Монгол Улсад ДОХ-ын халдвартай 653 хүн байх боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Монгол Улсад ДОХ-ын халдвартай 653 хүн байх боломжтой

Монгол Улсад ДОХ-ын халдвартай 653 хүн байх боломжтой

ХДХВ, ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр маргааш болох гэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагынхан өнөөдөр /2018.11.30/ мэдээлэл хийлээ.

Одоогоор Монгол Улсад ХДХВ, ДОХ-ын 267 тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулдаг энэ өдрийг Монгол Улс энэ жил “Яг одоо шинжилгээнд” уриан дор тэмдэглэж байна.

2017 ОНД 1.8 САЯ ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВЧ, 940 ГАРУЙ МЯНГАН ХҮН ДОХ-ЫН УЛМААС НАС БАРЖЭЭ

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн газрын халдварт бус өвчин хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ундармаа “Жил бүрийн энэ өдөр ДОХ-ын эсрэг дуу хоолойгоо нэгтгээд 30 жил болжээ. ХДХВ, ДОХ-ын тохиолдол буурч байгаа ч Төв Европ тэр дундаа ОХУ-д 49-өөс дээш хувиар нэмэгдсээр байна. Хэдийгээр манай улс төрийн болон хувийн хэвшил, түншлэлийн ажиллагаа хэрэгжүүлсний хүчинд ХДХВ, ДОХ-ын тохиолдлыг тогтоон барьж байгаа ч хөрш оронд тархалт өндөр байгаа нь анхаарлаа сулруулж болохгүйг харуулж байна. Дэлхийд 2017 онд 1.8 сая хүн шинээр халдвар авч, 940 гаруй мянган хүн ДОХ-ын улмаас нас барж байгаа. Харин Монголд 1992 онд ХДХВ-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 267 хүн энэ халдвараар оношлогдож, 42 нь нас бараад байна. Засгийн газар ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд онцгой анхаарч 2017 онд ДОХ-ын үндэсний хороо байгуулж, санхүүжилтийг нь тогтвортой нэмэгдүүлсний дүнд тодорхой үр дүнд хүрээд байна. Тухайлбал, ХДХВ-ийн тархалт багатай орны тоонд багтаж байна. Цус, цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр, эхээс хүүхдэд энэ төрлийн халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй. ХДХВ-ийн халдвартай 16 эхээс 24 хүүхдийг эрүүл төрүүлсэн. ХДХВ-ийн халдвартай хүний 43.5 хувийг оношилсон. Үүний 92.8 хувьд эмчилгээ хийж 95 хувийнх нь вирусийг дарангуйлж байна. Мөн бэлгийн замын халдварт өвчний шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байгаа” гэлээ.

ХДХВ-ИЙГ ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛСОН

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурийн төлөөлөгч Сергей Диордица “ДОХ-той тэмцэх өдрийг Монголд зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд хоёр дахь жилдээ оролцож байна. Дэлхий нийтээр энэ өдрийг энэ жил ХДХВ-ийн шинжилгээнд хамрагдахыг уриалж байгаа. Дэлхийн төвшинд ХДХВ-ийг эмчлэх боломжтой эм байгаа. Эрт илрүүлж, цаг хугацаандаа эмчилгээнд хамрагдвал эдгэрэх боломжтой болсон. Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зорилтод нэгдсэн. Өөрөөр хэлбэл, 2020 он гэхэд ХДХВ-ийн 90 хувийг илрүүлэх, 90 хувийг эмчилгээнд хамруулах, эмчилгээнд хамруулсан хүмүүсийн 90 хувийнх нь вирусийг багасгах гэсэн гурван зорилтыг дэвшүүлсэн байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс энэ зорилтоо биелүүлэхийг нь дэмжин ажиллана”

ДОХ-ЫГ ТЕСТЭЭР ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү “Дэлхий дахинд ДОХ-ын оношилгоог 90 хувь, ДОХ-ын эмчилгээнд хамрагдалтыг 90 хувь, эмчилгээний үр дүнг 90 хувь болгох зорилт тавьдаг. Харин манайд 40:91:90 гэсэн харьцаатай байгаа. Өөрөөр хэлбэл, илрүүлэлт 40 хувьтай байна гэсэн үг. Монгол Улсад ДОХ-ын халдвартай 653 хүн байх боломжтой гэсэн судалгааг бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынхантай хамтран гаргасан. Манайд эрт илрүүлэг дутагдалтай байгаа нь үнэн. Тиймээс бид түргэвчилсэн оношилгоог нэвтрүүлэхийг зорьж байна. Дэлхий дээр шүлснийхээ тусламжтайгаар ДОХ-ын халдвартай эсэхээ өөрөө оношлох боломжтой болсон. Энэ тестийг шүлсээр арчсанаар хоёр зураастай гарч байвал ДОХ-ын халдвартай гэсэн үг. Энэ тестийг ойрын хугацаанд оруулж ирснээр дээр дурдсан 600 гаруй хүн бүрэн оношлогдох боломжтой” гэлээ.

Өмнө нь ДОХ-ын эмчилгээнд маш олон төрлийн эм зэрэг хэрэглэдэг байсан бол одоо өдөрт зөвхөн нэг ширхэг эм уулгадаг болжээ. Энэ эм нь ДОХ-ын вирусийг устгаж, тоог нь цөөлж, дархлааг нь дэмждэг аж. Тиймээс эрт оношлогдож, эмчилгээндээ хармагдсанаар ямар нэгэн аюулгүй ажээ. Түүнчлэн ДОХ-ын вирустэй хүний эмчилгээг Засгийн газраас бүрэн даадаг бөгөөд нэг хүнд жилд таван сая төгрөг зарцуулдаг юм байна. Харин ДОХ-ын вирус тээгч иргэн жирэмсэлсэн тохиолдолд гэр бүлийн хүнийх нь хамт эмчлэхэд жилд гурван сая төгрөг зарцуулдаг гэнэ. Түүнчлэн Монгол дахь ДОХ-ын халдвартай хүмүүсийн 60 хувь нь 25-39 насныхан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж