Гоо сайхны мэс заслын төв хэмээгддэг өмнөд Солонгост залуу охид, бүсгүйчүүд нь байж боломжгүй гоо сайхны хэмжүүрийг эсэргүүцэн, нүүрний будгуудаа устган, үсээ тайрах зэргээр тэмцэл гаргаж эхэлжээ.
“Гоо сайхныг эсэргүүцэгчид” хэмээн өөрсдийгөө нэрлэж буй тэдгээр хүмүүс хөөрхөн харагдахын тулд нүүрээ будах, үс гэзгээ янзлахад хэтэрхий их санаа тавих шаардлага гардаг нь Өмнөд Солонгост бүсгүй хүн үзэсгэлэнтэй байх нь сайн хүнтэй сууж, ажлын карьераа ахиулах гол хүчин зүйл хэмээх ойлголт олон нийтийн дунд байдагтай холбоотой хэмээн тайлбарлажээ. Харин тус хөдөлгөөнийхөн эмэгтэй хүнийг хөөрхөн царайтай байх ёстой гэсэн тогтсон ойлголтыг үгүй хийж, нийгэм дэх эмэгтэй хүний үнэлэмжийг дээшлүүлэх зорилго тавьсан байна.
“Remove corset ” хэмээх энэхүү хөдөлгөөнийг анх эхлүүлсэн эмэгтэй хагас сая дагагчтай өөрийн Youtube сувгаар бичлэг хийн, гоо сайхны стандартын тухай үзэл бодлоо илэрхийлэн, хуурамч сормуус, давхраа, зузаан нүүрний будгаа арилгаж, өөрийн төрөлхийн царайгаа харуулж байгаагаар эхэлжээ. Тус бичлэгийн сэтгэгдэл дор хүмүүс, “чиний будаггүй царай чинь аймшигтай байна, арьс чинь ямар муухай юм бэ. Эмэгтэй хүнийх мөн үү?” гэхчлэн бичиж байжээ. Харин тэр хариуд нь “би царайлаг биш. Гэхдээ хүн бүрт өөрийн гэсэн гоо үзэсгэлэн гэж бий” гэжээ. Түүнийг үзэн ядах хүмүүс байсан ч үзэл хандлагад нь олон охид, бүсгүйчүүд урамшиж, “Remove corset” гэх хөдөлгөөнийг эхлүүлэн фэйсбүүк, инстаграм, твиттер хуудсандаа нүүрний будгуудаа хаян, үсээ тайрч байгаа зураг, бичлэгээ оруулж эхэлсэн байна. Тэдгээр эмэгтэйчүүд өмнө нь нүүрний будаггүй гарахдаа нийгмийн хэм хэмжээг зөрчиж байгаа мэт санагддаг байсан бол одоо өөрийгөө чөлөөлж чадсан хэмээн бичжээ.
Өмнөд Солонгост толигор зөөлөн арьстай, төгс нүүрний хэлбэртэй эмэгтэй хүний гоо сайхны хэмжүүрт охид бүсгүйчүүд хэт автсанаас нүүрээ маш зузаан буддаг төдийгүй гоо сайхны хагалгаанд ч ихээр ордог байна. Үүнтэй холбоотойгоор өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл ч дэлхийд хамгийн томд тооцогддог ажээ.
Түүнчлэн эмэгтэй хүмүүс олон нийтийн газар хөөрхөн харагдах ёстойгоос гадна телевизээр нүдний шилтэй гарч болохгүй гэсэн бичигдээгүй хууль хүртэл бий болжээ. Харин MBC сувгийн нэгэн нэвтрүүлэгч эмэгтэй оройн мэдээний үеэр нүдний шил зүүсэн байсан нь тус хөдөлгөөн хүчээ авахад нөлөөлсөн байна.
Цөөн тооны залуу хүмүүс тус хөдөлгөөнийг эхлүүлж байгаа ч яваандаа хүчээ авч, нийгэм дэх энэ ойлголтыг өөрчлөн, бүсгүйчүүдийг хэрэггүй зүйлд санаагаа чилээн, цаг заваа зарцуулдаг зуршлаас нь салгаж, эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэнгийн тухай илүү их анхаарахад хүргэх болно хэмээн өмнөд Солонгосын хэвлэлд бичжээ.
Эх сурвалж: telegraph.co.uk
Холбоотой мэдээ