НИТХ-ын дараагийн хурлыг ирэх сарын 4-нд товлов

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

LiveНИТХ-ын дараагийн хурлыг ирэх сарын 4-нд товлов

НИТХ-ын дараагийн хурлыг ирэх сарын 4-нд товлов
19 : 36
2018-11-29

НИТХ-ын дараагийн хурлыг ирэх сарын 4-нд товлов

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын ээлжит XX хуралдааныг өндөрлүүлээд байна. Тус хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийн төслийг хэлэлцсэн юм. Харин дараагийн хэлэлцүүлгийг ирэх арванхоёрдугаар сарын 4-нд хийхээр товлов.

Хуульд зааснаар НИТХ нь Улаанбаатар хотын ирэх оны төсвийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-нд багтаан батлах дэгтэй юм. 

15 : 54
2018-11-29

НИТХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ

НИТХ-ын үдээс хойших хуралдаан 15.00 цагт эхлэх ёстой ч дөнгөж сая эхэллээ.  Тус хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Үдээс өмнөх хуралдаанаар уг төслийн хэлэлцэх үед Төрийн аудитын газраас төсвийн орлогын бүрдүүлэлт давсан гүйцэтгэлтэй байна. Татварын орлогыг барагдуулснаар ирэх оны төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлуулсан сурталчилгааны болон хаягийн байгууламжийн төлбөрийг бүрдүүлээгүй зөрчил илэрсэн. Нийслэл, дүүргийн төсвийн зарим байгууллагын бүтэц орон тоо, ажлын давхардлыг арилгуулснаар ирэх оны төсвийн зарлагыг бууруулах боломжтой. Ирэх онд зураг төсөвгүй ажил санхүүжүүлэхгүй байх, үр ашиггүй, алдагдалтай ажиллаж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай. Нийслэлийн Төрийн аудитын газраас ирэх оны төсвийн орлогыг зургаан тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, зарлагыг нэг тэрбум төгрөгөөр бууруулах санал гаргаж байгааг дуулгасан. Иймээс төсвийн хэлэлцүүлгийг хийх шатанд Аудитын байгууллагаас гаргасан энэ мэт саналыг тусгавал ирэх оны төсөв илүү чамбай болно гэж үзэх төлөөлөгчид байна. 

14 : 18
2018-11-29

С.Батболд: Одоо бид иргэдэд 1.6 тэрбумын өртэй байна

Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид холбогдох албаныхнаас тодруулга авлаа.

Төлөөлөгч Л.Нарантуа: -Татварын орлогоос бүрдүүлэх хөрөнгийн хэмжээг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Гэсэн хэрнээ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг бууруулсан байна. Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын зардалд дахиад өнөө жил гурван тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн тавилга, нүүлгэн шилжүүлэх зардалд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ мэтээр урсгал зардлаа бууруулж, жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжиж болохгүй юу. Татварын орлогыг нэмсэн атлаа ажлын байр нэмэгдүүлэх чиглэл алга?

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Улсын төсвөөс хамааралтай татварын орлогын хэмжээ өссөн. Хот өөрийн соёл, урлагийн арга хэмжээтэй байх хэрэгтэй. Энэ бүх арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүжилт Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлалын зардлаас гардаг юм. Эл хөрөнгийг өмнөх Засаг дарга нар ч төсөвлөдөг байсан. Ирэх жил Улаанбаатар хотын 380 жилийн ой тохионо. Тус ойг жилийн турш тэмдэглэн өнгөрүүлье гэж байгаа юм. Шаардлагатай төсвийг батлаад өгчихвөл бид төлөвлөснөө хийхэд бэлэн. Ажлын байр нэмэгдүүлэхэд би өөр бодолтой байдаг. Хэдэн төгрөг хуваарилж ажлын байр нэмэгдүүлдэггүй юм. Төр ажлын байр нэмдэггүй, хувийн хэвшил бий болгодог. Тиймээс хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Д.Энхтөр даргын чиг бүхий байгууллагад хөрөнгө төсөвлөдөг. Гэхдээ би хийж буй ажилд нь сэтгэл дундуур байдаг. Дүүргүүдэд байгуулсан бизнес инкубатор төвүүд хоосон байна. Тиймээс дахин төв барих шаардлага байна уу. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийг банкаар дамжуулан олгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

Төлөөлөгч Д.Бадарсан: Нийтийн тээврийн салбарт төсөвлөж буй хөрөнгө жилд арав орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Гэтэл үйлчилгээ нь сайжирдаггүй. Ямар учиртай юм бэ?

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Нийтийн тээврийн зардал санаа зовоож байгаа. Өнгөрсөн долоо хоногт аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл надтай уулзсан. Тэд үлдэгдэл 7.7 тэрбум төгрөгийг төсөв суулгахгүй бол ажил хаяж, үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн. Жил бүр л ийм шахалт үзүүлдэг. Сангийн яам татаасанд анхаарал хандуулдаггүй. Асуудал хэлэхээр үнэ, тарифыг нь зах зээлийн зарчмаар нь зохицуул гэдэг юм. Тиймээс уг асуудлыг нухацай хэлэлцэх шаардлага бий. Та бүхэн л ярилцаж, шийдвэр гаргах хэрэгтэй.

Төлөөлөгч Ц.Сандаг-Очир: -Ирэх онд сургууль, цэцэрлэгийн олон барилга барих нь. Газар чөлөөлөлтөд төсөвлөсөн хөрөнгө хүрэх үү?

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Өнгөрсөн жилүүдэд улсын төсвийн хөрөнгөөр барьсан бүх ажлын газар чөлөөлөлтийн зардлыг нийслэл хариуцсан. Засгийн газраас уг ажилд зориулж 25 тэрбум төгрөг төсөвлөж өгнө гэсэн юм. Одоо бид иргэдэд 1.6 тэрбум төгрөгийн өртэй байна. Нийслэлийн Газрын албанд гомдсон иргэд өдөр бүр ирж байгаа. Бид Засгийн газар, Сангийн яамныханд итгээд хариуцсан ажлаа хийсэн. Иргэдийн газрын төлбөрийг ирэх оны төсөвт суулгасан хөрөнгөнөөс шийдэж өгнө.

Төлөөлөгч Т.Батцогт: –Улаанбаатар хотын хөрсний бохирдол аюултай хэмжээнд хүрчихсэн. Энэ чиглэлээр хийх арга хэмжээний зардлыг төсөвт суулгах боломж бий юү. Агаарын бохирдлыг бууруулахад суулгасан төсвийг мөн бууруулжээ. Яагаад вэ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд аж ахуйн нэгжүүдийн халаалтын зуухнуудыг буулгасан. Олонх нь халаалтаа цахилгаанаар шйидэж байхад тэдэнд хөнгөлөлт өгдөггүй. Үүнийг шийдвэрлэх боломж бий юү?

Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү: -Урсгал зардлын хөрөнгийг тусад нь суулгасан учраас буурсан мэт харагдаж байж мэднэ. Үүнээс биш үйл ажиллагааны зардал буураагүй.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Хөрсний бохирдлыг дорвитой бууруулахыг би дэмждэг. Судалгаа хийж, бууруулах чиглэлээр ажил санаачлах боломжтой.

Төлөөлөгч Ц.Баатархүү: –Төсвийн төсөлд тусгасан тохижилтын ажлуудыг дэмжиж байна. Гэхдээ дэмжих боломжгүй ажлууд ч байна. Азийн хөгжлийн банктай хамтран хийж буй ажлын зардал жил бүр оруулж ирэх юм. Улаанбаатар хотын зээлийн хэмжээ, түүний хүүгийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй авъя. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийн талаар иргэд байнга гомдоллодог. Шинээр эмнэлэг барих хөрөнгө төсөвт суугаагүй байна. Арван тэрбум төгрөгөөр соёлын төвийн барилга барихаар тусгасан атлаа 300 гаруй мянган хүн амтай Баянзүрх дүүрэгт эмнэлэг барих төсөл яагаад оруулж ирэхгүй байна вэ?

Нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр: -Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр том төсөл хэрэгжүүлж байгаа. Газар чөлөөлөлт, хүү, зээлд 2019 онд дөрөв орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийтийн тээврийн хөгжүүлэх төсөлд хөрөнгө гаргаагүй, аж ахуйн нэгжийн урсгал зардлыг л санхүүжүүлдэг.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа: -Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх эрүүл мэндийн байгууллагын барилгын 80 гаруй хувийг нь шинэчлэх шаардлагатай. Бид жил бүр хөрөнгө төсөвлөдөг. Ирэх онд арав гаруй тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн. Чингэлтэй дүүргийн хүүхдийн эмнэлгийн газрын асуудлыг шийдвэрлэсэн. Ирэх онд барилгын ажлыг эхлүүлнэ.

НИТХ-ыг түр завсарлуулаад байна. Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ. 

12 : 42
2018-11-29

Нийтийн тээврийн өр барагдуулахад 7.7 тэрбум төгрөг тусгажээ

НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж буй юм.

Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд ирэх онд татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй, тогтвортой байлгах бодлогыг баримталжээ. Ингэхдээ төсвийн орлогын 83.4 хувь буюу 835.1 тэрбум төгрөгийг татварын, үлдсэнийг нь татварын бус орлогоос бүрдүүлэхээр тооцсон байна. Харин төсвийн зарлагыг боловсруулахдаа 33.4 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах олговорт, 73.4 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн машин цагийн тариф болон сэлгэн суултын зардалд, 7.7 тэрбум төгрөгийг 2018 оны өр төлбөрт олгохоор тусгажээ. Мөн Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйн үйлчилгээний зардалд 81.3, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 1.9, бичил зээлийг дэмжих санд 4.3 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөсөн байна. Ирэх онд төсвийн 160.3 тэрбум төгрөгөөр хот байгуулалтын, 40.2 тэрбумаар авто замын, 26.3 тэрбумаар хот нийтийн аж ахуйн, 18.8 тэрбум төгрөгөөр нийгмийн, 4.7 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн, 8.3 тэрбум төгрөгөөр төрийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийх бөгөөд долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг байгаль орчны салбарт оруулахаар төлөвлөжээ. Зарим онцлох ажлуудаас дурдвал, цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор Их тойрууд 110 кВ-ын дамжуулах шугам, 220/110 кВ-ын дэд станцын төсөл хэрэгжүүлэх ажээ. Мөн шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, гэрэлтүүлэг, камержуулалтын цөөнгүй ажил хийхээр төсвийн төсөлд тусгажээ. 

Ирэх онд хувьчлах өмчийн талаарх танилцуулгыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан танилцуулсан. Тэрбээр “Нийслэлийн өмчийн менежментийг сайжруулж, үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлээр цөөнгүй ажил санаачлан хийсэн. Тухайлбал, байгууллагын удирдлагуудтай байгуулсан гэрээний үр дүнг дүгнэж зөрчил, дутагдлыг арилган, биелэлтийг хангуулах чиглэлээр ажлууд хийсэн.  Үр дүнд нь өмчид хандах хандлага, ашиглалтын байдал сайжирсан талаар нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээлсэн. Өнгөрсөн 2017 онд орон нутгийн өмчит 32 үйлдвэрийн газар нийтдээ 244.4 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, 260.6 тэрбум төгрөгийн зарлага гаргасан. Энэ нь  16.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн үг. Харин өнөө жил 244.9 тэрбум төгрөгийн орлого, 273.6 тэрбум төгрөгийн зарлагатай ажиллаж буй бөгөөд энэ нь зарлагыг 720.4 сая төгрөгөөр бууруулах юм. Тиймээс нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр зарим байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, хаалттай хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, заримыг нь хувьчлах зэрэг арга хэмжээ авч байгаа. Цаашид нь энэ мэтээр өмчийн менежментийг сайжруулах арга хэмжээ хэрэгжүүлнэ. Энэ онд нэг аж ахуйн нэгж, нэг барилгыг найман тэрбум 744 сая төгрөгөөр хувьчилсан. Харин ирэх онд өмнөх жилүүдийн өмч хувьчлалын жагсаалтад орсон, тодорхой шалтгааны улмаас хувьчлагдаагүй нэг аж ахуйн нэгж, дөрвөн барилга болон шинээр нэмж зургаан барилгыг хувьчлахаар төлөвлөсөн байгаа.  Шинээр хувьчлах өмчийн жагсаалтад оруулж буй барилгаас дурдвал нийслэлийн засаг захиргааны "Хангарди" ордон, нийслэлийн засаг захиргааны IV байр зэргийг багтсан.  Улмаар нийслэлийн төсөвт өмч хувьчлалаас 90 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөөд байна” гэв.

11 : 42
2018-11-29

НИТХ-ын хурал эхэллээ

НИТХ-ын ээлжит хуралдаан дөнгөж сая эхэллээ. НИТХ –ын дарга С.Амарсайхан "45 төлөөлөгчөөс 25 төлөөлөгч ирлээ. Үлдсэн төлөөлөгч хүндэтгэх ажилтай учир чөлөөлсөн болно. НИТХ-ын дэгийн дагуу төлөөлөгчийн ирц бүрдсэн тул хурал нээснийг мэдэгдье” гэв. 

Хурал даргалагч хэлэлцэх асуудлын талаар асуулттай төлөөлөгч байна уу гэв. НИТХ-ын төлөөлөгч  Б.Мөнхбат “НИТХ-ын тэргүүлэгчдийн асуудалд өөрчлөлт оруулахыг хойшлуулах саналтай байна” хэмээлээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “НИТХ-ын  тэргүүлэгчдийг сэлгэх зарчмаар өнгөрсөн 2 жил явсан. Уг нь энэ асуудлыг өнгөрсөн аравдугаар сард хэлэлцэх ёстой байсан ч. сунжирлаа. Хурлын төгсгөлд энэ асуудал хэлэлцэгдэнэ” гэв.

Улмаар төлөөлөгчдөөс дээрх асуудлыг хойшлуулахыг дэмжье гэдэг дээр санал хураахад 18 нь дэмжлээ.  

Одоо хотын дарга С.Батболд 2019 оны нийслэлийн төсвийн төслийг танилцуулж байна.

Одоо хотын дарга Су.Батболд нийслэлийн 2019 оны төсвийн төслийг танилцуулж байна.

10 : 59
2018-11-29

Ирц бүрдэхгүйгээс хотын төсвийг хэлэлцэж чадахгүй байна

НИТХ-ын ээлжит XX хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч ирц бүрдэхгүй байна. Одоогоор долоон төлөөлөгч л ирсэн байгаа юм. НИТХ нь нийт 45 гишүүнтэй. Тодруулж хэлбэл, 23 төлөөлөгч ирж, ирц 50 хувьд хүрч байж хурал эхлэх боломжтой болно. Уг хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийн төслийг хэлэлцэх ёстой.

Улаанбаатар хотын захирагч Су.Батболд энэ сарын 27-нд нийслэлийн төсвийг өргөн мэдүүлсэн. Хуульд зааснаар НИТХ нийслэлийн 2019 оны төсвийн төслийг ирэх арванхоёрдугаар сарын 5-ны дотор багтаан батлах учиртай.  Өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн төсвийн эхний хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж