Путин: Украины хөлөг онгоц хил зөрчсөн нь тавилттай жүжиг

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Путин: Украины хөлөг онгоц хил зөрчсөн нь тавилттай жүжиг

Путин: Украины хөлөг онгоц хил зөрчсөн нь тавилттай жүжиг

Усан хилийг нь санаатай зөрчсөн хэргээр Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоцыг ОХУ саатуулаад байгаа билээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүнийг Украины төрийн тэргүүн Петр Порошенкогийн 2019 оны сонгуулиар нэр хүндээ өсгөх гэсэн “санаатай хэрэг” хэмээн буруутгаж байна.

Оросын эргийн хамгаалалтынхан усан хилийг нь зөвшөөрөлгүй зөрчин орж ирсэн Украины тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудад анхааруулах дохиог өгсөн ч тэд тоогоогүй учраас гал нээхээс өөр аргагүйд хүрсэн ажээ.

Украины зүгээс ОХУ-ын энэхүү үйлдлийг “түрэмгийлэл” хэмээн нэрийдэж байгаа бол ЕХ аюултай нөхцөл байдал үүсэхээс санаа зовж байгаа, мөн ОХУ-ын хүч хэрэглэсэн явдал нь “байж боломгүй хэрэг” хэмээн байр сууриа илэрхийлсэн боловч дахин хориг арга хэмжээ авах тухай дурдаагүй байна.

Крымийн хойгт болсон үйл явдлын хураангуй

ОХУ Крымийн хойгийн ойролцоо явж байсан Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоц руу гал нээн, дотор нь байсан гурван цэргийг гэмтээсэн хэрэг ням гаригийн шөнө /2018.11.26/ гарсан билээ. ОХУ-ын талын мэдэгдлээр тэд усан хилийг нь санаатайгаар зөрчин орж ирж, бүрэн эрхт улсын хил хязгаарт халдаж байна гэсэн бол Украины зүгээс хөлөг онгоцнууд нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл огт гаргаагүй, Оросуудын энэ үйлдэл бол “түрэмгийлэл, өдөөн хатгалга” гэсэн маягаар хандаж байгаа юм. Тухайн үед болсон хэрэг явдал дараах бичлэгт хадгалагдан үлдсэн байна.

Ямартай ч хил зөрчин орж ирсэн гэх тэдгээр тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудыг Оросууд гал нээн зогсоож,  Крымд саатуулаад байгаа бөгөөд дотор нь явсан цэргүүдийг Крымийн шүүхээс хорих шийдвэр гаргасан билээ.

Цэргийн хөлөг онгоцнууд Оросын эргийн хамгаалалтынханд саатуулагдахаасаа өмнө Азовын тэнгис дэх Украины гол боомтууд болох Одессагаас Мариупол руу явж байсан. Угтаа бол хоёр улсын 2003 онд хийсэн гэрээн дээр Азовын тэнгист аль аль нь чөлөөтэй зорчиж болохоор заасан боловч 2014 онд ОХУ Крымийн хойгийг эзлэн авсныхаа дараа хар тэнгисээс Азовын тэнгис рүү орох цорын ганц гарц болох Керчинскийн хоолойг дамнуулан гүүр барьсан нь нөхцөл байдлыг ээдрээтэй болгожээ. Киевийн мэдэгдсэнээр ОХУ тус гүүрэн дор усан онгоцнууд явахаас сэргийлж, хаалт хамгаалалтыг гаргасан аж.

Путин юу гэж хэлэв?

“Энэ бол гарцаагүй биднийг өдөөн хатгаж байгаа хэрэг” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч хэлээд, тус хэргийг Петр Порошенко 2019 оны хавар болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр хүндээ өсгөх зорилготойгоор зохион байгуулсан “тавилттай жүжиг гэв.

“Киев пост” сонинд нийтлэгдсэн мэдээллээр ирэх хавар болох Украины Ерөнхийлөгчийн сонгуульд Петр Порошенкод саналаа өгнө гэсэн хүний тоо нийт сонгогчдын арав орчим хувь байсан бол  нийт санал асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь “ямар ч тохиолдолд түүний төлөө саналаа өгөхгүй” гэжээ.

Түүнчлэн иймэрхүү “жижигхэн” хилийн зөрчилдөөн гарсны төлөө Украины Ерөнхийлөгч дайны байдал зарласан нь утгагүй хэрэг хэмээн Путин хэлсэн байна. Петр Порошенкогийн санаачилсан хуулийн төсөл нь дээд депутатаар дэмжигдсэнээр Украины зарим бүс нутгуудад арваннэгдүгээр сарын 28-аас эхлэн нэг сарын турш байлдааны бэлэн байдал зарлаад байгаа юм. Петр Порошенко энэ үйлдлээ ОХУ-аас ирэх болзошгүй дайралтуудаас өөрийн улсаа хамгаалж байна хэмээн олон улсын болоод орон нутгийн телевизээр ярилцлага өгчээ.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч ч бас Крымд S-400 пуужингийн системийг ирэх сард багтаан байршуулах болсон тухайгаа мэдэгдсэн.

Керчийн хоолойд болсон  тус хэрэг явдалд Украины тусгай албадын ажилтнууд оролцсон бөгөөд “хил зөрчиж байгаагаа мэдэж байсан, гэвч удирдлагын өгсөн тушаалыг биелүүлсэн” хэмээн Крымд хоригдоод байгаа, усан онгоцонд явсан 24 цэргүүдийн гурав нь Оросын телевизээр ярилцлага өгөх үедээ хэлсэн байна.  Харин Оросуудын хувьд хилийг зөрчин орж ирсэн тэдэнд анхааруулах дохио өгсөн ч тоогоогүй тул хүч хэрэглэн, саатуулахаас өөр аргагүйд хүрсэн хэмээн тайлбарлаж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж