Сирийн иргэн Хассан Аль Контар Малайзын нисэх онгоцны буудлын транзит хэсэгт гацаж, тэндээ долоон сарын турш амьдарсан байна.
Орчин цагийн Одиссей гэж болох тус Сирийн иргэн нөхцөл байдлаа цахим орчинд бичиж, гадаад ертөнцөөс тусламж хүссэний эцэст “Бритиш Колумбиа Мусульманы нийгэмлэг” болон “Канадын халамжийн нийгэмлэг”-ийн ачаар Лхагва гаригт /2018.11.28/ Канадын Ванкувер хотноо очиж чаджээ. “Эрх чөлөөтэй болсон эхний өдрөө халуун шүршүүрт орж, цэвэр агаар амьсгалан, Ванкуверийн гудамжаар алхахыг хүсэж байна” хэмээн тэрбээр хэлсэн аж.
Малайзын хорих газарт хоёр сар хоригдож, Куала Лумпурын нисэх онгоцны буудлын транзит танхимд долоон сар гацсаны эцэст Канадад хөл тавьж байгаа нь энэ юм.
Сирийн иргэн Хассан Аль Контар нь 2006-2012 онд АНЭУ-ын даатгалын компанид ажиллаж байсан ч Сирид иргэний дайн дэгдсэний дараа ажиллах эрх нь цуцлагдан, эх орондоо буцахаас өөр аргагүй болсон байна. Гэсэн ч тэрбээр буцаж явахыг хүсээгүй тул 2016 оныг хүртэл АНЭУ-д хууль бусаар амьдарчээ. Хууль бусаар дөрвөн жил амьдарсны эцэст цагдаа нарт баригдсан ч азаар суллагдаж, шинэ гадаад паспорт аван, Турк руу явахаар зэхэж байжээ. Харин Малайзад дамжин нислэг хийх үеэрээ баригдаж, Куала Лумпурын онгоцны буудлын транзит танхимд гацсан аж. Азаар сайхан сэтгэлт хүмүүс, байгууллагын ачаар Канад руу явах урилга авсан байна.
Онгоцны буудалд амьдарсан долоон сар түүний ертөнцийг үзэх үзлийг бүрэн өөрчилсөн, “бууж өгөх бол сонголт биш, харин хийж буй зүйлдээ итгэл алдан, хангалттай хичээхээ больсны үр дагавар юм" хэмээн тэрбээр хэлжээ. Хассан Аль Контарыг Канадад газардсаны дараа түүнд амьдрах байр, ажиллах газар олж өгсөн “Канадын халамжийн нийгэмлэг”-ийн ажилчид угтан авсан байна. Тэрбээр дүрвэгчийн статустайгаар Канадад амьдрахаар болжээ.
Эх сурвалж: CNN