Засгийн газрын хувь заяа өнөөдөр шийдэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хувь заяа өнөөдөр шийдэгдэнэ

Засгийн газрын хувь заяа өнөөдөр шийдэгдэнэ

МАН бүрэн эрхийн хугацаандаа хоёр дахь засгаа огцруулах асуудал улс төрийн төдийгүй Монголын хямрал болж байна. Улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлууд өнгөрсөн өдрүүдэд олны анхаарлын төвд байна. Хамгийн анхаарал татаж, хариуг нь хүлээж байгаа нь У.Хүрэлүсхийн Засгийн газар хугацаанаасаа өмнө огцрох уу, эс огцрох уу гэдэг юм. Аливаа зүйлд нөхцөл бүрдэх гэж нэг юм бий. Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шалтгааны нэг нь гишүүд болон танхимын зарим сайд нь ЖДҮХС-гаас бага хүүтэй зээлийг эрх мэдлээ ашиглан авсан асуудал юм.

Нэг жил хоёр сарын өмнө байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг өнөөдөр /2018.11.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн  Засгийн газрыг огцруулах бичгийг арваннэгдүгээр сарын 19-нд өргөн барьсан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын гишүүн мэдээлэл хийх үеэрээ “Монголын ард түмний өмнө төрийг тогтвортой байлгаж, ард түмний амьдралыг сайжруулах үүрэг хүлээсэн нэр бүхий 27 гишүүн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн толгойлж байгаа Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьж байгаадаа хүлцэл өчиж байна. Яагаад гэвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах нөхцөл байдал үүссэн. Бидэнд Монгол Улсаа гэх том эрх ашиг бий. Намын эрх ашиг бол жижиг эрх ашиг гэж үзсэн учраас гарцаагүй байдалд хүрсэн. Тиймээс Монголын ард түмэн, намын гишүүд дэмжигчдээс хүлцэл өчиж байна” гэдгээ тодотгосон.

Засгийн газрыг огцруулах бичиг өргөн баригдсанаас хойш төрийн ажил гацсан. Төрийн ордны энэ тэнд хэсэг хэсгээрээ уулзалдаж Засгийн газрыг огцруулалгүй үлдээх эсвэл огцруулах гэсэн хувилбарын дор гишүүд хэдэнтээ нууц уулзалтууд зохион байгуулж үндсэндээ өнгөрсөн ес хоног төрийн ажил хөшигний цаана явагдсан гэж хэлж болно.

Хуулиараа Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж улмаар 14 хоногийн дотор УИХ-аар эцэслэн шийдэхээр заасан байдаг. МАН-ын Удирдах зөвлөл, бүлгээр хэлэлцэж, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаанд Засгийн газрыг огцруулах үндэслэлийг өргөн барьсан гишүүд оролцоогүй. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо даваа гаригт хуралдаж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 62,5 хувь нь Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн.

Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-ын чуулганаар орохоос өмнө өчигдөр /2018.11.29/ Ёсзүйн дэд хороо хуралдаж ЖДҮХ сангаас зээл авсан нэр бүхий гишүүд, сайд нарын асуудлыг хэлэлцэх байсан ч бүтэн өдөржин гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшлогдсон. Түүнчлэн Засгийн газрыг огцруулах санал гаргасан 27 гишүүдийн зүгээс ЖДҮ-тэй  холбогдсон гишүүдэд ашиг сонирхолын зөрчил үүсч болзошгүй тул Засгийн газрыг огцруулах  санал хураалтад оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж Ёсзүйн дэд хороонд  шаардлага хүргүүлсэн ч мөн хэлэлцэж амжсангүй.

Магадгүй өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаас өмнө Ёс зүйн дэд хорооны ирц хүрч хуралдаж амжвал ЖДҮ-тэй холбогдсон гишүүд санал хураалтад оролцохгүй байх нөхцөл бүрдэж болзошгүй. Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдэх үү, эс үлдэх үү гэдэг нь өнөөдөр шийдэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж