Монгол орон даяар өвөлжилт ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын ерөнхий технологич, инженер Ч.Сарантуяагаас тодрууллаа.
-Энэ өвлийн цаг агаар ямар байх төлөв гарав. Урьдчилсан мэдээлэл өгөхгүй юу. Хэр хэмжээний цас орж, хүйтний эрч хэр чангарах бол?
-Цаг агаарын ерөнхий төлөвөөр арванхоёрдугаар сард Монгол орны ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим температуртай байна. Гэхдээ зарим газраас дунджаас илүү хүйтэн байх төлөвтэй байгаа. Тухайлбал, Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас хүйтэн байна. Харин Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар дунджаас дулаан байна.
Мөн сард нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим цас орно. Гэхдээ Баян-Өлгий, Увсын баруун хэсэг, Хэнтийн хойд, Сүхбаатар, Төв аймгийн зүүн хэсгээр, Дорнодын ихэнх нутаг, Алтайн өвөр говиор дунджаас их хэмжээний цас орно. Харин Дундговь, Дорноговь болон, Говьсүмбэр, Төв аймгийн зүүн сумдаар багавтар цастай байна.
Нэгдүгээр сард нутгийн зүүн хэсгээр дунджаас 0.5-1 хэм хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр, бүр тодруулбал, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр дунджаас дулаан байна. Тал хээрийн бүсээр дундаж хэмжээнд байна.
Мөн сард нутгийн төв хэсгээр, аймгаар нь дурдвал, Өвөрхангай, Дундговь, Сүхбаатар, Дорнод аймгийн нутаг, Архангай аймгийн зүүн урд хэсэг, Хэнтий, Төв аймгийн өмнөд хэсгээр дунджаас ахиу цастай. Харин Алтайн өвөр нутаг буюу Ховд аймгийн зүүн болон Говь-Алтай аймгийн ихэнх нутаг, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр дунджаас багавтар цастай байна. Мөн нутгийн хойд хэсгээр буюу Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд хэгээр дунджаас багавтар цас орно.
Ингээд хоёрдугаар сард нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дундаж температуртай байна. Харин гуравдугаар сард ихэнх нутгаар дунджаас дулаан байна. Түүнчлэн хоёрдугаар сард Баян-Өлгий, Ховд, Увсын баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангай, Булганы ихэнх нутгаар, Хэнтий, Сүхбаатарын зүүн хэсэг, Дорнодын ихэнх, Алтайн өвөр нутгаар дунджаас ахиу цастай байна. Өмнөговь, Дундговийн зүүн хэсгээр, Дорно говийн нутаг, Хэнтийн өмнөд хэсэг, Говьсүмбэрийн нутгаар олон жилийн дунджаас дулаан байна.
Харин гуравдугаар сард баруун аймгуудын нутгаар, зүүн аймгуудын зарим хэсгээр дунджаас ахиу цастай байна.
-Одоогоор нутгийн хэдэн хувь нь цастай байна вэ?
-Энэ жил зуншлага оройтож эхэлсэн ч намар нь цаг агаар их сайхан байсан. Цас нэлээд орой орж, багавтар тогтсон. Энэ сарын 20-ны байдлаар нутгийн 40 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ахиу буюу 18 см орчим цастай байгаа. Харин арванхоёрдугаар сар гарснаар цасны хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна. Мөн цас их орох газарт нэлээд хүйтэн байна.
-Энэ өвөл зудын эрсдэл хэдэн хувьтай байна вэ?
-Өнгөрсөн зуны байдал, бэлчээрийн даац, намрын хур тунадасны хэмжээ, цас хаагуур орох, нягт ямар байгаа зэрэгт үндэслэн өвөлжилтийн эрсдэлийн ерөнхий байдлын мэдээ гарсан. Эндээс харахад одоогийн байдлаар нутгийн 20 орчим хувьд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа.
-Үүнд аль аймаг багтаж байна вэ?
-Одоогоор бусад нутагтай харьцуулахад цас ихээр тогтсон аймаг болох Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн ихэнх, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн зарим сум багтаж байна. Эдгээр аймагт өвөлжилтийн эрсдэл их байна гэсэн үг. Тэр дундаа Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймагт өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна.
-Нутгийн 20 орчим хувь гэдэг нь сүүлийн гурван жилийн мөн үеийн эрсдэлтэй харьцуулахад ямар байна гэсэн үг вэ?
-Их хүйтрэх, цас их орох зэрэгт энэ эрсдэлийн зураг дахин шинэчлэгдэнэ. Манайх гурван жилийн өмнөөс эрсдэлийн зураг хийх болсон. Энэ тооцооллоор, 2015 онд эрсдэлийн хэмжээ энэ оны мөн үеийнхээс харьцангуй их байсан. Учир нь, аравдугаар сарын сүүлээр нутгийн хойд хэсгээр их хэмжээний цас орсон. Мөн 2016 онд зуншлага сайн байсан ч арваннэгдүгээр сард цас их орсны улмаас эрсдэл өндөртэй байсан. Харин 2017 онд зуншлага муу байсантай холбоотойгоор эрсдэл өндөр гарч байсан.
Эндээс дүгнэхэд энэ жил сүүлийн гурван жилтэй харьцуулахад өвөлжилтийн эрсдэл харьцангуй бага байна. Гэхдээ ингэлээ гээд тайвширч болохгүй. Арванхоёрдугаар сарын эхэнд нутгийн ихэнх хэсгээр хүчтэй цасан болон шороон шуургатай байна. Эрс хүйтэрнэ. Баруун болон төвийн бүсийн нутгаар цаг агаар нэлээд муудна. Ингээд ирэхээр цас ихтэй байгаа нутгуудад өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх талтай. Тиймээс цаг агаарын хүндрэлтэй байдалд бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ жил зуншлага оройтож эхэлсэнтэй холбоотойгоор хадлан бэлтгэл, малын тарга, хүч хангалттай хэмжээнд хүрээгүй гэж үзэж байгаа. Ийм байх үед нь цас их ороод, салхилбал байдал хүндэрнэ.
Холбоотой мэдээ