Нээлттэй зах зээл рүү хөрөнгө оруулалт цутгадаг

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Нээлттэй зах зээл рүү хөрөнгө оруулалт цутгадаг

Нээлттэй зах зээл рүү хөрөнгө оруулалт цутгадаг

Нээлттэй эдийн засагтай орнууд хөрөнгө оруулалтын хүчээр хөгжиж бас хөлжиж байна. Ялангуяа, бидэнтэй адилхан хөгжиж буй орнууд “хөгжлийн санхүүжилт” татах гэж хоорондоо өрсөлдөж, тогтвортой орчин, татварын таатай бодлогоо хөрөнгө оруулагчдад ам өрсөн ярьж, анхааралд нь өртөх гэж хичээж байна. Бид тэдний хувьд нэг өрсөлдөгч нь. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өдгөө улам үнэ цэнэтэй болж, түүний эрэлд улс болгон гарцгаах болсон. Гэхдээ эдийн засгаа тэнцвэржүүлэх гэж хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэхэд илүү их анхаардаг болжээ.

Манай орныг зорих гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017 онд 2.9 тэрбум ам.долларт хүрч, 2016 онтой харьцуулахад 28.6 хувиар өссөн. Тэгвэл энэ онд илүү өсөлтийг төр засаг маань горьдож сууна. Гэвч олборлох салбарын хөрөнгө оруулалтад найдах бус үр ашигтай хөрөнгө оруулалт даллах өөр салбараа өөд нь татах цаг болжээ. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэмж татахаас гадна бусад салбарт шууд хөрөнгө оруулалт авах замаар эдийн засгаа төрөлжүүлж, орлогоо солонгоруулах шаардлагатай Монгол Улс хүссэн, хүсээгүй тулгарч эхэллээ.

Бидэнд гаднаас хөрөнгө оруулалт татах нөөц боломж их бий. Хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварын судалгаагаар, малын мах боловсруулах, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноолууран эцсийн бүтээгдэхүүн, махны чиглэлийн эрчимжсэн фермерийн аж ахуй, сүүний чиглэлийн эрчимжсэн фермерийн аж ахуйд үр ашиг эрэлхийлсэн стратегийн хөрөнгө оруулалт татах өргөн боломж байна. Эдгээрээс гадна боломжит салбарт цахим худалдаа, аялал жуулчлал багтжээ. Хүн амын 85 хувь нь ухаалаг утас барьдаг, 25 хувь нь онлайн худалдааны хэрэглэгч тул цахим худалдаа хөгжих нөхцөл бүрдсэн гэж Үндэсний хөгжлийн газар, дэлхийн банкнаас гаргасан “хөрөнгө оруулалтын шинэчлэлийн зураглал”-д өгүүлжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хөгжиж буй эдийн засгуудын хувьд гадаад санхүүжилтийн хамгийн том эх үүсвэр байдаг.

ХҮН АМЫН 85 ХУВЬ НЬ УХААЛАГ УТАС БАРЬДАГ ТУЛ ЦАХИМ ХУДАЛДАА ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ

Үүнийг зөвхөн мөнгөн дүнгээр хэмжих нь өрөөсгөл. дэлхийн банкны тодорхойлсноор, шууд хөрөнгө оруулалт нь хөрөнгийн орох урсгалаас хавьгүй илүү зүйлийг авч ирдэг байна. Тухайлбал, өндөр цалин хөлс, шинэ технологи ба ноу-хау, менежментийн шинэ туршлага, өндөр бүтээмж, илүү тооны ур чадвартай ажлын байр бий болгодог. Тэрчлэн эдийн засгийг төрөлжүүлж, бүс нутгийн болон  дэлхийн үнэ цэнийн сүлжээнд нэвтрэх боломж олгодог аж. Хөрөнгө оруулалт дагаж дотоодын үйлдвэр, үйлчилгээ цэцэглэдэг. Тиймээс ч манай улсын хувьд уул уурхайн бус хөрөнгө оруулалт татах нэн шаардлагатай байна. Ингэснээр орлогын эх үүсвэрээ төрөлжүүлж, түүхий эдээс хараат байдлаа багасгаж, тэр хэрээр эдийн засаг тогтвортой байх боломжтой гэдгийг дээрх тайланд дурджээ. Уул уурхайн салбарт зонхилох гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017 оноос эргэн сэргэж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.1 тэрбум ам.доллар манай улсад орж иржээ. Энэхүү дүн оны эцэс гэхэд илүү өсөх хүлээлттэй байна. Дэлхий нийтээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төрлөөр нь дөрөв ангилж байгаа. Энэхүү шалгуураар авч үзвэл манай улсад орж ирж буй шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь байгалийн баялаг эрэлхийлсэн гэсэн төрөлд хамаарах аж.

Үүнийг задалбал, манайхыг сонирхох хөрөнгө оруулагчид зөвхөн байгалийн нөөц баялгийг олборлох зорилгоор хөрөнгө оруулалт хийдэг болж таарч байгаа юм. Энэ нь зах зээл болон стратегийн хөрөнгө эрэлхийлсэн хөрөнгө оруулагчаас хамаагүй том орон зайг эзэлж буй аж. Дотоодын зах зээлд нэвтрэх боломжийг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт манай улсын нийт хөрөнгө оруулалтын 10 орчим хувиас хэтрэхгүй байна. Харин өрсөлдөх чадвар өндөр компаниудыг худалдаж авах замаар байр сууриа бэхжүүлдэг стратегийн хөрөнгө эрэлхийлсэн хөрөнгө оруулалт аялал жуулчлал болон тээврийн салбарт одоогоор нэвтэрчээ. Энэ нь шууд хөрөнгө оруулалтын дөнгөж гурван хувьтай тэнцэж байна. Хөрөнгө оруулалтын төрөл, хэлбэр бүр харилцан адилгүй. Шууд хөрөнгө оруулалт нь төрлөөсөө хамаарч тухайн улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өөр өөр үр нөлөө үзүүлдэг тул тэдгээрт чиглэсэн тус тусдаа бодлого шаарддаг байна. Монгол Улс эдийн засгийн дараагийн үе шатанд гарахын тулд үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулалтыг татах шаардлагатайг дэлхийн банкны шинжээчид онцолж байна. Ийм төрлийн хөрөнгө оруулалт татаж чадсан улс илүү хөгжиж, эдийн засаг нь тэнхээтэй байгаа юм.

  • Манай орныг зорих гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017 онд 2.9 тэрбум ам.долларт хүрч, 2016 онтой харьцуулахад 28.6 хувиар өссөн.
  • Дэлхий нийтээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төрлөөр нь дөрөв ангилж байгаа.
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалт хөгжиж буй эдийн засгуудын хувьд гадаадын санхүүжилтийн хамгийн том эх үүсвэр байдаг.

Олон улсын үйлдвэрлэлийн сүлжээнд зардлаа хэмнэх үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулагч манай улсад одоогоор алга байгааг “хөрөнгө оруулалтын шинэчлэлийн зураглал” тайлангаас харж болно. Уг тайлангаар манай улсад бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж, түүнийгээ гуравдагч орны зах зээлд борлуулдаг үр ашиг эрэлхийлсэн хөрөнгө оруулагчийн орон зай эзгүй байна.

Хөрөнгө оруулалтаар дамжуулан улсаа хөгжүүлсэн орны жишээ цөөнгүй. Зүүн азийн эдийн засгийн тулах цэг нь болж, “азийн бар” орны эгнээг тэлсэн Өмнөд Солонгосын хөгжлийн нууц нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, түүнийг дагаж ирсэн ноу-хау, техник технологийн ололт байсныг дэлхийн банкны хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн удирдагч Д.Жигжидмаа онцоллоо. Аж үйлдвэр 200 жил хөгжсөн өрнөдийн орны хэмжээнд эдийн засгийн чадал чансаагаар эрэмбэлэгдсэн Өмнөд Солонгос тэдний хоёр зууныг дамжсан замыг 50-хан жилийн дотор туулсан байдаг юм.

1998 оны Зүүн азийн эдийн засгийн хямралыг ч солонгосчууд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хүчээр давж гарсан.  Ингэснээр өнөөдөр дэлхийд усан онгоцны үйлдвэрлэлээр тэргүүлж, ухаалаг гар утасны зах зээлийн 28 хувийг дангаар эзэлж байна. Тэгсэн атлаа өнгөрсөн хугацаанд Apple компанийн бүтээгдэхүүний эд ангийг Samsung үйлдвэрлэж байлаа. “Хөрөнгө оруулалт яг энерги шиг. Солонгос хөгжсөн гол шалтгаан нь нээлттэй байсан. Хөрөнгө оруулалт нээлттэй эдийн засаг руу илүү цутгадаг. Монгол Улсын хувьд ч ялгаагүй нээлттэй эдийн засгийг бий болгох хэрэгтэй байна” гэж Д.Жигжидмаа хэллээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж