Дэлхийн томоохон улсуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт буюу “Их-20”-ийн уулзалт арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо зохион байгуулагдана. Харин тус уулзалтад очихоор Берлинээс Аргентины нийслэлийг зорьсон Германы канцлерь Ангела Меркелийн онгоц хөөрөөд удалгүй техникийн асуудал гарч, Германы Кёльн хотод газардсан байна.
Буэнос Айрес хот хүртэл 15 цаг нисэх байсан “Конрад Аденауэр” нэртэй канцлерийн онгоц ердөө нэг цагийн дараа газардсан нь энэ юм. Онгоц хөөрөөд удаагүй байтал онгоцны ахмад электрон системийн доголдол гарсан учир цааш явах боломгүй болсон тухай мэдэгдсэн хэмээн Ройтерс агентлаг мэдээлжээ. Онгоцыг газардахад яаралтай тусламжийн машинууд тосон авч, Ангела Меркель болон түүнийг дагалдан явж буй төлөөлөгчид автобусаар зочид буудал руу явцгаасан гэнэ. Ингээд Меркель Баасан гаригийн шөнө Мадридаас ердийн нислэгээр Буэнос Айресыг зорихоор болжээ.
Энэ удаагийн ослын буулт нь түүний онгоц саатсан анхны тохиолдол биш ажээ. Өмнө нь аравдугаар сард Олон улсын валютын сангийн дээд хэмжээний уулзалтын үеэр мөн энэхүү онгоцны цахилгааны утсыг мэрэгч амьтан мэрж гэмтээсний улмаас саатал гарч Индонезид болох уулзалтаас хоцорч байсан юм. “Их-20” уулзалтын үеэр Ангела Меркелийг Сири, ОХУ, Украины төрийн тэргүүнүүдтэй уулзаж магадгүй гэж таамаглаж байна.
Эх сурвалж:REUTERS
Холбоотой мэдээ