэртэх шиг санагддаг юм?
-Бүтээлээрээ эмэгтэй хүний гоо сайхныг магтан дуулахыг хүсдэг. Би өөрөө эмэгтэй хүн мөртлөө сайхан бүсгүйг хараад өөрийн эрхгүй “ямар гоё юм бэ” гэж уулга алддаг. Түүн шиг болохыг хүсдэг. Тэгэхээр гоо сайхан байдал хүнд сэтгэлийн таашаалыг бэлэглэдэг юм. Бүжгээр хүмүүст гоо сайхныг түгээхийг хүсч байна.
–Үндэсний урлагийн их театраас хөгжмийн “Хөсөгтөн” хамтлаг төрсөн байдаг. Харин бүжгийн хамтлаг гарсан гэж сонсоогүй. “Эрхэмсэг” хамтлаг анхдагч нь байх аа?
-Би 2012 онд ОХУ-д сургууль төгсөөд ирсэн. Дипломын ажлаар модерн бүжгэн жүжиг, концертийн номер тавих болсон юм. Юу хийх вэ гэж их бодсон. ОХУ-д сурахдаа фламинго сурсан нь давуу тал болсон. Хэдийгээр жаахан айдастай байсан ч “Цэцэгс” бүжгийг хүмүүс их сайхан хүлээж авсан. ОХУ руу диплом хамгаалаад иртэл С.Сүхбаатар багш маань Улсын Филармонийн өвөл цагийн нээлтийн тоглолт болох гэж байна. “Цэцэгс” бүжгээрээ оролцооч гэсэн санал тавьсан. Бидний тайз руу гарах ээлж болчихсон зогсч байтал хөтлөгч бүжгийн “Эрхэмсэг” хамтлагийг урьж байна гээд зарлачихдаг юм байна. Бид гайхаад л. “Эрхэмсэг” гэж ямар хамтлаг байдаг юм бол гэтэл Сүхээ багш гараач гээд дохиод байдаг. Ингэж л анх багшийнхаа хайрласан нэрээр хамтлаг болж тайзан дээр гарсан түүхтэй.
-“Эрхэмсэг” охидыг өнөөдрийг хүртэл зангидаж байгаа гол хүчийг юу гэж боддог вэ?
-Бид Хөгжим бүжгийн коллежийн сурагч байхаасаа л бие биеэ танина. Бараг 20 гаруй жил энэ урлагт бие, сэтгэлээ зориулж байна. Анх тайланд маань Э.Номин, М.Бямбаа, Ариунжаргал нар оролцож байсан. Тун удахгүй Мандухай, Энхболор маань ирж бид нэг л мэдэхэд нэг сэтгэлтэй болчихсон.
–Та ОХУ-д боловсрол эзэмшсэн. Энэ тухайгаа яриач?
-Би Үндэсний урлагийн их театрт 2002 онд бүжигчнээр орсон. Таван жил бүжиглээд, 2007 онд ОХУ-д сургуульд сурахаар явсан юм. Хэдийгээр ид бүжиглэх нас гээд жаахан дургүй байсан ч итгэл хүлээлгэсэн багш нарынхаа урмыг хугалахыг хүсээгүй. Чуулгын эгч нар намайг ядахдаа гурван сар тэсчихээд ирээрэй гэж захиж байсан юм. Би өөрөө ч гурван сар болчихоод л буцна гэж бодсон. Гэвч би ингээд буцчихвал хүмүүс “чуулгын Цэцгээ арчаагүй болохоор буцаад ирчихэж” гэж хэлэх байх гэж бодоод хичээсэн. Уг нь бүжгийн багш мэргэжлээр сурахаар очсон ч хэл тааруу байсан учир ойлголцож чадахгүй орчин үеийн бүжгийн найруулга, бүжиг дэглээч, багшийн ангид орчихсон.
–Чуулга байхаас нь эхлээд театр болтол нь ажилласан уран бүтээлчийн урын сан арвин болсон байх даа?
-Бүтээлүүдээс онцолвол “Мэргэнд буусан чоно” бүжгэн жүжгийн Модуны дурлалт бүсгүй, “Монголын их хатад” бүжгэн жүжгийн Гоо маралын дүрийг бүтээж байсан. Гоо маралын хувьд домог, түүхийг нь л сонсч байснаас бүжгээр илэрхийлнэ гэдэг амаргүй байсан. Ер нь есөн хатанд бүжиглэсэн охид их тэвчээр гаргаж байсныг санаж байна. Тоглолтын дараа бүгд тэврэлдэж уйлаад л.
–Таны бүжигчин болох хүсэл хаанаас эхтэй юм бэ. Хүүхэд насны мөрөөдөл байв уу?
-Манай удамд бүжигчин хүн байхгүй. Эмээ минь дуулдаг, шанз хөгжим тоглодог, урлагийн мэдрэмжтэй хүн байсан. Харин бүжигчин болох сэдлийг анх ээж минь төрүүлсэн. “Ардын дуу бүжгийн чуулга”-ын тоглолтыг үзүүлээд, миний охин бүжигчин л болох юм байна гэж хэлж байсан. Тэр тоглолт дээр “Ээрүүлт” бүжгийг үзсэнээ одоо ч мартдаггүй.
–Анх тайзан дээр, үзэгчдийн өмнө бүжиглэхэд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Анх сургуулиа төгсөөгүй байхдаа “Нарны домог” бүжгэн жүжгийн олны хэсэгт оролцож байсан юм. Тэр тайзнаас үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж, эрч хүчийг авсан. Тэр үеэс л чуулгын бүжигчин болъё гэж шийдсэн.
–Үндэсний урлагийн их теартын бүжигчин болохын тулд ямар байх ёстой юм бэ?
-Бүжигчний мэргэжлийг сонгосон бол хамгийн эхэнд хөдөлмөрч байх ёстой. Энэ салбарт хөлсөө дуслуулж байж л амжилтад хүрдэг. Өөрөө багшилж байгаа учир шавь нартаа ингэж л хэлдэг.
–Жүжигчин хүнд мөрөөдлийн дүр гэж байдаг. Харин бүжигчин бүсгүйн хүч сорихсон гэж хүсч, мөрөөдөж явдаг дүрийг сонирхмоор байна?
-Би гол дүрд шунаж байсангүй. Харин Зууны манлай бүжиг дэглээч, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Сэвжид багшийн дэглэсэн “Ээрүүлт” бүжгийн хамгийн урд зогсч бүжиглэдэг эмэгтэйд, “Нарны домог” бүжгэн жүжгийн таван ухааны цагаан хувцастайд л бүжиглэхсэн гэж хүсдэг байсан. Би мөрөөдлөө биелүүлсэн.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ