Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр 2015 оны нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө БНХАУ-ын талаас хоёр хүн улсын хил зөрчсөн ул мөрийг хилчид илрүүллээ. Уг зөрчлийн дагуу эрэн сурвалжилсны үр дүнд Монгол Улсын иргэн “Н”, “Э” нар хил зөрчсөнийг тогтоон Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулжээ. Дээрх иргэд мэдүүлэхдээ “Хятадын Эрээн хотод бичиг баримтаа мөнгөний барьцаанд тавьсан учир хууль бусаар улсын хил зөрчсөн” гэж мэдүүлсэн байна.
Мөн БНХАУ-ын талд бичиг баримтаа үрэгдүүлсний улмаас хоёрдугаар сарын 17-ны өдөр ачааны автомашинд нуугдаж улсын хилээр хууль бусаар нэвтэрч ирсэн Монгол Улсын иргэн “Г” гэгчийг хилчид мэдээллийн дагуу хоёрдугаар сарын 23-ны өдөр саатуулан шалгаж байна. Тэрбээр мэдүүлэхдээ “БНХАУ-д зорчин явахдаа бичиг баримтаа гээгдүүлсэн тул ачааны автомашины ачаанд нуугдаж орж ирсэн” гэж мэдүүлжээ.
Баавгайн савар хил нэвтрүүлэхийг завдав
Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хоёрдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын иргэн “М” гэгч 41-65 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнд есөн ширхэг баавгайн савар нуун хил нэвтрүүлэхийг завдав. Мөн Монгол Улсын иргэн “О” 38-52 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн суудал доор дөрвөн ширхэг баавгайн саврыг нууж хууль бусаар хил нэвтрүүлэх үед нь хилчид илрүүлэн саатуулж, хойшлуулшгүй ажиллагаа явуулан гаалийн байгууллагад шилжүүлсэн байна.
Хилчид 300 ширхэг хярсны арьс илрүүллээ
Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн “Б” гэгч хууль бусаар 300 ширхэг хярсны арьс нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилчид илрүүлэн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар