У.Хүрэлсүхийн танхимын хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн танхимын хэн нь хэн бэ?

У.Хүрэлсүхийн танхимын хэн нь хэн бэ?

Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-ын чуулганаар ид хэлэлцэгдэж байна. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим зуун хувь давхар дээлээс бүрдсэн. Одоогоор танхимын нь нэг сайдын асуудал шийдэгдээгүй байгаа. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны томилгоо УИХ дээр хүлээгдэж байгаа. Ингээд өнөөдөр хувь заяа нь хэрхэх нь тодорхойгүй байгаа Ардын засгийн танхимын сайд нарыг сайн муутай нь танилцуулъя.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

Мэргэжлийн засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан тэрбээр Ж.Эрдэнэбатыг огцруулсны дараа өөрөө Ерөнхий сайд болж дэвшсэн. Жилийн өмнө Ж.Эрдэнэбатын туулсан зовлонг тэр өнөөдөр бие сэтгэлээрээ мэдэрч яваа. Ямартай ч одоогоор намдаа болон төрдөө их цэвэрлэгээ хийхээр эрс шулуудсанаа удаа дараа илэрхийлж буй. Жаран тэрбум, олигархиудтай тэмцэнэ гэх түүний үг хар масст таалагддаг. Харин МАН-ынхны зүгээс намаа хамгийн хүнд үед хаяж явсан гэж буруутгадаг. ЖДҮ идсэн сайд нартайгаа, намын удирдлагуудтай хариуцлага тооцож чадахгүй байгаа учраас түүний засгийг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна.

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН

М.Энхболдтой намын даргын төлөө нэгэн цагт өрсөлдөж байсан. УИХ-ын гишүүнээр таван удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр гурван удаа томилогдон ажиллаж байгаа. Засгийн газрыг огцруулах эсрэг байгаа. Давхар дээлтэй сайд.

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗГХЭГ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Үе, үеийн ЗГХЭГ-ын дарга нараас хамгийн мэдрэмжгүй, тааруухан нь гэхэд буруудахгүй.  Баянхонгор аймгаас сонгогдсон тэрбээр УИХ-д гурвантаа сонгогдож байгаа. МАН-ыг эрх мэдлийн гадна байх үед гадаадад амьдарч байсан бол Засгийн гал тогоог хариуцаж байна.  Өдгөө 33 гэх Ерөнхий сайдын бүлэглэлийн гол хүмүүсийн нэг.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ

"Цаг нь болохоор дэлгэнэ" гэх ганц үгтэй. Зурагтгүй, түрээсийн байранд амьдардаг шударга сайд маань "Эрдэнэтэд хоёр тэрбумын шахаа хийхэд нь хүүдээ утсаар ярьж өгсөн" гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Улс төрийн хувьд МАН-ын гэхээсээ "Увс" фракцийнх. ЗХУ-ын Ленинград хотын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн тэрбээр насаараа хууль баталж яваа хүн. "Хөнжилдөө хууль зассан" гэх асуудлаасаа болоод УИХ-ын даргын сэнтийгээс бууж байсан удаатай.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

Хотгор шанагын уурхайг солонгосчуудад зарсан гэж Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний Тамгын газрын дарга З.Энхболд нар ярьдаг.  Түүний томилгоонд Ерөнхийлөгч хориг тавьж байсан бөгөөд одоо ч  харшилтай. Харин Ардын засгийн газрын гишүүдээс хамгийн мундаг багтай сайд.  У.Хүрэлсүхийн танхимын гол ноён нуруу гэж хэлэхэд буруудахгүй. Эрдэм шинжилгээний ажилтнаас гараагаа эхэлсэн тэрбээр  УИХ-д гурван сонгогдож, Засгийн газрын сайдаар хоёр удаа ажиллаж байна.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД

Батлан хамгаалахын сайд тэрбээр 2000 оноос эхлээд тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Гурван удаа Засгийн газрын сайдаар ажиллаж байгаа. Өмнө нь 32 бүлэгт харьяалагдаж байсан бол өдгөө 33-ын бүлэгт "урвасан". Засгийн газрыг огцруулахын эсрэг байгаа давхар дээлтэй сайд юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН

Арван хувийн гэж улстөрчид хочилдог.  МАН-аас гарч МАХН-д урваж байсан. Дараа нь Н.Энхбаяраасаа урваж М.Энхболд руу очсон. Өдгөө М.Энхболдоос урваж У.Хүрэлсүхийг дагах болсон. Ардын засгийн газрын  сайд нараас огцрох шаардлага аль хэзээний хангасан хүн бол Эрчим хүчний сайд.  Түүний үед ТЭЦ-4 бүтэн өдөр тэг зогсолт хийсэн. Өгсөн тайлбар нь "ажилтны буруугаас болсон" гэх үг.  Мөн туслахдаа компани байгуулж, тендер авсан гэх дуулианд өнгөрсөн хавар нэр холбогдож байсан. Улстөрчийн хувьд төдийлөн нэр сайтай хүн биш.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА

Засгаа огцруулахын эсрэг гарын үсэг зурсан ганц сайд. Үүнээсээ болоод багагүй баалуулж яваа. УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон. ЖДҮ-тэй нэр холбогдоогүй Ардын засгийн цөөхөн сайд нарын нэг.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Я.СОДБААТАР

ЖДҮ-гээс хоёр тэрбумыг авсан. Тиймээс түүнтэй хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шахаж байгаа. "Эхнэрийн компани авсан байсан" гэх үгнээс өөрөөр тайлбар хийгээгүй. ЖДҮ-гээс болж огцрох асуудлыг нь хэлэлцэж буй Засгийн газрыг огцруулах гэсэн гарын үсэг зурсан.  Түүний өмнө Зам тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байсан бөгөөд хариуцсан яам дээр нь хүн амины хэрэг гарсан гэх үндэслэлээр ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ

УИХ-д хоёронтаа сонгогдсон. Анх удаа Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаа. Ардын засгийн хоёр эмэгтэй сайдын нэг.  Түүнийг 33 бүлгийн хүн гэдэг. Ж.Эрдэнэбатын засгийг огцруулах гарын үсэг зурж, дараа нь өөрөө сайд болсон.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР

Сү.Батболдын фракцынх. Ж.Эрдэнэбатын засгийг огцруулах кноп дарсан. Ц.Мөнх-Оргилын оронд Гадаад харилцааны сайд болсон. УИХ-ын гишүүнээр нэг удаа сонгогдсон. Харин гурван удаа сайд хийж байгаа.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР

Бөхийн өргөөгөө Төрийн ордноор сольсон бөхчүүдийн нэг. Үндэсний бөхийн аварга цолтой тэрбээр УИХ-д хоёронтаа сонгогдсон, анх удаа засгийн сайдаар ажиллаж буй. Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, нийслэлийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын тэргүүн гээд олон давхар дээлтэй. Мэргэжлийн Засгийн газрыг огцруулж дараа нь сайд болсон.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД

ЖДҮ-ээс хувийн компанидаа 3 тэрбумын 3 хувийн хүүтэй зээл авсан асуудлаасаа болж Б.Батзориг суудлаасаа огцорсон. Тэрбээр засгийг огцруулах асуудал хэлэлцсэн чуулганы хуралдаанд оролцохгүйгээр гадагшаа явсан. Түүний оронд Ч.Улааныг нэр дэвшүүлж, УИХ-аар хэлэлцэх асуудал хүлээгдэж байгаа. Хэрэвзээ Засгийн газар огцрохгүй үлдвэл Ч.Улаан ХХААХҮ сайд болох нь дамжиггүй бизээ.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ

Ардын намын үед албан тушаалаас салдаггүй хүн бол С.Чинзориг. Энэ салбарыг хоёр ч удаа толгойлж байгаа. Чимээгүй мөртлөө хамгийн их "но-той" хүн гэж улс төрийн хүрээнийхэн харддаг. Дуугүй хүний доодох нойтон гэлцэх нь ч бий. Ямартай ч өмнөх засгаа огцруулсан кнопныхоо шанд хоёрдугаар ээлжинд хоолонд орсон.

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДАД Х.БАДЕЛХАН

ЖДҮчин сайд нарын нэг. У.Хүрэлсүхийн танхимын хамгийн муу сайд. Хариуцсан салбар нь бараг дампуурч, ипотекийн зээл олголт Х.Баделханы үед л зогсч байна. Мөн л өмнөх засгаа огцруулах кноп дарснаар сайдын сэнтийгээр шагнуулсан нэгэн.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДАД Н.ЦЭРЭНБАТ

Ждүчин сайд Н.Цэрэнбатыгаа явуулахыг МАН-ын 32-ын бүлгийнхэн, АН-ын бүлгийн 5 шаардаж байгаа. Даанч У.Хүрэлсүх танхимын сайд нартайгаа хариуцлага тооцож чадахгүй хамаагүй хүмүүст сэлмээ сугалсан нь засгаа огцруулах асуудлыг өдөөсөн.  Айлуудын янданд шүүлтүүр тавьж мөнгө угаах санаархал нь бүтээгүй. Харин ЖДҮ идсэн баримт нь хар дээр цагаанаар зурагдсан.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж