Хүний нөөцийн менежментийн олон улсын стандартыг монголд нэвтрүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Хүний нөөцийн менежментийн олон улсын стандартыг монголд нэвтрүүлж эхэллээ

Өнөөдөр бүх зүйлд стандарт гэдэг зүйл яригдах болсон. Учир нь аливаа улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л салбарт энэхүү стандарт гэдэг зүйлийг баримталдаг төдийгүй тэр хирээр үйл ажиллагаа нь хүртээмжтэй, өндөр  бүтээмжтэй байж, үр дүнтэй үйлдвэрлэлийг бий болгодог байна. Тэгвэл сүүлийн үед стандарт гэдэг зүйлийг зөвхөн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнд нэвтрүүлэх бус, хүн буюу тухайн байгууллагын үндсэн хөрөнгө болох хүний нөөцөд хэрэгжүүлэх болсон байна. Уг хүний нөөцийн менежментийн олон улсын стандартыг дэлхий дахинд батлан хэрэгжүүлээд удаагүй байгаа юм. Одоогоор дэлхийн дахинд таван оронд хэрэгжүүлж эхэлсэн бол зургаа дахь орон нь Монгол орон болжээ Энэ талаар бид төслийн багийн гишүүн Монгол Улсын гавьяат багш,  ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор, доктор профессор Хадын Пүрэвдагватай ярилцлаа.


-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.  Та бүхэн монголд хүний нөөцийн менежментийн олон улсын стандартыг нэвтрүүлэхээр томоохон төсөл эхлүүлээд ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр яагаад энэ стандартыг нэвтрүүлэх болсон талаараа сонирхуулаач?

Стандарт гэдэг бол энгийн үгээр тайлбарлавал үйл ажиллагааны жишиг хэм хэмжээ гэж ойлгож болно. Сүүлийн үед аливаа үйл ажиллагааны хүрээ болгонд стандарт яригдах болсон. Олон улсын стандартчиллын байгууллагаас хүний нөөцийн менежментийн 30400 багц стандартыг гараад байна. Энэ стандартыг Монос группийн удирдах ажилтнууд болон хүний нөөцийн мэргэжлийн хамт олон санаачлаад үндэсний стандарт болгох үйл ажиллагааг өнгөрсөн хавар эхлүүлсэн. Олон улсын байгууллагаас гаргасан хүний нөөцийн менежментийн стандарт гэдэг баримт бичиг бол цоо шинэ зүйл бөгөөд өнөөдөр дэлхий дээр Америк, Франц, Герман, Англи, Болгар гэсэн таван оронд л хэрэгжүүлж эхэлсэн, харин  манай орон зургаа дахь орон болж байгаа юм. Би багш хүний хувьд, судлаач хүний хувьд олзуурхаж байгаа нэг зүйл бол, бид нар хүний нөөцийн менежментийн хувьд орчин үеийн шинэ хандлагатай зэрэгцэн очиж  байгаадаа баяртай байна. Ер нь байгууллага гэдэг чинь нэг зорилгын төлөө зохион байгуулагдсан хүмүүсийн нэгдэл. Тэгэхээр байгууллага ярихаар хүн л яригдана. Хүн бол байгууллагын гол нөөц, нөгөө талаас хүн нь байгууллагын үндсэн капитал гэсэн үг. Энэ цөм нөөц, цөм капиталыг хэрхэн үр дүнтэй удирдаж, энэ капиталын өгөөжийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг талаасаа энэ стандартууд зайлшгүй хэрэгтэй. Нөгөө талаас үүнийг нэвтрүүлснээр бидэнд ямар ашигтай юм, юу чадах юм, юу мэддэг болох юм, юуг цэгцлэх юм, ямар үр дүнтэй байх юм гэдэг олон асуултын хариу эндээс гарна. Хүний нөөцийн менежментийн үйл ажиллагаа бол зөвхөн хүний нөөцийн менежерийн ажил биш юм. Үүнийг хэн хэрэгжүүлэх вэ гэвэл байгууллагын удирдлага нь хэрэгжүүлдэг. Олон улсын стандартаар байгууллагын удирдлагыг гурван том шатлалт хувааж үзнэ. Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, үйл ажиллагааны удирдлага, энэ гурав хамтарч байж хүний нөөцийн менежмент гэдэг үйлийг хэрэгжүүлнэ. Тэр тусмаа дээд удирдлага буюу топ менежмент нь хүний нөөцийн менежментийн үүргийг хэрэгжүүлж хариуцлагыг дангаараа хүлээнэ гэсэн үг. Одоо үед бол энэ бүхнийг хүний нөөцийн ажилтан буюу HR –ууд хийдэг гэж ойлгодог. Гэтэл байгууллагын гол капитал болох хүний асуудлыг  дээд удирдлага нь хариуцаж хэрэгжүүлэх ёстой гэсэн үзэл санаа энэ стандартад орсон байгаа. Гэхдээ манайд үндэсний стандарт болгох гэж байгаа энэ тав, зургаан стандарт бол хүний нөөцийн менежментийн бүх чиг үүргүүдийг хамраагүй, хойноос нь олон улсын байгууллагаас үлдсэн стандартуудыг мөн гаргаж байгаа. Одоогийн байдлаар зарим нь хэлэлцэгдэж, зарим нь боловсруулагдаад явж байгаа гэсэн мэдээлэл байна. Бидний хувьд батлагдаад гарчихсан байгаа стандартуудыг Монголдоо нэвтрүүлэх алхмаа хийгээд явж байна. Хамгийн гол зүйл бол энэ стандартыг оруулж ирэх санаачлагыг гаргасан Монос групп маань өөрсдөө хүний нөөцийн менежментийн энэ стандартаа үйл ажиллагаандаа яв цав, агуулгаар нь нэвтрүүлж, бусад байгууллагад үлгэр жишээ болж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гэж ойлгон хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж үлгэр жишээ болохгүй бол, манайхны гаргадаг алдаа болох аливаа зүйлийг хэлбэрдэх гээд байдаг зуршил. Магадгүй ингэж хэлбэрдсэн тохиолдолд сөрөг нөлөө ч гарч болох юм. Монос группийн хувьд үүнийг орчуулаад, боловсруулаад, батлуулаад гаргана гэдэг нэг хэрэг, харин үүнийг хэрэгжүүлнэ гэдэг хамгийн том хариуцлагатай алхам юм. Миний зүгээс сэтгэл хангалуун байгаа ганц зүйл бол эднийх үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой, чадвартай хамт олон гэж үзэж байгаа болохоор  төслийн багт чадах чинээгээрээ тусална гэж бодож байгаа.

-Анх удаа нэвтрүүлж байгаа учраас зөв хийж, зөв нэвтрүүлж байгааг нь  хэн хянаж  хэн зааварчлах юм?

Олон улсын стандартчиллын байгууллагаас мэргэжилтнүүд ирж төслийн багийнханд сургалт орж бүх зүйлийг тайлбарлан сургасан байгаа, тун удахгүй тэр байгууллагаас нь гэрчилгээ нь ирнэ.  Тэгэхээр эдгээр хүмүүс маань цаашид сургагчид төдийгүй, энэ стандартыг Монгол Улсдаа анх Монос Групп -д нэвтрүүлэх ажлын хэсэг болох байх гэж бодож байгаа.

-Монголд энэ стандартыг нэвтрүүлэх боломж нь хэр байгаа гэж бол? Манай аж ахуй нэгжид ажиллаж байгаа хүний нөөцийн ажилтнууд мэргэжлийн хувьд хир чадвартай мэргэжилтнүүд байдаг бол? 

Байгууллага гэдэг нэртэй л байвал тэнд хүний нөөцийн мэргэжилтэн байх ёстой. Гэтэл яг их дээд сургуулиар бэлтгэгдсэн мэргэжилтэн гэвэл тун цөөхөн.  Тухайлбал ШУТИС-ийн хуучин  КТМС одоо бол Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль дээр 1994 оноос энэ чиглэлээр сургалт хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 600 гаран Бакалавр, Магистр мэргэжилтэн бэлтгэгдсэн байдаг. Статистикийн мэдээллээр харвал монголд бүртгэлтэй аж ахуй нэгж хэдэн зуу мянгаараа яригдаж байгаа ч түүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь гэвэл жар гаран мянга гаран байна. 199 ажилтнаас доош ажилтантай жижиг дунд үйлдвэрлэл гэвэл 50,000 гаруй байна. Миний тооцоогоор бол 50 ажилтантай байгууллага хүний нөөцийн мэргэшсэн мэргэжилтэнтэй байх шаардлагатай. Тэгвэл өнөөдөр монголд 60,000 гаруй боловсон хүчин хэрэгтэй байна гэсэн үг. Гэтэл сүүлийн үед үүнийг нөхөх боловсон хүчин бэлтгэдэг олон курс гарч ирсэн. Үүнд би сэтгэл дундуур байдаг, учир нь байгууллагын цөм болсон хүн гэдэг үнэт капиталыг удирдан зохион байгуулах асуудлыг курсын буюу богино хугацааны сургалтаар бэлдэж болохгүй байх. Өчигдөрхөн би нэг мэдээлэл уншсан. Төрийн бус нэг сургалтын байгууллага 60,000 хүний нөөцийн удирдах ажилтан бэлтгэлээ гэсэн байсан. Гэхдээ би тэр байгууллагыг хэдийн хугацаанд оршин тогтнож, хичээн сургалт зохион байгуулсныг мэдэхгүй ч харамсалтай санагдсан. Магадгүй тэр дундаас маш сайн хүний нөөцийн менежер гарсан байхыг би үгүйсгэхгүй, гэхдээ массаар нь аваад үзвэл академик сургалтаар л сургах хэрэгтэй. Тэгэж бэлтгэгдсэн хүн байгууллагынхаа удирдлагад хүний нөөцийн менежментийн талаар шинжилгээг нь хийгээд өгдөг, хэрэгцээтэй мэдээллийг гаргаад өгдөг, боловсруулж өгдөг, төлөвлөгөөнийх нь төслийг гаргаад өгдөг, стратегийг нь боловсруулж өгдөг чадвартай болох юм. Энэ утгаараа манайд өнөөдөр хүний нөөцийн боловсон хүчин дутагдалтай байна. Гэхдээ манай зарим нэг бизнесийн байгууллагын удирдлага хүний нөөцийнхөө менежментийг хэрэгжүүлэхдээ гадаадын  эх сурвалжуудаас мэдээлэл авч, туршлагатай нь танилцаад явж байгаа сайн тал ч байна. Гэвч хүний нөөцийн менежмент гэдэг тэр удирдлагын үйл ажиллагааны агуулгыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадаж байна уу гэвэл бас асуултын тэмдэгтэй. Иймээс ч үүнийг хэрэгжүүлэх шаардлагатай, нөгөө талаас хэрэгжүүлэх бүрэн бололцоотой. Мөн даяаршиж байгаа өнөө үед бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд гадаад харилцаандаа маш их анхаарч өргөн хүрээнд хөгжиж байна. Тэгвэл гадаадын хамтрагчид хамгийн түрүүнд  тухайн байгууллага дээр ирээд нөөцийн судалгааг хийдэг. Тухайлбал санхүүгийн ямар чадамжтай юм, үйл ажиллагааны ямар чадвартай юм, бизнесийн орчин нь ямар юм, бүтээгдэхүүн нь ямар юм, тэгээд мэдээж энэ бүхнийг гардан хийж байгаа хүн гэдэг капитал нь хир зэрэг бэлтгэгдсэн юм гэдгийг судалдаг. Иймээс тэдэнд кампанийн зүгээс хүнээ яаж сонгож багаа хэрхэн бүрдүүлдэг, тэднийг хэрхэн бэлтгэж, хөгжүүлж, сургаж авдгаа ойлгуулах хэрэгтэй.  Ингэж ойлгуулах гол түлхүүр бол дэлхий дахинд хүний нөөцийн менежмент гэдэг нэгдсэн ойлголтонд хүрсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт юм. Энд хэрэглэдэг нэр томъёо стандарт хаана ч адил байдаг юм.

-Тэгвэл энэ талаар мэдээлэл солилцох томоохон форумыг энэ сарын 29-нд зохион байгуулах гэж байгаа гэсэн.

Хүний нөөцийн нэг хэллэг байдаг юм  “Сайн найзаа ажилд битгий ав, сайн ажилтныг олж ав” гэж. Тэгэхээр тэр сайн ажилтныг олж авахын тулд удирдлагын зүгээс ямар үйл ажиллагааг хэрэгжүүлэх вэ? Ер нь яг тухайн ажил дээр тохирсон авьяас, чадвартай, мэдлэгтэй дадлага туршлагатай хүнийг бүрдүүлж авахаас эхлээд түүнийг цааш нь хөгжүүлэн байгууллагынхаа үнэ цэнэтэй капитал болгон , магадгүй насан туршид нь ажиллуулах энэ бүх ажиллагааг удирдах үйл явцыг хүний нөөцийн менежмент гээд байгаа юм. Энэ менежментийг цэгцтэй хэрэгжүүлэх боломжийг олон улсын стандарт олгож байгаа.  Тэгэхээр бид ямар ч байсан энэ стандартыг үндэсний стандарт болгож батлуулах учраас, “энэ стандарт ер нь хэрэгтэй юу, энэ стандартын агуулга нь юу юм бэ” гэсэн талаар олон нийтэд мэдээлэл өгөхөөр энэ форумыг зохион байгуулж байгаа юм. Форумд төрийн захиргааны төв байгууллагууд болон бизнесийн томоохон компаниуд, их дээд сургуулиудын төлөө гэх мэтчилэн нийгмийн төлөөл болсон 300 гаран төлөөлөгчид оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж