NBA-гийн оддын нэг, “Чикаго”-гийн лидер Деррик Роуз баруун хөлийнхөө өвдөгний менискийн гэмтэл авсан тул хагалгаа хийлгэхээр болсон тухай мэдээлэл цацагдлаа. 26 настай Роуз 2013 оны арваннэгдүгээр сард яг ийм гэмтэл авсаны улмаас улирлыг дуустал талбайд гарч чадалгүй, эмчилгээ хийлгэж гам барьсан билээ. Тэгвэл ойрын хугацаанд Роуз хагалгаа хийлгэж, хагалгаа хэр амжилттай болсоноос шалтгаалан хэзээ талбайд гарах боломжтойг эмч нар тодорхойлох юм байна.
Роуз хэзээ, яг ямар тохиолдолд ийм гэмтэл дахин авсанаа өөрөө мэдэхгүй байгаа гэнэ. Хүнд гэмтлийн улмаас олон сарын турш талбайд гарч чадаагүй Деррик Роуз бүтэн улирал ч тоглож чадалгүй дахин хүнд гэмтэл авсанд харамсаж буйгаа Леброн Жеймс илэрхийлээд, сэтгэлийн хаттай байхыг хүслээ.
“Деррик Роузын төлөө санаа зовниж байна. Дүү минь сэтгэлээ битгий унаарай! Сэтгэлийн хаттай байгаарай” гэж Леброн Жеймс твиттертээ бичсэн байна.
Деррик Роуз энэ улиралд 46 тоглолтод гарч, нэг тоглолтод дунджаар 18.4 оноо, 3.1 самбар, 5.0 дамжуулалт өгсөн үзүүлэлттэй тоглосон юм.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: http://horom.mn