Сүүлийн үед замын хөдөлгөөнд оролцох үеэрээ манай нохойг гэмтээлээ гэх өргөдөл цагдаагийн байгууллагад ирэх болжээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.
-Замын хөдөлгөөний явцад нохой бэртээж, гэмтсэн гэх гомдол иргэдээс ирэх болсон байна. Нохойг замын хөдөлгөөнд хэрхэн оролцуулах вэ?
-Ердийн хөсгөөр зорчигч, мал туугчдад тавих шаардлага гэж бий. Нохойг замын хөдөлгөөнд оролцуулах үйл явц энэ шаардлагын дагуу явагддаг. Энэ дүрмийг зөрчсөнөөр таны хэлсэн зөрчил гардаг. Тиймээс эзэд нь энэ дүрмийг судалж, уншаад энэ чиглэлийн хамгаалалтын арга хэмжээг авах шаардлагатай. Наад зах нь нохойг замын хөдөлгөөнд оролцуулах, замын хажуугаар хөтөлж явах, замаар гарахдаа уяаг нь богиносгож, өөрөөсөө хол зайнд байлгаж болохгүй.
-Нохойг машинд авч явах үед, өөр машин мөргөж, осол гаргаснаар нохой гэмтэж, эзэн нь 4, 5 сая төгрөгийн нөхөн төлбөр шаардсан тухай дуулдах боллоо. Энэ тохиолдолд маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Нохойнд суудлын бүс бүслүүлнэ гэсэн дүрэм байхгүй. Өөрөөр хэлбэл, зохицуулалт байхгүй. Тиймээс Замын хөдөлгөөний дүрмээ баримталж замын хөдөлгөөнд оролцох ёстой. Ер нь энэ төрлийн дуудлага манайд ховор ирдэг.
Холбоотой мэдээ