Эдийн засгийн таамаглал МАН-ыг эвлэрүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн таамаглал МАН-ыг эвлэрүүлэх үү?

Эдийн засгийн таамаглал МАН-ыг эвлэрүүлэх үү?

Засгийн газар тогтож үлдэх нь үү? Эцсийн хариуг УИХ өгнө. Сүүлийн өдрүүдэд “Салхи эргэлээ, эвлэрэх нь” гэж дуулдаж эхэлсэн. Гэвч Ерөнхий сайд “тайвшраагүй” байна. Хамгийн сүүлийн байдлаар л гэхэд улс төрийн намуудын төлөөлөл, МАН-ын ахмадууд “Засгийн газар тогтвортой ажиллах нь зүйтэй” хэмээн хүссэн үгийг нь хэлж гар барьж харагдана. Дээр нь эдийн засагчид хүч нэмж, Монголын импортолдог бүтээгдэхүүн нүүрс, зэсийн үнэ унаж экспортолдог нефть, “доллар” зэргийн ханш өснө гэдгийг анхааруулах болов.

Засгийн газрын зургаан сайд ЖДҮХС-аас зээл авсан гэсэн асуудлаар ямар нэг байдлаар шалгагдаж байгаа, шалгаж дуусаагүй учраас хариу өгсөнгүй гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр прокурорын байгууллагын өмнөөс мэдээлэл хийчихлээ. Тэгэхээр гэмт үйлдэлд холбогдолтойг хуулийн байгууллага тогтоогоогүй байхад мянган баримт дэлгээд нэмэргүй гэж ам таглаж мэдэх юм. Энэ бол хүлээлт үүсгэх нэг шалтгаан. Нөгөө талаас хуралдааны ирц бүрдүүлэхгүй зугтах аргаар УИХ тарахгүй, Засгийн газар огцрохгүй үлдэх магадлалтай уур амьсгал бий болж байгаа аж.

Хэн нь хэнийгээ “найрч”, ямар үр дүнд хүрэв. Сүүлдээ 37, 27-гийнхон гарын үсэг тоологчид тусдаа явна уу, хамтдаа болсон уу мэдэгдэхээ болив. Эндээс магадгүй хэн нэгэн өргөдлөө бичилгүй, улс орны эдийн засаг гэдэг шалтгаанаар эвлэрч мэдэхээр байна гэх яриаг зориуд түгээж эхлэв бололтой.

Аливаа гэмт хэрэг эдийн засгийн ул мөр заавал үлдээдэг гэдэгчлэн Засгийн газрыг ганхуулахад хүрсэн ЖДҮХС-ийн гэх гэмт хэрэг тус сангийн захирал болон хэдэн компанийн захирал төдийхнөөр “өндөрлөж” мэдэхээр байна. Гэхдээ Засгийн газрыг хожим өөр шалтгаанаар огцруулах асуудал сөхөгдөхөд хэрэг зузаарч мэдэх юм.

Хэрэв ийм шийдвэр гарахад хүрвэл хамгийн сүүлд хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал маш том үүрэг гүйцэтгэсэн байж таарна. Ирцийн хувьд инээд хүрэм тэнцвэргүй  ч уршиг нь чамлагдахааргүй энэ хуралдаанаас хойш л асуудал харьцангуй намжаад явчихсан. Засгийн газрын огцруулах “үүрэг даалгавар авсан”, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга ч Н.Номтойбаяр гишүүнд “дээрэлхүүлэх” мэт дүр эсгэн мөр зэрэгцэн суухдаа ч цаанаа  л маадгар байсны учир нь үүнд байсан биз.

Түүнээс хойш Н.Номтойбаяр гишүүнээс бусад Засгийн газрыг огцруулахаар ярайтал гарын үсгээ зурсан гишүүдийн “дуу нь цаашаа орж амаа татна” гэгч болж эрч нь суларсан. Тэгэхээр намын гишүүн хэвээрээ байх эсэх, цаашилбал УИХ-ын 2020 оны сонгуулиар нэр дэвших эрх зэргээрээ “тоглоод” Засгийн газартай хариуцлага тооцохын оронд улс орны эдийн засагт үүссэн болон үүсч  буй хүндрэлүүдээр шалтаглаж Засгийн газрыг тогтвортой байлгах, хариуцлага тооцохдоо “хатуу сануулах” зэрэг хэлбэр рүү шилжвэл яасан юм бэ гэх санал ч “огцруулагчид”-ын зүгээс гарч эхэлсэн сурагтай.

Хэрэв Засаг тогтвол УИХ-ын дарга ч тогтоно гэсэн логикийг энд тэнд цугларах эвлэрлийн уулзалтуудаар дэвшүүлж буй талаар эх сурвалжууд ам алдсаар байна. МАН-ынхан төдийгүй олон нийт ойрын өдрүүдэд, ялангуяа хуулиар тогтоосон хоногт хэлэлцэн шийдэх асуудлууд дундаас эл асуудлыг хэрхэн шийдэхийг цаг, хоног тоолон анхааралтай ажиглаж буй. Гэхдээ томилгоо ярьснаас Төсвийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиа хэлэлцсэн нь дээр гээд улс орны эрх ашиг ярихад “буруу” гээд хашхирах хүн харьцангуй цөөн гэж үзсэн бололтой. Үүнд нь ч дөхөм болох мэт хууль, хяналтын байгууллагууд эцсийн шийдвэр болохоор, хариуцлага тооцохуйц баталгаа нотолгоо дүгнэлт сэлт гаргаж өгөхгүй аргамжих мэт алгуурлана. Тэгэхээр энэ удаад хэрэв тохиролцоо амжилттай болсон бол Засгийн газар огцрохгүй ч байж мэдэхээр байна. Товчхондоо “Төрөөс төрсөн ЖДҮ-чид” төрийн тогтвортой байдал, ажил цалгардуулахгүй байх, албан ёсны хуулийн дүгнэлтгүй гэдэг шалтгаанаар тохиролцоогоо халхавчилж мэдэх нь. Хэрэв Засгийн газар огцордогоороо огцорч, УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудал руу шуурхайлж гэмээнэ тохиролцооноосоо буцсан хэрэг болно. Ийм маягаар “молигдуулж” огцорсон Засгийн газар ч нэг бус бий.  Тэр тохиолдолд Засаг руу биш намынхантай хариуцлага тооцох явдал эрчимтэй өрнөж олны хүлээлтийг оргүй үлдээлгүй дүр эсгэж өнгөрүүлдэг билээ.

Хуралдаа суухгүй ирцээс зугтах арга эцэстээ тохиролцоо өрнөхийг л хүлээж цаг хожсон хэрэг бололтой. Харин хэрхэн тохиролцсоныг ойрын өдрүүдэд болох хуралдаанууд харуулах биз ээ. Өөрөөр хэлбэл “бойкот” хийх нь ажил хаялт гоморхол биш харин дээгүүрээ ойлголцох хүртэл цаг хожсон тактик ч байж мэдэх юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж