Засгийн газрыг огцруулахыг дэмжсэнгүй
Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулъя гэсэн байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 54.8 хувь нь Засгийн газрыг огцруулахыг дэмжсэнгүй.
Засгийн газар огцруулахыг дэмжсэн 33, дэмжээгүй 40 гишүүний нэрстэй танилцана уу.
У.Хүрэлсүх: Би Ерөнхий сайдаар үлдсэн, үлдээгүй олон хүнд хариуцлага тооцно
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлаар гишүүд үг хэлж дууслаа.
Санал хураалт явуулахаас өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж байна. Тэрбээр “Нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьж өнөөдөр хэлэлцэгдэж байна. Засгийн газрыг үлдэх эсэхийг хэдэн минутын дараа шийдэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн зөндөө ажлууд бий. Хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлууд ч бий. Улсын түүх бүтээхэд нэг жил гэдэг хангалттай хугацаа биш ээ. Надад цаг хугацаа хэрэгтэй байгаа та бүхэн мэдэж байгаа. Би шударга ёсыг нийгэмд тогтоох, дэг журмыг бий болгоход бүх чадлаараа ажиллана. Мөн улсынхаа эдийн засгийг дээшлүүлэхэд хэчнээн ажиллана. Байр суурин дээрээ ч хатуу ажиллана. Парламентад сууж байгаа нэлээдгүй олон хүнд хариуцлага тооцно. Би Ерөнхий сайдаар үлдсэн, үлдээгүй ёс зүй, хуулийн хариуцлага тооцно” гэлээ. Насаа дуустал, ясаа цайтал би шударга ёсны төлөө би тэмцэнэ. Намайг бүлэглэлүүд худалдаж авна гэвэл худлаа. Мөн намайг айлгана гэвэл бүр худлаа шүү.
Удахгүй У.Хүрэлсүхийг огцруулах эсэхийг санал хураалтаар шийднэ.
Ш.АДЪЯАМАА
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан /2018.11.30/ үргэлжлэл
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан /2018.11.30/ үргэлжлэл
Posted by MNB Монголын Мэдээ on Friday, November 30, 2018
Ж.Батзандан: У.Хүрэлсүхийг авч үлдэхээс өөр сонголт алга
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Цөөхөн гишүүд үг хэлж дууссаны дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт эхэлнэ.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
Монголын төр ийм юм үзэх байсан юм байлгүй дээ, маш их харамсаж байна. ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийн асуудлыг хуулийн байгууллага эцэслэн шийдээд танилцуулах биз дээ. Ерөнхийлөгч, УИХ, Засаг гээд институци хоорондын асуудал болоод байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ыг тараах асуудлыг ярьсан. ЖДҮ-гийн асуудал далим боллоо. Хуулийн асуудал эцэслэгдээд ороод ирвэл яг номоор нь хандана шүү би, өмөөрөхгүй. Төрийг харахаар Их сургууль шиг харагдаад байгаа юм. Сургуулийн захирал нь Ерөнхийлөгч. Хамгийн аюултай нь хууль хяналтын байгууллагыг улс төрд оруулж байгаа асуудал руу эргэл буцалтгүй орлоо доо.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
Олон өдөр маргалдлаа. Эрх баригч намын хагаралдаан Монголын зовлон болж байна. Мундаг байсан учраас 65 суудал авсан гэж хэлж байна. Мундагт нь та нарыг сонгоогүй шүү. Хулгай хийхгүй байх гэж л сонгосон. Тухайн үеийн ардчилсан намын удирдлагуудад итгэл алдарсандаа та нарыг сонгосон юм. Гэтэл бас л сонголтгүй боллоо доо. Хэрэв У.Хүрэлсүх огцорвол дараагийн Ерөнхий сайд нь хэн байх уу гэж бодлоо гэвч хайгаад олсонгүй. Аргагүй эрхэнд У.Хүрэлсүхийг авч үлдэхээс өөр сонголт алга. Энэ хүн манангийн эсрэг зоригтой дуугарч чадаж байна. Энэ хүнд би баярлаж байгаа. Бизнес эрхлэгчид бизнесээ булаалгахаа больсон гэж ярих болсон нь У.Хүрэлсүхийн үр дүн. Гэхдээ У.Хүрэлсүх төгс хүн биш ээ. Хувьсгалт шинэчлэлтийн үед намаа боддоггүй юм аа. Харин эх орноо бодох ёстой. М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр хонгилыг бий болгосныг мэднэ. Монголыг мафийн бүлэглэлээс салгаж өгөөрэй та, Эдийн засгийн том реформ маргаашаас эхэлж байна шүү. Засгаа авч үлдчихээд маргааш тайвширч болохгүй шүү. Наадуул чинь маргааш вино барьчхаад тань дээр орно шүү, бүү итгээрэй. Та гаднын эдийн засгийг судлаарай.
УИХ-ын гишүүн Д.Ганболд
Сантай холбоотын асуудлын хүрээнд нэг л зүйлийг ард түмэнд ойлгуулахыг хүсч байна. Энэ бүхнийг Сангийн яам хянах үүрэгтэй. Хоёр сарын өмнө хянаад ийм байлаа гэж ярих гэхээсээ илүүтэй өдөр тутамдаа хянаж байх ёстой байсан. Зарим гишүүд хэлж байгаагаар Сангийн сайд ажлаа хийгээгүйгээс олон гишүүдээ ЖДҮ-тэй холбож цаашлаад зохион байгуулалттай гэмт хэрэг рүү түлхэж байна гэж байна. Шударга байя гэвэл давхар дээлээсээ салаач ээ. Хэн ч энэ талаар ярихгүй байна. Мэргэжлийн засгийн газар байгуулна гэсэн атлаа байгуулж чадаагүй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
2016 онд МАН-д ард түмэн 65 суудал өгсөн ч өнөөдөр хоёр хуваагдчихаад хэрэлдээж сууж байна. Тулга тойрсон хэрүүл хийгээд л сууж байна. Цаашид яаж явах вэ. Тиймээс би хэрүүл яримааргүй байна. УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах долоон үндэслэл тавьсан. Үүнээс өөр ярих зүйл бий. Эв нэгдлийн асуудал. Шударга ёсыг тогтооно гэж ярьсан Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэг байна. Гэхдээ улсынхаа хөгжлийг том зургаар хармаар байна. Бид олон том зорилтууд тавьсан. Энэ бүхэн өнөөдөр ажил хэрэг болж байна уу гэдгээ эргэн хармаар байна. Бид уг нь энэ бодлогын асуудлаа ярьж байх ёстой ч тэгж чадахгүй байна. Хоёрдугаарт, эв нэгдлийн асуудал. Асуудал байвал бид ярилцаад яагаад ярьж болдоггүй юм бэ. Эхний ээлжид бид ярилцах байсан ч эцэстээ хагарал хуваагдал боллоо. Сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж болохгүй ээ. Намын дарга эв нэгдлийг хангаж чадахгүй байна. Тийм болохоор Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй гэж бодож байна.
С.Жавхлан: Гуравдугаар ээлжийнхнийг би хоолломооргүй байна
УИХ-ын гишүүн С.Жавхлан:
Заваан зүйлдээ намайг хутгаад байх юм. Би бие даагч хүн шүү. Сонгогдох болохоороо үнсэлдээд энд орж ирэхээр алалцаад байх юм. Та нар одоо ажлаа хийгээч. Гуравдугаар ээлжийнхнийг би хоолломооргүй байна. Би та нарын тойргуудаар явна. Төрөө тогтвортой байлгах тухай олон хүн хэлж байна. Төр тогтвортой байсан нь дээр. Өнөөдөр энд ирээд шавж байгаагаа та нар хар. Та нар одоо эвлэлд. Дахин хэдэн нөхөр гарч ирээд дахиад л зээл авах уу. Та нарыг хөөж явуулахгүй, байлгаж байгаад хариуцлагыг нь тооцно. Дахин олон хүн хооллоод хэрэггүй байх. Миний ярьдагчлан ажлын байрыг нэмэгдүүлээд өгөөч ээ. Тойрогтоо үүнийг очиж хий, би очиж шалгана шүү. Бөхийн өргөөг онгойлго та нар. Энэ талцал бутрал хэзээ дуусах юм бэ. Өнөөдөр та нарыг эвлэлдэхийг хармаар байна. Монголын төрөөр бүү тогло.
УИХ-ын дарга М.Энхболд:
Засгийн газрыг УИХ томилсон. Засгийн газар УИХ-ын үүргийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл Засгийн газрын тэргүүн УИХ-ын үйл ажиллагаа явуулах эсэхийг ярина гэж байна. Улс эх орны тулгамдсан асуудлыг ярина гэхээр хариуцсан сайд орж ирэхгүй гурван долоо хоног гацааж байна. Байнгын хороо хуралдана гэхээр Засгийн газрын гишүүд ирц бүрэлдүүлэхгүй. Үүнээс болоод УИХ-ын нэр хүнд унаж байна. УИХ муу байж болно. Гэхдээ УИХ-ыг тарааж болохгүй. Гишүүд муу байж болно. Түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно. Мөн гишүүдийг хот хөдөөгийн, бизнестэй, бизнесгүй хэлж болохгүй. Ор үндэсгүй зүйлээр олон нийтийн дунд буруу ойлголтод төрүүлдэг зүйлээ болимоор байна. Би хууль хяналтын байгууллагыг дарамтлаад байдаг хүн биш.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
Ерөнхий сайд ярих болгондоо шударга ёс ярьж байна. Та Ерөнхий сайд болоод өнгөрсөн хугацаанд юу хийсэн юм бэ. Олигархуудыг одоо л харж байгаа юм уу. Сандал суудал ярихаар л олигархуудыг олж хараад байгаа юм уу. Юм ярихаараа л ард түмэнтэй хамт, шударга ёс гэж ярьдаг жүжгээ боль. Та 1.3 жил шоудаад дууслаа. Шуудай шуудай мөнгөөр та Пи-Ар хийж байна. Таны хуурамч хаягуудаас таныг магтан дуулж байна. Та УИХ-аас сонгогдсон. Юм ярих болгондоо гишүүдийг дарамталж байна. Танаас айгаад байх юм алга. Намайг шалга юу ч гарахгүй. Хангалттай шалгасан. Та ард түмний хөрөнгөөр 76 жижиг тойрогт өөрийнхөө хүмүүсийг бэлдэж байсан. 2016 онд МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс яг юу хэрэгжив. Та юу ч ярьж чадахгүй байна. Та нефтийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж гээд АН-ын үед яригдаж байсан зүйлийг л ярьж байна.
Я.Содбаатар: Ухаад ухаад надаас юм гарахгүй
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
Талцал хуваагдалд ард түмнийгээ чирээрэй гэж бидэнд мандат олгоогүй. Хөшигний цаана явагдаж байгаа улс төрийг ард түмэн мэдэхгүй байна л даа. Өнөөдөр ч тэр 2016 онд ч тэр энэ бүх болж бүтэхгүй асуудлыг шийдэх боломж нь байсан. Одоо ч тэр байна. Үе үед монголын төрийг удирдаж байсан мундаг хүмүүсийг харахад ард түмнээ дандаа эвлэн нийлүүлж асуудлаа шийддэг байсан. Өнөөдрийнх шиг байдлаар асуудалд хандсан түүх бидэнд байхгүй. Асуудлаа шийдэх боломж нь байна. Гишүүдийн дунд туршлага мэдлэг бүх зүйл нь байна. Асуудлаа ярих нь чухал байна. Зарим зүйлд ажил нь ярьж байгаагаасаа зөрж байгаа тал бий шүү. Бидэнд мандат олгосон ард түмэн ажил орлоготой сайхан амьдрахыг хүсч байгаа. Түүнийг нь бид зөв бодлогоор явуулаад өгөөч гэж хүсч байгаа.
УИХ-ын гишүүн Л.Болд:
Бид ард түмний төлөөлөл. Би таван парламентад сууж байсан учраас өмнөх үеүдийг харьцуулж байсан. Тэр утгаараа энэ УИХ-аас би айсан. 65 гэдэг бол аймшигтай хүч. Ардчиллыг булшлах хүч. Гэтэл ард түмэн мөрийн хөтөлбөрийг нь дэмжээд 65-ыг гаргасан гэж ярихгүй атлаа би 65 гишүүнийг гаргалаа гэж ярих юм. Нөгөө талаар шударга ёсны тэмцэл явагдаж байгаад би баярлаж байна. Энэ бүхэн монголын ард түмэнд сайнаар тусна. Өнөөдөр Ерөнхий сайдын амлалтыг дэмжих ёстой гэж би бодлоо. Монголын төр цэвэрлэгдэж шинээр төрөх цаг болсон. Бүлэглэлийн толгойлогчид арга хэмжээ авч, шударга ёсыг тогтоох юм бол би хоёр гараа өргөнө.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
Олон хоног бид ард түмэнд үнэн нүүрээ харуулж байна. Надад хэлэх ч үг олдохгүй байна. Үнэмлэхүй олонх хоорондоо хэрэлдэж нийгмийн хачин байдалд оруулж байгаад харамсаж байна. Ардчилал бидэнд их зүйлийг авчирсан. Энэ дундаас үүссэн бүлэглэлийг бид өнөөдөр шүүж өөрсдийгөө муугаар хэлүүлэх нь УИХ-ын хийж ажил гэж би бодохгүй байна. УИХ бол шүүх байгууллага бус гэдгийг би 2016 онд ч хэлж байсан. Гэтэл энэ байдал руу УИХ орчихлоо. Өөрсдийгөө, ард түмэн рүүгээ харах цаг болсон. Бие биеэ хүндлэх ёс зүй байхгүй бол бүгд эндээс зайлцгаая. Энэ танхимд хэн нэгнийг доромжилж гүтгэж байгаад гутарч байна. Биднийг ингэж ажиллаарай гэж ард түмэн сонгоогүй шүү. Ард түмнийг амар тайван байлгамаар байна. ЖДҮ-гээс зохион байгуулалттайгаар мөнгө авсан нь үнэн. Үүнийгээ хаацалж болохгүй. Төрийн албыг завхруулсан нь ч үнэн. Бизнес төр рүү орж ирж чөлөөт зах зээлийг хумьж байгаа нь ч үнэн. Улс орныг ийм байдалд оруулчхаад шударга ёсыг бүү ярь. Ерөнхий сайд, УИХ-ын даргын халаасанд огцрох өргөдөл бэлэн байгаасай гэж итгэхийг би хүсч байна. Би МАН-ын олонхыг ардчилсан Монгол Улсыг үгүй хийнэ гэж бодоогүй. Ард түмнийг тайван орхи.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Өнгөрсөн хугацаанд та нарынхаа дунд ажиллахдаа олон зүйлийг ажиглалаа. Шинжлэх ухаан, улс төр хоёр бие биеэ үгүйсгэдэг салбар биш ээ. Бид цаашид залуучуудаа бэлтгэхэд зөв ойлголт төрүүлэхгүй бол энэ байдлаараа маш бүрхэг байна. Сүүлдээ хүмүүс үнэн мөнийг ч ялгахаа байлаа. ЖДҮ-гийн асуудал гарч ирсэнд би баяртай байгаа. Цаашид сангуудыг шалгах ажил эхэлж байгаад баяртай байна. Өнөөдөр улс төрд орж ирснээрээ аавынхаа өмнөөс ийм байлдалд орсон. Баялаг бүтээж байгаа хүмүүсээ харлуулах хэрэггүй олов уу. Би аавдаа зээл авч өгнө гэж ч юу байхав. Үүнийг хууль шүүхийн байгууллага тогтооно. Хууль хяналтын байгууллага нь ч шалгаж байгаа. Асуудал шалгагдаж дууссаны дараа буруутай эсэхийг ярих хэрэгтэй болов уу. Нийгмийн хүсэмжлэлийг бид мэдрэх ёстой. Эв нэгдлээ харъя ах нараа.
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар:
Өглөөнөөс хойш ЖДҮ-д холбогдсон гишүүдийг санал хураалтад оруулахгүй гэх асуудал яригдлаа. Гишүүний бүрэн эрх гэдэг хувь хүний асуудал биш. Сонгогчдын асуудал. Тийм учраас би сонгогчдоо хүндэтгэж саналаа өгнө. Хариуцаж байгаа салбартаа би алдаа гаргаагүй. Гаргасан бол хүлээхэд бэлэн. Би 20 гаруй жил улс төр, төрд явахдаа уул ус, улс монголоо зараагүй. Өнөөг хүртэл нэг ч өр зээл надад байхгүй. Энэ 76 дотор үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс, бондоос зээлтэй хүмүүс байгаа. Бүгд зээл авснаа ярь. Төрд хамгийн их зээлтэй хүмүүс хамгийн их дуугарч байна. Зарим нь төрөөс мөнгө авч байшин барилга авчхаад түүндээ амьдарч л байна. Бүгд зээлээ төл. Би хоёр сар хангалттай хусууллаа. Ямар их мөнгөтэй юм. Ухаад ухаад надаас юм гарахгүй. Одоо боль, хийх ажил их байна. Сонгогчид дүнгээ тавина. Намайг миний сонгогчид мэднэ. Би нэг зүйлийг уриалмаар байна. Томоохон ажил руугаа орцгооё. Хүн мэдэхгүй мэт шударгын дүрд хувирах юм.
Ш.АДЪЯАМАА
Ж.Эрдэнэбат: Хэлсэн үгэндээ эзэн болчхоод бусдаас зарчим, шударга ёсыг нэх
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат
Огцруулах асуудлын нэгд нь намайг оруулсан байсан. Баталгаагүй сошиалаар явсан мэдээллийг оруулсан байсан. Хуучны системээсээ салмаар байна. Миний бие хөрөнгө оруулгын мэдүүлгээ мэдүүлсээр ирсэн. Надтай хамаатуулах гээд байгаа компаниуд огт хамааралгүй гэдгийг чуулганы индэр дээрээс мэдэгдье. Өнөөдөр монгол даяар бие биеэ үзэн ядсан байдал 20 гаруй жилийн өмнө мөрөөдөж ирсэн мөрөөдлийн нийгэмд амьдарч чадахгүй байгаатай холбоотой. Өнгөрсөн хугацаанд гарсан мөнгөтэй холбоотой бүх хэргүүдэд бид цэг тавьж чадаагүй. Сурагчид өдрийн 3-4 ээлжээр хичээллэж, хүүхдээ сугалаагаар цэцэрлэгт явуулдаг, эсвэл эмнэлгийн ор нь хүрэлцдэггүй ийм л нийгэмд амьдарч байгаа учраас өнөөдөр талцал бий болоод байгаа юм. Тохиролцоогоор ажил явдаггүй гэдгийг улам тод харж байна. Асуудал гарахаар манай улстөрчид тохиролцооны аргаар асуудлыг шийдэж ирсэн. Үр дүн гардаггүй шүү дээ. Ийм учраас л залуус хуваагдаж, бухимдаж байна. Одоо бие бие рүүгээ дарайхаа болъё. Шантаажилж бус шийдлээр асуудалд ханддаг болъё. Шийдлээ ярьцгаая. Бид 20 гаруй жил 1.2 жилийн Засгийн газартай байх бүртээ бие биеэ ялласан. Асуудалд шийдлээр хандъя.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Ард түмнээрээ битгий шоуд гэдгийг ард түмэн хэлж байна шүү дээ. Шударга байя гэж байгаа бол шударга л бай л даа. Битгий худлаа ярь л даа. ЖДҮ бол хайртай ард түмний чинь хүсэн хүлээдэг зүйл мөн бол түүндээ хариуцлага хүлээ л дээ. Намаараа, Засгийн газар чинь хүртэл ЖДҮ-дчихлээ. Хариуцлага тооцохыг л ард түмэн хүсч байгаа шүү дээ. Аль эсвэл УИХ-аараа таръя. Үндсэн хуулийн өөрчлөлт яриад хэрэггүй. Ард түмэнтэйгээ уулзахаар сайн сайхан зүйл ярьдаг атлаа энд орж ирэхээрээ өөр зүйл ярьдгаа болъё л доо. Том том зүйлээ энд ярихаа болъё. Өнөөдөр тулгамдсан ЖДҮ-гээ ярья л даа. Шал ондоо өөрчлөлт, цэвэрлэгээ, хувьсгал яриад байх юм. Сайд нартаа хариуцлага тооц оо. Гишүүд нь ч гэсэн хариуцлагаа хүлээ. ЖДҮ бол том асуудал шүү. Хэрэв жижиг асуудал гэж үзэж байгаа бол ард түмнээ доромжилж байгаагийн хэлбэр.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
Зарчим дээрээ байж чадвал Монголын улс төр цэвэршинэ. Тухайн үед Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад оролцож шударга ёсыг нэхэж байсан хүмүүс яагаад өнөөдөр засаглалын тогтвортой асуудлыг ярих болов. Хэлсэн үгэндээ эзэн болчхоод та бусдаас зарчим, шударга ёсыг нэхдэг байх ёстой. УИХ-ын танхим хошин шогийн талбар болжээ гэж хүртэл ярих боллоо. Би бол эгэл жирийн багшийн хүүхэд. Багшийн хүүхэд аливаад үлгэр дуурайлал, хүмүүжил олгох ёстой гэдгийг багш нар хүүхдүүддээ сургаж ирсэн. Миний зарчим бол худал хэлэхгүй байх, хийсэн ажилдаа эзэн нь байх явдал. Би эдийн засгийг өсгөж өгсөн. Энэ бол худлаа биш, бодит тоон мэдээлэл. Аливаа улсын оршин тогтнохын үндэс нь баялаг бүтээгчид дээр тогтдог. Тийм учраас би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа бүх баялаг бүтээгчидтэй уулзаж байсан.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх ээ, дараагийн удаад шүүх дээр уулзъя
Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүд үг хэлж байна
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
28 жил хэрүүл тэмцэл, зөрчил хагарал дунд яваад байна. Нам хооронд, намд дотроо тэмцээд байна. Энэ парламентад анх удаа гишүүнээр суусан 41 гишүүн байгаа. Өнөөдөр бид хөгжил, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярих ёстой. Төрийн гурван өндөрлөг ҮАБ-ынхаа талд байна уу, эсрэг байна уу энэ тухай ард түмэн ярьж байна. Ерөнхий сайд, намыг дарга аа, эвийг хадгалж явалгүй болох байна. Би залуу гишүүддээ нэг зүйлийг урилмаар байна. Өөр өөрийнхөө бодлоор төрийг яаж цэгцлэх ёстой вэ, үзэл бодлоороо нэгдье гэж 41 гишүүнээ уриалж байна. Тэгэхгүй бол хуучин гишүүд шиг болж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
Өнөөдөр Монгол төрийн систем хууль хяналтын байгууллага хэдэн хүний бүлэглэлийн гарт төрийн дээр албан бусаар гарчихад байгаа нь үнэн. Яагаад өнөөдрийг хүртэл Эрдэнэтийн 49, концесс зэрэг том том хэргүүд хууль хяналтын байгууллагад очоод усанд хаясан чулуу шиг алга болчихдог юм бэ. Хууль хяналтын байгууллага ганцхан хүний мэдэлд байна. М.Энхболд хууль бусаар өчигдөр чуулганаа орхиод гарсан. 60 тэрбумаар хуралдаач гэж зөндөө хэлсэн байтал өчигдөр Ёсзүйн дэд хороо жүжиг тавьсан. Өнөөдөр Монгол төрийг бүлэглэл удирдаж байна. М.Энхболд гэдэг хүн огцорвол юу шийдэгдэх гээд байгаа юм бэ. Танд монголын парламентыг цаашид удирдах эрх байхгүй. Таны асуудлыг ярьсан болохоос биш Засгийн газрыг огцруулах асуудал яриагүй шүү.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
ЖДҮ-гийн асуудлаар таныг хэр эр зоригтой юм бэ гэдгийг хэмжих гэсэн боловч та миний асуултад унасан. Хариулж ч чадаагүй. Цагтаа би таныг хүндэлж, үг дууг нь сонсож л явсан. ЖДҮ-чин сайд, гишүүддээ хариуцлага тооцохоос нааш шударга ёс гэдэг үгийг та бүү хэл. Хариуцлага тооцсоны дараа нь хэлбэл би танаас шударга гэдэг үгийг сонсох бүртээ алга ташна. Танаас гуйж байна. Хуурамч багаа авч хая. Муухай улс төрд би орсноор 25 жилийн ой нь өнөөдөр тохиож байгаа компанийн нэр хүндэд халдлаа. Нэг удаа төрийн өмчийн хувьчлалд оролцож үзээгүйг та мэднэ. Нэг удаа тендерт ч оролцож байгаагүй. 30 гэр бүлийн нэг нь би гэлээ. Цагаан суваргыг буцааж өг гэлээ. Газрын баялгийг хугацаатай ашиглах лицензийг тодорхой хугацаагаар хуулиар олгодог. Би халааслаад авчихсан асуудал байхгүй. Намайг маш их гүтгэлээ. Хоёулаа дараагийн удаад шүүх дээр уулзана. Намайг гутаан доромжлолоо. Таны үнэн мөн төрх өнөөдөр илчлэгдлээ. Бүх зүйлийг хурааж авна л гээд байх юм. Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт гээд бүгдийг нь хурааж ав л даа. Та өнөөдөр Ерөнхий сайдын ажил үүргээ мэдэхгүй байна. Бүх зүйлээ төрдөө авъя гэдгээ зарла л даа. 1990 оны өмнөх нийгэм рүүгээ орох гээд байгаа юм уу. Та бол улсын Ерөнхий сайд хүн. Хэлсэн ярьсандаа бодолтой байх ёстой.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Идээ бээр нь хагарч байгаад би баяртай байна. Шүүс нь зөвхөн ЖДҮ-гийн асуудал. Нэг гишүүний Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс авсан мөнгө ЖДҮ-гээс авсан нэг гишүүний мөнгөн дүнгээс илүү шүү.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат намайг гүтгэж байна. Заамар сумаас Эрдэнэт хот хүртэл ямар олон аймаг, сум байгаа билээ. Өнгөрсөн хоёр жил намайг гүтгэсэн бүх мэдээлэл танаас гарсан юм биш биз дээ. Миний байгуулсан "Монполимент" компаниа 20 гаруй үйл ажиллагаа явуулж байна. Энэ компанийг тайван байлга. Ер нь, Дубайн гэрээг зурахад хэн байсан билээ, Ж.Эрдэнэбат л байсан. "Эрдэнэт"-ийн 49 хувь дээр Засгийн газрын баталгааг хэн гаргаж өгсөн зэргээ бодох хэрэгтэй. Үүрэг хүлээж байгаа болохоос эрх ямба авч байгаа хэрэг биш, бид. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Ш.Раднаасэд гишүүн зөв хэллээ. Өнөөдөр энэ танхимд хэрүүл хиймээргүй байна. Монголын ард түмэн харж байгаа. УИХ-ын гишүүн гэдгийг муухайгаар харагдуулах боллоо. МАН дотоод ардчилалгүй болсон гэж хэллээ. Үгүй шүү. Харин ч маш зөв ардчилалтай, алдаа оноогоо ярьдаг нам юм байна гэдгийг харуулж байна. Асуудлаа яриад хамтдаа цаашаа явах ёстой. Бид үйлдвэрүүдээ барьж, ажлын байраа нэмэгдүүлмээр байна. Ядуурал өнөөдөр 1990 ээд оны хэмжээнд хэвээр л байгаа. Хөгжлийн банк АСЕМ, 29 сангийн мөнгийг гэр хороололд зориулсан бол өдийд тэнд утаагүй дэд бүтэц хөгжчихсөн байх байлаа. Хүнд хүсэл байвал хоёрхон жилийн дотор сургууль цэцэрлэг барих боломжтой гэдгийг би олж харсан. Мөнгө хэрвээ эзэндээ очсон бол утааны 60-70 хувь нь багасчих байлаа. Өнөөдөр сурагчид хүртэл УИХ-ыг шүүмжилж байна. УИХ-д шинээр орж ирсэн 41 гишүүн бусдын үгээр бус өөрийнхөө толгойгоор ажиллацгаая. Хэрүүлээ зогсооё. Олон жил УИХ-д суусан гишүүд өмнө нь асуудлаа шийдэхгүй байх нь яасан юм бэ. Олон жил УИХ-д суусан гэж хэлээд сууж байгаа хүмүүсийн өмнөөс би ичиж байна. Ард түмэн ухаантай шүү. Бие бие рүүгээ дайрахаа болъё. Төрийн ажлаа явуулъя.
У.Хүрэлсүх: Өдөр ирэх тусам би чангарч ажиллана
Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Би үндэснийхээ эв нэгдлийг илүүд үзнэ. Шударга ёсонд суурилсан эв нэгдэл хамгийн бөх бат байдаг. Би нэг жилийн өмнө Ерөнхий сайд болохдоо шударга ёсны төлөө ажиллахаа хэлсэн. Тэрнийхээ төлөө ажиллаж байна. Би Засгийн газрын гишүүдтэйгээ ч хариуцлага тооцож ирсэн. Нөгөө талаар би дарангуйлагч биш шүү. Намайг цэргийн хүн учир дарангуйлагч болно гэж хараад байх шиг байна, үгүй. Би Парламентын засаглалыг дэмждэг. Монгол Улсыг Парламентийн засаглал л авч явна. Гэхдээ энэ засаглалаа улам төгөлдөржүүлмээр байна. Сонгуулийн тухай хууль, намын тухай хуулиа илүү тодорхой болгох шаардлагатай байна. Дахин хэлье, улсаа нуруундаа үүрч яваа, бизнес эрхлэгчдээ би дэмжинэ. Харин эсрэгээрээ шударга бусаар баяжиж монголын баялгийн завшсан нөхөдтэй хатуу тэмцэнэ. Өдөр ирэх тусам би хэлсэн зүйлийнхээ төлөө чангарч ажиллана.
Үүгээр гишүүд асуулт асууж дууссанаар 50 гаруй гишүүн үг хэлэхээр нэрсээ өглөө.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
У.Хүрэлсүх: Ард түмэн миний талд бий
Чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
Ардчиллын үнэт зүйл бол үг хэлэх эрх чөлөө. Үзэл бодлоо илэрхийлэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Хүний үгийг шүүмжилнэ гэдэг ажлыг гацааж цаашлаад дарангуйллыг тогтоохын шинж. Аливаа дарангуйллыг эсэргүүцэж байна. Манай намын бүлгийн хурал дээр Д.Гантулгыг чөлөөлөх үеэр УИХ-ын эмэгтэй гишүүд рүү Ерөнхий сайд маш муухай, ёс зүйгүй хандсан. Эмэгтэй гишүүдийн шийдвэр зөв байсан гэдгийг амьдрал дээр харуулсан. Хувийн хэвшил рүүгээ дайрч давшлах нь зохисгүй гэж би харж байна. Хувийн хөрөнгө рүү дайрч давшлах нь хэр зохистой вэ. Яагаад ЖДҮ-гийн зээлийг ижил тоон дүнгээр олгосон юм бэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
Д.Гантулгын хувьд асуудал нь шийдэгдээд явсан. Буруутай эсэхийг нь шүүх шийдэх байх аа. Намын даргын хувьд биечлэн уулзаж, ёс зүйн хариуцлага хүлээж өргөдлөө өгөх нь зүйтэй гэж хэлсэн. Намын нөхөд ч мэдэж байгаа. Гэмт хэрэг хийсэн үү эсвэл улс төр байсан уу гэдгийг шүүх тогтоох байх. Би хүчирхийлэлд дургүй. Би хоёр охины эцэг хүн. Шударгаар бизнес эрхэлж байгаа хүмүүсээ би дэмжинэ, хамгаална. Ийм хүн болгоныг би дэмжинэ. Үүнийг ч хийж байгаа. Би ганцхан зүйлийг тэднээс хүсдэг. Улсдаа шударгаар татвараа төлөөрэй, та нарыг дарамталж байгаа хүмүүс байвал надад хэлээрэй гэж ч би хэлдэг. Цаашдаа шударгаар бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Татварын орчныг ч дэмжинэ. Засгийн газар хуулиа өргөн барьсан ч УИХ дэмжихгүй байгаа. Үнэхээр хайртай бол дэмжих хэрэгтэй. МАНАН-гийн пирамидыг нураах гэж л би тэмцэж байна. Ингэсний төлөө тэдгээр нөхөд Засгийн газраа унагаах гээд сууж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Ерөнхий сайд намын бүлгээ хоёр хуваачихлаа. Одоо хөрөнгө хуваах тухай ярилаа. Таны ярьж байгаа зүйлийг ихэд гайхаж байна. Таныг би уг нь хүндэлдэг байсан. Их цэвэрлэгээ хийнэ гэж байнга ярьж байна. Сонгуулиас өмнө нэг хүнийг тойрон хүрээлэх хатуу дэглэм рүү орох вий дээ гэдгээс би айж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
УИХ-д би таван удаа өрсөлдөж 4 удаа суудал авч монголын төрд 20 гаруй жил зүтгэж явна. Монголын төр өнөөдрийнх шиг талцаж хуваагдаж байсан түүхийг би мэдэхгүй. Бид хоёр намынхаа болохгүй бүхнийг шүүмжилж тэмцэж явсан. Тэр үед монголын ардчиллыг хамгаалж явсан гэж боддог. 28 жилийн түүхэнд олон засгийн газар солигдсон. Гэвч энэ удаагийн УИХ-шиг томилогдсон Засгийн газартаа хариуцлага ярьсны төлөө ийм байдал гаргаж байсан Засгийн газар хараагүй ээ. Улс төрд үүссэн нөхцөл байдлаа зөв хараад, эв нэгдлээ зангидаад аваад яваач гэж би тань дээр орж хүртэл хэлж байсан. Шударга зүйлийг нэхсэнийхээ төлөө намаасаа хөөгдөх дээр тулж байна. Танаас би ичиж байна. Хэн нэгэн эрх мэдэлтний ард зогсоно гэж 65 гишүүн тангараг өргөөгүй шүү. Шударга ёсны талд байна гэж анхандаа дуугарч байсан гишүүд маань өнөөдөр албан тушаалд гарчхаад дуугүй байгаад нь би ичиж байна. Эмэгтэй улстөрчдийн нэр хүндэд халдаж байгаагаа та зогсоох уу, арай хэтэрч байна. Та төрөөс төрсөн тэрбумтануудтайгаа тэмцээрэй. Тэр хүмүүсээ эндээс шүүрдэж гаргаарай. Та зааг ялгаагаа ялгаж салгана шүү.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
Шударга бусын утаатай тэмцэх гээд л байгаа юм. Бүлгийн гишүүдээ хуваасан зүйл надад байхгүй. Шударга зүйл ярьсныхаа төлөө хуваагдчихаад байгаа юм. Ард түмэн надаас нэг л зүйлийг хүсч байгаа. Энэ нь шударга ёсыг тогтоож, МАНАН-гийн бүлэглэлээс салахад амь насаа үл хайрлаарай гэж захисан юм. Би үүний төлөө л явж байгаа юм. Миний айж байгаа зүйл бол ард түмний маань итгэл алдрах вий гэдгээс айж байна. Шударга бусын хонгилыг эвдлэхийн төлөө би явж байна. Хоёр, гурван тоосго сугалахын төдийд Засгийн газрыг огцруулна гэж байна. Ард түмэн миний талд байгаа. Нэг өдрийн дотор надад ард түмнээс 2500 мессеж ирсэн. Надад маш том итгэл өгч байна. Бүгдээрээ нэг зүг рүү харж яръя. Болж бүтэхгүй зүйлээ хамтдаа цэвэрлэе. Өнөөдөр намын асуудлаа ярихаа түр хойшлуулъя. Надад эх орноо гэсэн сэтгэл байна. Эх орны үнэ цэнийг арим надад цусаар нулимсаар ойлгуулсан юм. Би эгэл жирийн жолоочийн хүүхэд.
Ш.АДЪЯАМАА
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2018.11.30/ шууд-үдээс хойш
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2018.11.30/ шууд-үдээс хойш үргэлжлэл
Posted by MNB Монголын Мэдээ on Thursday, November 29, 2018
У.Хүрэлсүх: 2020 онд МАН ялагдвал ялагдана биз
УИХ-ын чуулганы хуралдаан У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлаар үргэлжилж байна. Энэ үеэр гишүүдийн уур амьсгал нэлээд ширүүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар маргалдсан юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Ерөнхий сайд танд ашиг сонирхол ил болсон гишүүдээ чуулганы танхимаас гар гэж хэлэх эрх зориг алга уу. ЖДҮ-гийн хариуцлагыг энэ танхимд кноп дарахгүй хүмүүс үүрсэн. Танай Засгийн газраас ганцхан Б.Батзориг сайд хариуцлага үүрсэн. Бусдад нь яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Хоёрт, “30 гэр бүл”-ийн нэг нь би мөн үү. Мөн бол яагаад?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Тийм. “30 гэр бүл”-ийн нэг нь та өөрөө мөн. Яривал зөндөө юм ярьж болно. Яагаад гэдгийг ард түмнээс асуу. МАК нийтдээ 36 лиценз эзэмшдэг. “Цагаан суварга” бол ард түмний өмч, буцааж авах асуудлыг тавина. ЖДҮ-гийн асуудлыг Засгийн газар өөрөө шалгасан. Б.Батзоригийг сайд болсны дараа би гурван удаа анхааруулсан. Наад ЖДҮ-гээ боль, зээл сонгон шалгаруулалтаа олон нийтэд ил болго гэдэг үүрэг өгсөн ч, хэрэгжээгүй. Б.Батзориг хариуцлага алдсан, хариуцлагаа ч үүрсэн. Гишүүд ээ та нар сайд нараас битгий хууль бус зүйл шаардаарай. Н.Номтойбаяр та тийм л шударга юм бол “Цагаан суварга”-аа буцаагаад өг, 36 лиценз ээ буцаагаад өг. Үзвэл үзье. Та нар шиг хүмүүстэй би тэмцэж байгаа учраас надад хүндрэл учирч байгаа юм. Цаашид У.Хүрэлсүх намын дарга, Ерөнхий сайдын ажлаа хийх юм бол та нарын үүсгэсэн пирамид нурах юм байна гэдгээс та нар айж байгаа юм. Засгийн газрыг огцруулна гэж гарын үсэг зурсан 27 гишүүн бүгд хулгайч. Танай МАК хандив өргөсөн юм байна лээ. Тэрийг би баримттай дэлгэнэ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Ерөнхий сайдад баярлалаа. “Оффшорын хууль”-ийн хэрэгжилтийг хангахгүй юм байна. Хоёр дахь хариулт тодорхой боллоо. Би ийм хариулт хэлэх болов уу гэж таамаглаж байсан. МАК компани “Цагаан суварга”-ыг авахын тулд ямар хууль зөрчсөн бэ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Би огцруулах бичигт гарын үсэг зурахдаа зарчим барьж зурсан. Ерөнхий сайд, намын дарга зарчим барихаа больсон. Намынхаа дотоод асуудлыг гудамжны хэрүүл болгож байна. Намайг шаардлага тавьсны төлөө намаас хөөхөөр болсон байна. Энэ нь нийгэмд сөрөг зүйл болох вий гэхээс болгоомжилж, намаас хөөгөөгүй гэдэг мэдээлэл цацсан. Намд дотоод ардчилал байх ёстой. Намаас хөөнө, айлгана гэдэг үгнээс би айхгүй. Та 2012 онд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг намаас хөөхийн тулд “Шүүрдэх жагсаал” зохион байгуулаад өгөөч гэж надаас гуйж байсан. Би тэр зааврын дагуу эд нарыг зургийг шүүрдээд, поошиг нүдээд явж байсан. Би одоо харамсдаг. Ингээд дараа нь МАН ялагдсан. Бид ядарч байхад У.Хүрэлсүх Австрали явсан. Бид дуудаж авч ирээд Шадар сайд болгосон. Гэвч намаа хагалсан. Та 2020 оны сонгуулиар ялагдвал зугтаад, Австрали явах уу. Таныг 2016 оны сонгуулиар Хэнтийд нэр дэвш гэтэл “би дөрвөн жил ажиллаагүй. Би ялагдана” гээд Д.Гантулгыг нэр дэвшүүлсэн. Та нэг суудал авах гардан тулаанаас зугтсан. Одоо та Хэнтийд нэр дэвших гардан тулаанаас бас л зугтах уу? Өнөөдөр та ялалт авч ирсэн олонхыг даргалаад, энд ширээ шаагаад сууж байгаа шүү.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Хариулахад хөгийн юм. Ах нь 1990 оноос хойш энэ намд ажиллаж байна. Тэр үед миний дүү сураггүй байсан. Намын түүх яривал чи надаас юу ч асуугаад хэрэггүй. Чи намайг Австралиас олж авч ирсэн юм биш. Харин би чамайг Солонгосоос авч ирсэн. Ишиг иврээ ургахаар эхийгээ мөргөнө гэж. Чи дандаа худлаа ярьдаг. Чи “зөвлөхийг минь зодсон” гээд л худлаа яриад сууж байсан биз дээ. Намаас хөөх эсэх асуудлыг намын дарга биш, Хяналтын ерөнхий хороо шийднэ. Харин намаас хөөх нэрсийг би өгнө. Одоохондоо чамайг намаас хөөсөн юм алга. Цаашид би төр болон намдаа их цэвэрлэгээ хийнэ. Үүний төлөө 2020 оны сонгуульд ялагдвал ялагдана биз. Би ялагдахаас айхгүй, зоригтойгоор цэвэрлэгээ хийнэ. Намайг нэр дэвших эсэхийг ард түмэн шийднэ.
Үүгээр үдээс өмнөх чуулган завсарлаж байна. Үдээс хойш У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Т. ДАВААНЯМ
Ж.Эрдэнэбат: Ерөнхий сайд та үлдэх юм бол Сангийн сайдаа солиорой
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав:
-Өнөөдөр ярвигтай цаг үед бид хуралдаж байна. Бид 75 ард түмнийг төлөөлж, тангараг өргөсөн гишүүд. Иймд нэгт, хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж ярихыг хүсч байна. Хоёрт, Гишүүдийн ах дүү хамаатан садныг дайрч доромжлохгүй байхыг хүсч байна. Гуравт, үг авсан гишүүд үгээ хэлдэг, хашхирч байвал УИХ-ын Тамгын газар дэгийг сахиулаарай. Энэ цаг мөчөөс хойш хэн нэгнийг хөөх гаргах, “ЖДҮ-чин”, “концессчин” гэж битгий дуудаарай.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Би хариуцлага тооцож байгаа. Төрийн хариуцлагаас гадна улстөрийн хариуцлага тооцох хүн байна. Цаашид хариуцлагыг чангатгана. Нэгт, шударга ёсыг сайжруулах. Хоёрт, эдийн засгийг сайжруулах зорилт дэвшүүлсэн. Хоёр дахь зорилт бол сайн явж байгаа. Өнгөрсөн жил Засгийн газрын гол ажил хоёр дахь асуудал руу чиглэсэн. Одоо ЖДҮ гэдэг сайн зүйл боллоо. ЖДҮ-тэй холбоотой хүмүүст хариуцлага тооцоод эхэлсэн. Ийм асуудалд холбогдсон хүмүүс хуулийн байгууллагаар буруутай нь тогтоогдвол би албан тушаалаас нь чөлөөлнө гэдгээ илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Хуулийн байгууллага хариуцлага тооцсоны дараа та хариуцлага тооцно гэх юм. Хэрэв хуулийн байгууллага хариуцлага тооцвол тэр хүн чинь шоронд ордог юм байгаа биз дээ. Шоронд орсны дараа яаж хариуцлага тооцох юм бэ. Дээр нь та хотын даргыг утааны асуудлаар огцруулсан. Гэтэл утааг чинь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайд гэх мэт Засгийн газрын сайд нар хамтраад шийдэх ёстой юм биш үү.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Энэ асуудлыг би нам хоорондын асуудал гэж харахгүй байна. Намуудыг бүлэглэл хуралддаг болсон. Монголын төрийг бүлэглэл удирддаг болсон. Би бол бүлэглэлийн гишүүн биш, бүлгийн гишүүн. Би намын тушаалаар бол Засгийн газрын эсрэг зогсох ёстой. Гэхдээ би бол Засгийн газрыг огцруулахын эсрэг байна.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Ж.Мөнхбат хүн бүрийг намнадаг уран цэцэн үгтэй хүн. Сөрөг хүчний гишүүнийг нам дарах сонирхлоор хаа хамаагүй юм ярьж байна. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах үед намайг бас л ингэж байсан. Би ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлж “Голомт” банкнаас татгалзсан. Гэхдээ гэр бүлийн хүрээнд “Богд” гэдэг жижиг банк нээсэн. Би Сангийн сайд хариултыг өгөөрэй гэж бодож байна. Монголбанк бүх банканд ипотекийн зээлийн эрх өгсөн ч ганцхан Богд банканд өгөөгүй. Бүх зүйлээс Богд банкийг хассан. Тэр лиценз ээ авбал ав. Битгий ингэж ар гэр, ойр дотнын хүмүүс болон тэр сайхан залуусыг гутаа за юу. Би шүүхээр явна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Сая Ж.Мөнхбат гишүүн гүтгэлэг тарааж байна. Мэдээллээ сайн нягтлах хэрэгтэй. Би Сангийн сайдаар томилогдоод очиход төрийн мөнгө рүү арилжааны банк дайраад орчихсон байсан. Одоо бол бүх банкууд төрийн мөнгөнөөс савраа татсан. Одоо татвар төлөгчдийн мөнгө Төрийн санд найдвартай байж байгаа. Төрийн мөнгөөр бизнес хийдэг байсныг таслан зогсоосон. Бид энэ ажлаа цааш үргэлжлүүлж хийнэ. Хоёрдугаарт, Богд банканд ипотекийн зээлийн эрхийг Сангийн яам олгосон гэж худлаа шүү. Ипотекийн зээлийг Монголбанк хариуцаж байгаа. Сангийн яамнаас тэр банканд өг гэж үүрэгдэх хууль эрх зүйн орчин байхгүй. Муулж болно, бодитой байгаарай.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
-Хугарлын цэг У.Хүрэлсүх сайдын үед ирлээ. Өнгөрсөн жилүүдэд шуналын хүүдий байсан нь одоо идээ бээр болж зад тавьж байна. Идээ бээрийг цэвэрлэх ёстой. Тиймээс сахилга хариуцлага тогтооно гэж байгаа Ерөнхий сайдыг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Ерөнхий сайд шударга ёсыг тогтооно гэж зоригтойгоор гарч ирсэн. Улс орноо зөв хөгжүүлье, шударга ёс тогтооё гэсэн Засгийн газраа огцруулах гэж байгаад би гайхаж байна. Уул уурхай өнөөдөр Монгол Улсыг аварч байгаа ганцхан салбар. Энэ салбараас ч улсын төсөв бүрдэж байна. Улс төрчдийн ард нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийдэг маш олон уул уурхай бий. Намайг Л.Болд гишүүнтэй адилаар олон удаа гүтгэсэн. Тухайн үед би шинэ гишүүн байсан учир өөрийгөө хамгаалж чадахгүй байсан. Одоо бол гүтгэлэг, доромжлолын эсрэг явна.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
-Сэлэнгийн ард түмэн таниас болоод шороотой ус уугаад байна гэж гомдол хэлсэн. Би тодруулсан, бодитой мэдээлэл байна лээ. Тэгэхээр та үүнд анхаараарай. Та бүхний хэлсэн үг үйлдлийг гадаадын хөрөнгө оруулагчид ажиглаад байж байдаг юм. Хөрөнгө оруулалт багасах эсэх нь үүнээс маш их хамаарна. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт татаж оруулж ирэх ёстой, хөнгөлөлттэй зээл оруулж ирэх ёстой. Үүнийг хийчхээд Монголбанканд даатгах ёстой юм.
Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд нэг зүйл хандаж хэлмээр байна. Танай Засгийн газар үлдэх юм бол Сангийн сайдаа соль. Ч.Хүрэлбаатар шиг өнөөдөр төрийн мөнгийг арилжааны банкинд байршуулсан байсныг зогсоосон гэж хэлж байгаа Сангийн сайдаас ичиж байна. Тань шиг төрийн мөнгийг өөрийнхөө доор хав дараад сууж байдаг Сангийн сайд байдаггүй юм. Гадаадын орнууд төрийн мөнгөө олон улсын банканд хадгалуулж байж өсгөдөг юм.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Т. ДАВААНЯМ
Ж. Мөнхбат: ЖДҮ-тэй холбогдсон сайд нар минь хуулиа биелүүлээд танхимаас гарчих.
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Өнөөдөр ганцхан асуудал хэлэлцэх бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай юм.
Чуулганы эхэнд Ёс зүйн дэд хорооны дэд дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр өчигдөр “Ёс зүйн дэд хороо хуралдах гээд хоёр удаа тов зарлаад, ирц хүрээгүй. Өнөөдөр ч хурал зарлаад ирц хүрэхгүй байна. Тиймээс чуулганы хуралдааныг явуулах юм байлгүй” гэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Тиймээс Я.Санжмятав даргаар удирдуулах саналтай байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Хэлэлцэж байгаа асуудлаа батлахаас өмнө би нэг зүйлийг хэлмээр байна. “Оффшорын хуулийн” 8.2 дугаарт маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцад ашиг сонирхлын зөрчил үүссэн бол мэдэгдэх ёстой. Сайд нарт ашиг сонирхол үүссэн. Тэд өөрсдөө хэвлэлд өгсөн “уучлаарай” гэдэг үгээр баталсан. Эд нарт ашиг сонирхлын зөрчил үүссэн байна. Сайдуудыг чуулганы танхимаас гаргах хуулийн зохицуулалт үүсээд байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Өнөөдрийн хуралдааныг хууль зүйн талаас нь харж, хууль зөрчихгүй байх нөхцөл бүрдүүлэх шаардлагатай. “Оффшорын хууль”-ийн тодорхой заалт байсаар байхад ашиг сонирхолтой нөхдүүд танхимаас гарсан нь дээр. Ардчилсан нам улс төрийн шийдвэрээ гаргаад, Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Тиймээс Я.Санжмятав гишүүн хуралдаан даргалсан ч ашиг сонирхол үүсэх магадлалтай. Тиймээс Л.Энх-Амгалан байна уу, Я.Санжмятав байна уу аль нэг нь даргалаад явах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан хүн чуулган даргалж болохгүй. Я.Санжмятав даргаар хуралдаан даргалуулмаар байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-“Оффшорын хууль”-тай холбогдуулан зарим гишүүдийг хуралд оруулахгүй байх зохион байгуулалттай үгийг гишүүд хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Та бүхэн мөрийн хөтөлбөрөөсөө буцсан. Тэгэхээр танай байгуулсан аль ч Засгийн огцрох ёстой. Гэхдээ та нар ЖДҮ-ээр шалтаглаж огцруулах ёсгүй. Өнөөдрийн энэ ЖДҮ бол “60 тэрбум”-ыг нотолж байна. Энэ Засгийн газрыг золионд хаяж ЖДҮ-гийн асуудлаа цэвэрлэх гэж байгаа бол хэзээ ч болохгүй.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Ёс зүйн дэд хороо хүний муу үзэх гээд байгаа юм байхгүй. Ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд зайлшгүй мэдэгдэх үүрэгтэй юм. Гэвч дэд хорооны ирц хүрээгүй. Тиймээс асуудалтай сайд нар анхааралдаа аваарай. Та бүхэн бие биеэ гутааж гүтгэсэн асуудал битгий яриарай. Ардчилсан нам биднийг ярьж байвал бид ойлгоно. Харин Ардын намынхан дотроо муу муухайгаа үзээд байх нь хэр вэ гэдгийг бодоорой. УИХ-ын дарга нь хурлаа удирдахгүй энд сууж байна шүү дээ. Гэтэл одоо дэд даргыг хурал даргалах эрхгүй гэж яриад байх нь зохимжгүй байх.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
-Би энэ парламентын ажил эхэлж байхад дээрээ ард түмэн дэргэдээ сөрөг хүчинтэйг битгий мартаарай гэж захисан. Харамсалтай нь алдаа гарлаа. Энэ бол зөвхөн Ардын намын асуудал биш. Энэ муухай бизнес бүлэглэлийн сүлжээ монгол төрийн ямар муухай болгосныг харж байгаа байх. Энэ УИХ-д ашиг сонирхлын зөрчилгүй хүн байгаа юм уу. Явсаар байгаад ашиг сонирхлын зөрчлөө шийдүүлэхийн тулд гадаадаас хүн авч ирж булай болох нь. Л.Энх-Амгалан байна уу, Я.Санжмятав байна уу хэн даргалах нь ялгаа юу байх вэ. Сөрөг хүчин бол илүү муугаар даргална. Тиймээс Я.Санжмятаваар даргална гэдэг яриагаа боль. Өнөөдөр У.Хүрэлсүхийн асуудал ярьж байна. У.Хүрэлсүх бол гишүүн биш. Хаана ямар ашиг сонирхол гаргаж, хэнийг хөөх гээд байна. Энэ хурлын дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уулзсан дээр байх. Та нарыг Монгол Улсыг тайван байлга гээд суулгасан юм шүү.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Ж.Энхбаяр гишүүн уул уурхайтай холбоотой гишүүд энэ хуралд суух эрхгүй гэлээ. Өөрөө олон ч лицензтэй холбоотой хүн дээ. Дээр нь Засгийн газраа тогтвортой байлгахын тулд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ширээн дээр Л.Болд гишүүний "Богд" банканд бонд гаргаж өгнө, ипотекийн зээлийг дамжуулна гэдэг бичиг байгаа. Энэ мэт зүйлээ болих хэрэгтэй. Монголын төр наймаа болж гүйцсэн үү. Больж үз. ЖДҮ-тэй холбогдсон сайд нар минь хуулиа биелүүлээд танхимаас гарчих. Өчигдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаад хэд хэдэн гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан юм байна лээ. Юунд нь нуугаад байгаа юм бэ.
Ийнхүү гишүүд хэлэлцэх асуудалдаа орохын өмнө байр сууриа илэрхийлсэн. Үүний дараа УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон тайлбар өгөв. Тэрбээр "Хууль эрх зүйн орчинг судлахаар Гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтаас сайн дураараа татгалзах эрхтэй гэсэн ганцхан заалт бий. Тиймээс гишүүд өөрсдөө татгалзахгүй бол хүчээр гаргах зохицуулалт байхгүй" гэв.
Яг одоо У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2018.11.30/ шууд
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2018.11.30/ шууд
Posted by MNB Монголын Мэдээ on Thursday, November 29, 2018
Холбоотой мэдээ