БНСУ-тай түншлэлийн харилцааг шат ахиулах цаг ирсэн | News.MN

БНСУ-тай түншлэлийн харилцааг шат ахиулах цаг ирсэн

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

БНСУ-тай түншлэлийн харилцааг шат ахиулах цаг ирсэн

БНСУ-тай түншлэлийн харилцааг шат ахиулах цаг ирсэн

Монгол Улс 1990 оны гуравдугаар сарын 26-нд БНСУ-тай дипломат харилцаа тогтоосон байдаг. Дипломат харилцаа тогтоох үед долоон сая гаруйхан байсан худалдааны эргэлт эдүгээ 200 сая ам.долларт хүрч, БНСУ нь манай улсын хувьд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын гуравдагч том орон болжээ. Тэгвэл өдгөө хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах цаг ирснийг судлаач, шинжээчид онцолж байна. Тухайлбал, доктор Б.Лхагваа илтгэлдээ Монгол БНСУ-ын өнөөгийн иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн түвшин рүү шат ахиулан хөгжүүлэх боломжтой гэсэн саналыг тус хоёр орны зүгээс бусад улс орнуудтай байгуулсан түншлэлийн харилцаатай харьцуулан нэлээд олон хүчин зүйлийг харгалзан дэвшүүлсэн юм. Харилцааг ийнхүү шат ахиулахын тулд юуны өмнө Чөлөөт худалдааны гэрээ (FTA), эсвэл Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах ажлыг эрчимжүүлэх, түүнчлэн хоёр орны гадаад харилцааны төрийн төв байгууллагуудын хооронд зөвшилцлийн тогтмол механизм (стратегийн яриа хэлэлцээр) бүрдүүлэх шаардлагатай байгааг тэрбээр онцлон тэмдэглэв. Түншлэлийн харилцаа нь хүйтэн дайны төгсгөлийн дараа олон улсын харилцаанд шинээр гарч ирсэн дипломат арга хэрэгсэл. Цаашид Монголын эдийн засгийн хөгжүүлэхэд БНСУ-тай тогтоосон стратегийн түншлэлийн харилцаа чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд ялангуяа сэргээгдэх эрчим хүчний нөөц баялгийн ашиглалт, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах боломжтой.

Солонгосын хойг дахь энхийн үйл явцын хэтийн төлөв болон Монгол, БНСУ-ын түншлэлийн харилцааг шат ахиулан хөгжүүлэх боломжийн тухай асуудлаар эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өнөөдөр “Blue Sky” зочид буудалд болж байна. Хэлэлцүүлгийг Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны судалгааны хүрээлэн, Батлан хамгаалах яамны эрдэм шинжилгээний хүрээлэн, Үндэсний аюулгүй байдлын хүрээлэн, Геополитикийн хүрээлэн зэрэг судалгааны байгууллагууд Улаанбаатарт суугаа БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгууллаа. Түүнчлэн “Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форум”, “Дипломатын академи”, “Цэнхэр сүлд”, “Монголын энхийн сан” зэрэг төрийн бус байгууллагууд дэмжин ажиллав.

Хэлэлцүүлгийг нээж Монгол улсад суугаа БНСУ-ын Элчин сайд Жон Жей Нам  үг хэлжээ. Энэ үеэр тэрбээр урьд нь Пеньяны цөмийн туршилтаас болоод хэрэгжиж чадаагүй ч, 2015 онд Монгол Улсын Засгийн газар болон Өмнөд Солонгосын Саммүг боомт, БНАСАУ-ын Ражин боомтоор дамжуулан тус улс руу нүүрс тээвэрлэхээр төлөвлөж байсныг дурдсан юм. Тэрбээр Монгол БНСУ-ын харилцааны асуудал нь Солонгосын хойгийн энх тайвны үйл явцтай холбоотой гэдгийг онцолсон.

Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээрийн механизмыг бий болгох саналыг тууштай дэвшүүлж ирсэн. Үүний хүрээнд Монгол Улсын санаачилсан Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын форум 2014 оноос хойш жил бүр зохион байгуулж ирлээ. Түүнчлэн Солонгосын хойгийн аюулгүй байдлыг энхийн замаар шийдвэрлэх хүрээнд Монгол Улсын санаачилгаар Хойд Солонгос-Японы  уулзалтууд, БНАСАУ-АНУ-ын уулзалт зэргийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж