Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ

Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банк группын Олон Улсын Санхүүгийн корпорацитай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн болон гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгч нарт зориулж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулах уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа. Энэ уулзалтаар мөн ҮХГ, Олон Улсын Санхүүгийн корпорацитай хамтран боловсруулсан “Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал /ХОШЗ/”-ын тайланг танилцуулан хэлэлцүүлж, санал бодлыг нь сонслоо.

ҮХГ-ын дарга Б.Баярсайханы хэлсэн нээлтийн үгнээс сийрүүлбэл: “Үндэсний хөгжлийн газрын үндсэн чиг үүргүүдийн нэг нь Хөрөнгө оруулалтын бодлого тэр дундаа Гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжилтийн асуудал юм. Бид уг чиг үүргийнхээ хүрээнд өнгөрсөн хугацаанд нилээдгүй олон ажлыг хийж гүйцэтгээд байгаа. Мөн цаашид ч бодлогын болон үйл ажиллагааны шинэ, шинэлэг ажлуудыг үргэлжлүүлэн хийх болно. Эдгээр ажлуудын талаар товч мэдээлэл хүргэе.

Нэгдүгээрт, Үндэсний хөгжлийн газар, Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглал” судалгааны ажлын тайланг Англи, Монгол хэл дээр боловсруулан гаргаад байна. Уг ажил нь Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын эрх зүйн болоод эдийн засгийн орчныг бүхэлд нь хамарсан томоохон хэмжээний тайлан болж гарлаа. Судалгааны ажил хийгдсэнээр Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг цэгнэн дүгнэж, цаашид хөрөнгө оруулалтын хууль, эрхзүйн орчинд хийх шинэтгэл болон энэ чиглэлээр төрийн байгууллагуудаас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Зөвлөмж гарсан.

Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтын шинэтгэлийн зураглалаас гарсан Зөвлөмжийн дагуу Монгол Улсын “Хөрөнгө оруулалтын бодлогын мэдэгдэл” бодлогын баримт бичгийг боловсруулж Засгийн газрын хуралдаанааар хэлэлцүүлж батлуулах ажлыг эхлүүлээд байна. Уг бодлогын баримт бичиг гарсанаар Монгол Улс богино, дунд болон урт хугацаанд Хөрөнгө оруулалтын орчинд ямар өөрчлөлт хийх гэж байгаа талаар, аль салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ямар хэлбэрээр татах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө олон улсад нээлттэй зарлана. Энэ нь Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлсэн, хөрөнгө оруулагчдын эргэлзээ, эрсдэлийг бууруулсан алхам болно гэж тооцоолж байгаа.

Гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гадаадын шууд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр тодорхой зорилго, зорилтууд туссан бөгөөд энэ хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл /ХОЭАХЗ/-ийг 2016 онд, Төр-Хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог 2017 тус тус байгуулан ажиллуулж байна. Уг бүтцүүд нь хөрөнгө оруулагчдын нилээдгүй олон өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Товч мэдээлэл өгөхөд Монгол Улс нь хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах чиглэлээр гадаад талдаа Хөрөнгө оруулалтын талаар үүссэн маргааныг шийдвэрлэх тухай Вашингтоны конвенцид нэгдэн орсон. Мөн 43 улстай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг байгуулсан байдаг.

Мөн дотоод орчны хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулинд Хөрөнгө оруулалтын баталгаатай холбоотой асуудалд онцгой анхаарч тусад нь бүлэг болгон тусгаж өгсөн байдаг.

Түрүүн дурдсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн Ажлын алба, нарийн бичгийн даргын үүргийг өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрхзүйн газар хариуцан ажилладаг байсан бол одооноос эхлэн Үндэсний хөгжлийн газар болон миний бие уг үүргийг давхар хариуцан ажиллахаар шийдвэр гараад байна.

Дөрөвдүгээрт, Хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах механизмын цахим системийг хөгжүүлэхээр Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллаж байна.

Энэхүү шинэ сиситемийн дагуу хөрөнгө оруулагч нь гомдлоо биечлэн буюу цаасаар гаргах шаардлагагүй болж, ямар нэгэн төрийн байгууллага, төрийн албан хаагчтай уулзахгүйгээр цахим хэлбэрээр өргөдөл, гомдлоо хүргүүлэх бөгөөд Зөвлөлийн Ажлын алба буюу Үндэсний хөгжлийн газар нь гомдлыг хүлээн авч, холбогдох төрийн байгууллагатай цахим хэлбэрээр холбогдон санал, дүгнэлтийг нь гаргуулан авч тухайн гомдлын шалтгаан нь Монгол Улсын олон улсын гэрээ болон дотоодын хууль, журмыг зөрчсөн эсэхийг нягтлана.

Энэ дагуу тухайн гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл Ажлын алба нь холбогдох хууль бус шийдвэрийг гаргасан төрийн байгууллагад гаргасан шийдвэрээ өөрчлөх арга хэмжээ авах талаар Зөвлөмж хүргүүлнэ.

Хэрэв Ажлын албаны Зөвлөмжийг заасан хугацаанд хэрэгжүүлээгүй бол Хөрөнгө оруулагчдын эрх ашгийн хамгаалах зөвлөлөөр асуудлыг хэлэлцүүлж Зөвлөл эсхүл Засгийн газраас тухайн асуудлаар чиглэл өгч, хөрөнгө оруулагчийн гомдлыг барагдуулж ажиллах болно.

Тавдугаарт, Үндэсний хөгжлийн газар нь Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан Нэг цэгийн үйлчилгээний төвийг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж байна.

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь өнгөрсөн хугацаанд нилээдгүй олон удаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд хамрагдаж, нэрээ сольсон байдаг. Энэ институцийн тогтворгүй байдал нь Хөрөнгө оруулагчдад нилээдгүй хүндрэл учруулж, үйл ажиллагаанд нь саад болдог гэдгийг судалгаанууд харуулдаг тул байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулдаг Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах нь хөрөнгө оруулалтыг дэмжсэн томоохон ажил болно гэж үзэж байна.

Нэг цэгийн үйлчилгээний төвөөс дараах төрийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийг шат дараатайгаар гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх зорилготой байгаа. Үүнд:

  1. Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчны зөвлөгөө, мэдээлэл;
  2. Хөрөнгө оруулалтын татварын болон татварын бус дэмжлэг, баталгааны зөвлөгөө, мэдээлэл;
  3. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэл, оноосон нэрийн баталгаажуулалт, нэмэлт, өөрчлөлт, лавлагаа, тодорхойлолт, хөрөнгө оруулагчийн карт, бусад түүнтэй холбоотой дагалдах үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл;
  4. Татварын зөвлөгөө мэдээлэл, татвар төлөгчийн бүртгэл, тоон гарын үсэг олгох, лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх, тайлан хүлээж авах, гадаад хөрөнгө оруулалттай компаниуд, хөрөнгө оруулагчдын авто тээврийн хэрэгслийн татвар хураах;
  5. Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх болон оршин суух зөвшөөрөл олгох, сунгалт хийх, түүнтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл;
  6. Нийгмийн даатгалын бүртгэл, тайлан хүлээж авах, лавлагаа, тодорхойлолт гаргах, зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг болно.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж