УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр ирц бүрдээгүйн улмаас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гийн захиран зарцуулалт, тус сангаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдийн талаар мэдээлэл сонсох байсан ч хойшилсон. Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Байнгын хорооны хурлын ирц бүрдэхийг хүлээх зуур Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий гишүүдийн зүгээс тавьсан албан бичгийн хариуг ирүүллээ. Ямар албан бичиг анх тавьсан бэ гэхээр ЖДҮХС-гийн хэрэгт нэр холбогдоод байгаа Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын зургаан сайдтай холбоотой мэдээллийг албан бичигтээ оруулж, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд явуулсан.
Прокурорын байгууллагын хариуд 211 ААН-д 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгосныг шалгаж байна гэсэн байсан. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй тул мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. Эндээс дүгнэлт хийхэд, Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 29.3-т эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байх явцад мэдээлэл өгөхгүй гэж заасан байдаг. Тэгэхээр нэр бүхий зургаан сайдад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа юм байна гэж ойлгогдож байна” гэсэн юм.
Г.ХОРОЛ