Японы нисэх онгоцны ахмад 42 настай Кацүтоши Жицүкава аравдугаар сарын 28-ны өдөр Лондонгийн “Heathrow” нисэх буудал дээрээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 244 хүний суудалтай “Boeing 777” онгоцыг жолоодохоор завдаж байгаад баривчлагдсан билээ.
Түүний шүүх хурал өчигдөр /2018.11.29/ Английн Лондон хотноо болж Жицүкавад 10 сарын хорих ял оноожээ. Тэрбээр өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байна.
Онгоц хөөрөхөөс нэг цагийн өмнө нэгэн автобусны жолооч түүний хажуугаар зөрөхдөө нисгэгчээс согтууруулах ундаа үнэртэж байгааг мэдээд цагдаад хандсанаар түүнийг илрүүлсэн юм. Автобусны жолоочийн мэдээлсний дагуу цагдаа нар Жицүкаваг саатуулан тусгай төхөөрөмжөөр түүнийг шалгахад 100 мл цусан дахь спиртийн хэмжээ 189 мг гарсан байна. Хуулийн дагуу онгоцны нисгэгчдийн цусан дахь спиртийн хэмжээ 20 мг-аас хэтрэх ёсгүй юм.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ