Тэд дайснууд биш, харин андууд болсон

Хуучирсан мэдээ: 2015.02.25-нд нийтлэгдсэн

Тэд дайснууд биш, харин андууд болсон

Хүүгийн нэр Петя. Нөгөөх нь чоно, мэдээж түүнд нэр байхгүй. Энэ хоёрыг яагаад ингэж найз юм шиг, эв найрамдалтайгаар харуулж зурсан нь учиртай. Тэд дайсан биш, харин нөхөд болсон учраас тэр юм.

Хэдийгээр ой дотор гэнэт гарч ирж архиран Петя хүү болон түүний хайртай шувуу хоёр руу дайрсан ч хүний хүү ухаан зааж өөрөөсөө хүчтэй зэрлэг араатныг тогтоон барьж чаддаг. Хүүд хайртай шувуу нь тусалсан. Тэднийг хөвчийн хөх чонотой хэн нь хэн болохоо үзэж байх зуур анчид ирж, чоныг буудах гэхэд Петя хүү болиулдаг. Хэдүүлээ энэ чоныг алахын оронд амьтны хүрээлэнд аваачиж өгье гэж амийг нь авардаг. Гэтэл өнөө чоно гуайн гэдсэн дотор нэг амьтан аврал эрэн дуугарч байх аж. Тэр ямар амьтан бэ, хэзээ, ямар золгүй тохиолдлоор чонын ходоодонд оров, цаашид яах бол, Петя хүү ямар нэгэн юм сэдэх болов уу.

Энэ бүхний талаар хөгжимтэйгөөр өгүүлэн хүүрнэх “Петя, чоно хоёр” хөгжимт жүжиг хүүхэд багачуудыг урин дуудах цаг мөч ойртож байна. Хүүхдэд зориулсан энэхүү шинэ бүтээлийг “Бяцхан Моцарт” ТББ, UNICO хамтлаг хамтран зохион байгуулж байгаа юм.

Мэдээллийг дэлгэрэнгүйгээр цувралаар хүргэсээр байх болно. Нээлтийн тоглолт хоёрхон өдөр болох тул хүүхдүүдээ үзүүлэх эцэг эх, гэр бүлүүд, байгууллага, хамт олон байвал захиалгаа эртхэн өгөхийг санал болгож байна. Тоглолт ирэх сарын 11,12-нд болох юм.

Р.ОЮУН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж