Их-20-ын бүлгийн орнуудын 13 дахь удаагийн уулзалтад оролцохоор дэлхийн улс орнуудын удирдагчид Аргентины нийслэл Буэнос Айресыг зорин ирцгээлээ. Тус уулзалтад аж үйлдвэрлэлийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнууд оролцон, олон улсын худалдаа, цаг уурын өөрчлөлт тэргүүтэй асуудлуудаар яриа өрнүүлэх юм.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, гэргий Брижит Троньё нар 1973-1983 онд Аргентинд тогтсон цэргийн дэглэмийн үеэр амиа алдсан, сураггүй алга болсон 30 мянга гаруй хүнд зориулсан Буэнос Айрес дахь дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд айлчилж байгаа нь. Хажууд нь яваа хүмүүс бол амиа алдсан цэргүүдийн ар гэрийг төлөөлөл болох Вера Вижевани Жарах, Лита Бойтано нар
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трампын хамтаар Аргентины цагаар Пүрэв гаригийн орой ирсэн.
Канадын Ерөнхий сайд Жастин Трудеау, гэргий Софий Грегор Трудеаугийн хамт. Их-20-ын уулзалтын үеэр Канад улс Мексик, АНУ-тай худалдааны хэлэлцээ байгуулахаар төлөвлөж байгаа.
БНХАУ-ын дарга Си Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Ли Юаний хамт Буэнос Айрест ирж байгаа нь. АНУ, Хятадын худалдааны дайны асуудал бол уулзалтын үеэр яригдах гол асуудлуудын нэг юм.
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман Аргентинд Лхагва гаригт /2018.11.28/ ирсэн билээ. Түүний санаачилгаар Саудын Араб Йемений дайны гол тоглогч болсон бөгөөд дайны үр дагаварт хүний эрх маш ноцтой зөрчигдөж, олон зуун мянган хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа юм. Мөн Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газарт бусдын гар амь үрэгдсэн сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагад түүнийг буруутай хэмээн үзэж байгаагаас хунтайж энэ удаагийн уулзалтад их гүрний удирдагчтай яриа өрнүүлж, олон улс дахь өөрийн нэр хүндээ хамгаалахыг оролдох шинжтэй байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ч бас энэ удаагийн Их20-ын чуулганыг ашиглан Саудын Арабын хунтайжтай ярилцаж магадгүй юм. Сэтгүүлчийн аллагын хэргээс хойш тус хоёр улсын хооронд маргаантай асуудлууд олон гарсан билээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн хэлбэлзлийн тухай асуудлыг дэвшүүлэн ярихаар төлөвлөж байна. Харин өчигдөр өглөө /2018.11.29/ тэрбээр Буэнос Айрес хотноо “Иогоор дамжуулан энхийг тогтоох нь” арга хэмжээнд оролцсон аж.
Харин өнөөдөр эхлэх Их-20-ын уулзалтын нээлтэд цагтаа амжин ирж чадахааргүй болсон нэг хүн бол ХБНГУ-ын канцлер Ангела Меркел юм. Тэрбээр уулзалтад оролцохоор өчигдөр Берлинээс хөдөлсөн боловч онгоцонд нь техникийн саатал учирсны улмаас Кёльн хотод ослын буулт хийсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ