Олон нийтийн онлайн сүлжээ Твиттер компаниас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нэртэй хуурамч хаягуудыг устгасан талаараа мэдээлэл хийжээ. Тухайлбал, “@putinRF_eng” гэх хуурамч хаягийг ОХУ-ын албаныхны хүсэлтээр устгасан байна. Нэг сая орчим дагагчтай тус хаягийг 2012 оны арваннэгдүгээр сард нээсэн байжээ. Тус хаягаар ихэвчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины албаны зураг, мэдээллийг олон нийтэд түгээдэг байсан аж. Энэ талаар “Reuters” агентлаг Кремлийн албаныхнаас мэдээлэл авахыг хичээсэн боловч чадаагүй гэж мэдээлжээ.
Гэтэл өнгөрсөн 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ОХУ нь олон нийтийн сүлжээгээр дамжуулан үр дүнд нөлөөлсөн гэх хэрэг сүүлийн хоёр жилийн турш хоёр орны хооронд маргаан дагуулсаар байгаа билээ.
Эх сурвалж: Reuters