НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Бизнес ба хүний эрхийн 7 дахь удаагийн форум 2018 оны 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Женев хотноо “Бизнесийн байгууллагууд сайн туршлагад тулгуурлан хүний эрхийг хүндэтгэн сахих нь” сэдвийн дор зохиогдов.
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Элчин сайд Л.Пүрэвсүрэн тус форумын хүрээнд 11 дүгээр сарын 28-ны өдөр зохиогдсон “Үлгэрлэн тэргүүлэх: Засгийн газрын худалдааг дэмжих, хөгжлийг санхүүжүүлэх бодлого, үйл ажиллагааг хүний эрхид үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлэх хөшүүрэг болгон ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, манай улсын хамтран санаачилсан “Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн холбоо”-ны талаар танилцуулж үг хэллээ.
Тэрээр юуны өмнө дэлхий дахинаа эрүүдэн шүүх, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс татгалзаж, цаазаар авах ялыг хориглож буй улс орнуудын тоо өнгөрсөн 20 жилийн хугацаанд мэдэгдэхүйц өсөн нэмэгдсэн хэдий ч эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үргэлжилсээр байгааг онцлов.
Иймд Монгол Улс эрүүдэн шүүхэд хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний худалдааг хориглох, олон нийтэд ойлголт, мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох, гишүүн орнуудын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дундын мэдээллийн сан үүсгэх зорилгоор Европын Холбоо болон Аргентин Улстай хамтран “Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн холбоо”-г 2017 онд үүсгэн байгуулсныг мэдээллээ.
Дэлхий нийтийн холбоо нь 2017 онд байгуулагдсанаас хойш 2018 оны 6 дугаар сард Брюссель хотноо 40 орчим улс орны төлөөлөгчид оролцсон шинжээчдийн уулзалт, мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр 2018 оны 9 дүгээр сард гишүүн орнуудын Сайд нарын анхдугаар уулзалтыг амжилттай зохион байгуулсан ажээ.
Элчин сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэхүү үзэл санааг дэмжиж 60 гаруй улс тус Холбоонд нэгдсэн нь уг санаачилгыг хамтын хүч чармайлтаар урагшлуулахад чухал түлхэц үзүүлнэ гэж үзэж буйгаа тэмдэглээд Сайд нарын уулзалтаар эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох олон улсад дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг гаргах чиглэлээр ажиллахаар шийдвэрлэснийг мэдээлэв.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Холбоотой мэдээ