Тасаг хүрэлцэхгүйгээс эмч нарынхаа өрөөг зайчилж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.29-нд нийтлэгдсэн

Тасаг хүрэлцэхгүйгээс эмч нарынхаа өрөөг зайчилж байна

Тасаг хүрэлцэхгүйгээс эмч нарынхаа өрөөг зайчилж байна

Жавар хургасан хүйтэн өдрүүдэд монголчууд даарч бээрэхийн зовлон дээр ханиад томуу гэх асуудалтай нүүр тулдаг. Агаар дуслын замаар дамжиж халдварладаг томуу, томуу төст өвчний тархалт бага насны хүүхдүүдийн дунд хамгийн их байдаг. Иймд дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж буй.  Ажлын өдрүүдэд 17.00-22.00, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл үзлэг хийж байгаа гэх албан мэдээ бий. Энэ талаар бид дүүргүүдийн эмнэлгээс сурвалжлага бэлтгэлээ.

Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн зүүн талд байрлах Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. Тус эмнэлэг нь уртасгасан цагаар ажиллаагүй, цагийн хуваарийн дагуу өглөө 08.30-17.00 цаг хүртэл ажиллах хуваарьтай боловч оройн 20.00 цагийн үед хүлээлгийн танхимаар дүүрч, бага насны хүүхдээ дагуулсан эцэг эх үзлэгийн ээлжээ хүлээн сууж байгаа харагдсан.

Тус эмнэлэгт амралтын өдрүүдээс эхлэн ачаалал эрс нэмэгдэж хоногт 150-170 хүн ханиад томуу, томуу төст өвчний шалтгаанаар хандах болжээ. Дийлэнх нь хүүхдээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй ханддаг боловч 50 хувь нь зөвлөгөө авч, гэрийн зүг буцдаг аж. Эмнэлгийн хоёрдугаар давхарт нялх хүүхдийн уйлах дуу хадна. Сандарсан эцэг эх хүүхдээ бүүвэйлэн аргадахыг хичээнэ. Эмчийн өрөөгөөр орвол жижүүрт хоёр эмч гарч, үзлэгт орсон хүүхдүүдийнхээ өвчний түүхийг нээн, тэмдэглэж байв. Тэд удирдлагын зөвшөөрөлгүйгээр албан ёсны тайлбар өгөхөөс татгалзаж буйгаа учирлаад эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, эмч нарын нөөц боломж хаанаа ч хүрэхгүй байгааг онцолсон. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутуу дулимаг, албан байгууллагаас нь эцэг эхэд чөлөө өгдөггүйгээс болж оройн цагаар ихэвчлэн хандах, ачаалал эрс нэмэгддэгтэй холбоотой аж. Жижүүр эмч нарын хэлснээр нэн шаардлагатай буюу  хүндээр өвдсөн хүүхдүүдийг эмнэлэгт хэвтүүлж байгаа бөгөөд тасаг хүрэлцэхгүйн улмаас  коридор, эмч нарын өрөөг суллаж зайчлах болсон гэнэ.  Ханиад, томуу, томуу төст өвчнөөр 0-5 насны хүүхдүүд өвчлөх тохиолдол их байгаа бөгөөд энэ сарын 27-ны байдлаар тус эмнэлэгт амбулаторийн 9729 үзлэг хийгдсэнээс томуу томуу төст өвчний 467 тохиолдол бүртгэгджээ. Үүний 25.9 хувийг 0-1 нас, 31.9 хувийг 2-4 нас, 8.5 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа аж.

Энэ удаагийн томуугийн дэгдэлт бөглөршилт их буюу нус цэртэй, харшлын шалтгаантай байна. Ихэвчлэн 0-5 насны хүүхдүүд хүндээр өвдөж байгаа юм.

 

Өчигдөр /2018.11.28/ 15.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвд очлоо. Энэ үеэр ачаалалгүй, сэлүүхэн байв. Ачааллын ид оргил үе нь өглөө, оройн цаг байдаг аж.  Эцэг эхчүүд ажлын цаг дуусахаас өмнө буюу 16.00 цагийн орчимд хүүхдээ эмчид үзүүлэхээр дугаарладаг байна. Энд өдөрт 40-50 хүн эмчид хандаж байгаагийн ихэнх нь бага насны хүүхэдтэй эцэг эх гэж өрхийн эмч С.Жавзан хэлсэн. Тэрбээр “ Сүүлийн үед ханиад, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэн. Үүнийг дагаад ачаалал ихсэж байгаа. Ихэвчлэн бага насны хүүхдүүд өвчилж байна. Цэцэрлэгийн анги дүүргэлтээс болоод хүүхдийн ханиад  эдгэрсэн ч анги танхимд байгаа орчноосоо дахин өвчин нь сэдрэх, ханиад нь хүндрэх магадлал өндөр байна. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ халуурах үед нь өрхийн эмнэлэгт ханддаг. Хүүхдийн халуун 37.5-аас дээш тохиолдолд халууралт гэж үзнэ. Үүнээс дээш 38, 39 хүрч халуурсан гэж эцэг эхчүүд мэдүүлдэг. Хатгаа уушгины үрэвсэл болсон хүүхдүүдийг хагас хэвтрийн байдалтай байлгаж, халуун шингэн зүйл их уулгаж, эмийг нь тогтмол цагаар өгвөл хурдан эдгэрнэ. Түүнээс биш эмийг нь өгчхөөд л анхаарахгүй орхивол ханиад нь эдгэхгүй. Эцэг эхчүүдийн асаргаа маш чухал” гэлээ.

Хаа сайгүй л ханиадтай хатгалгаатай хүүхдүүд. Дүүргүүдийн эмнэлэг харилцан адилгүй ачаалалтай байлаа. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд нялх хүүхдээ тэвэрсэн эцэг эхийн хөл хөдөлгөөн тасрахгүй. Тус эмнэлэг нь уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Өдрийн 15.00 цагийн орчимд ачаалал бага зэрэг саарсан байв. Тус төв нь өнгөрсөн долоо хоногоос эхлэн уртасгасан цагаар буюу 08.30-19.00 цаг хүртэл ажиллаж байна.  Хоногт дунджаар  45-75 хүүхэд хандаж байгаагийн ихэнх нь 0-5 насны хүүхдүүд аж. Тус төвийн хүүхдийн хүүхдийн  амбулаторийн үзлэгийн 67.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бөгөөд 350793 утсаар зөвлөгөө өгч  ажиллаж байгаа юм.

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ МУУ БАЙНА   

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн нярайн их эмч Г.Сарантуяа

-Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд өдөрт 5-15 хүүхэд хэвтэх бичиг авч дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Энэ удаагийн томуугийн дэгдэлт бөглөршилт их буюу нус цэртэй, харшлын шалтгаантай байгаа юм. Хэдийгээр томуу, томуу төст өвчний оргил үе биш боловч өвчлөл ихсэж байгаа. Гэхдээ арваннэгдүгээр сарын эхээр дэгдсэн үеийг харьцуулбал бага зэрэг намжсан. Ер нь бол нэгдсэн эмнэлгийн ор 110-125 байдаг. Орны хүрэлцээгээр л хэвтэн эмчлүүлж байгаа. Бид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд томуугийн үрэвсэл нь хурц хэлбэрээр өвчилж эхэлсэн хүүхдийг сургууль цэцэрлэгээс 5-10 хоног чөлөөлөх албан тоот өгснөөр томуугийн дэгдэлт харьцангуй буурсан. Томуу өвчний халдвартай хугацаа нь шинж тэмдэг илрээд тав хоног байдаг. Энэ үед аль болох тусгаарлаж эмчилбэл үр дүнтэй. Эмнэлгийн ачааллын цаг харилцан адилгүй. Цайны цагаар ачаалал ихсэж  оройн 19.00 цагийн орчимд мөн хүмүүс их ханддаг. Энэ нь ажил тардаг цагтай холбоотой. Ажлаа тарсан эцэг эх хүүхдээ үзүүлэхээр эмнэлэгт хандаж байна. Энэ үед эмч нар хүрэлцдэггүй. Манайд хүүхдийн таван эмч байх ёстой. Гэтэл хоёр л эмч үзлэг хийж байна. Өнөөдөр нэг эмч 62 хүүхэд үзлээ. Энэ бол их тоо. Бид хэзээ ч цагтаа тардаггүй, үргэлж илүү цагаар ажилладаг. Бага насны хүүхдүүдийн хувьд ханиад нь хүндэрсэн байдалтай ирж байна. Нийт хүүхдүүдийн 60-65 хувь нь астма төст ханиад томуугаар өвчилж байгаа. Эмчид хандаж байгаа эцэг эхийн зарим нь хэт их мэдэмхийрдэг ч ихэнх нь эрүүл мэндийн боловсрол муу байгаа юм. Өөрсдөө дур мэдэн эмчлэх хандлага их гаргадаг. Утсаар зөвлөгөө авч буй хүмүүсийн ихэнх нь халуунтай үед ямар эм өгөх вэ гэж асуудаг. Ер нь бол утсаар анхны тусламжийг авна уу гэхээс бус бүрэн эмчилгээ авахгүйг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Шаардаж байгаа зүйл нь утасны цаанаас бүрэн эмчилгээ авахыг хүсдэг. Томуугийн вирусийн шалтгаантай өвчин нь агаар дуслын замаар халддаг. 5-7 хоногт илэрдэг. Энэ үед хоёр цаг тутамд маскийг сольж, гарыг өдөрт доод тал нь 10-15 удаа бактерийн эсрэг савангаар угааж, халдваргүйжүүлэлтийн уусмалаар арчиж олон нийтийн газраар дагуулж явахгүй байх хэрэгтэй.

Ханиад томууны дэгдэлтийн үед бага насны хүүхэд өвчилсөн бол эцэг эхийн асаргаа чухал болохыг эмч нар зөвлөж байна. Мөн антибиоткийн замбараагүй хэрэглээнээс болж хүүхдийн дархлаа муудаж, ханиад эдгэхгүй байгааг Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Б.Түвшинбат хэлж байлаа. Тэрбээр “Томуу, томуу төст өвчнөөр 0-5 насны хүүхдүүд маш их өвдөж байна. Гол шинж тэмдэг нь халуурч, нүд нь нуухдаж байгаа. Ханиад томууны өвчлөл ихсэх хандлагатай байна. Эцэг эхчүүдийн асаргаа сувилал маш чухал. Халуун бүлээн шингэн зүйл болон хоол нь хүүхдийн дархлааг сайжруулж хурдан эдгэхэд нөлөөлдөг.  Үүнээс гадна антибиотикийг замбараагүй хэрэглэж байна. Ханиад томуу нь вирусээр үүсгэгдэж байгаа.  Тиймэс антибиотик  вируст ямар ч нөлөө үзүүлэхгүй. Антибиотикийн эмх замбараагүй хэрэглээ нь хүүхдийн дархлааг сулруулж, ханиад томууны эсрэг нөлөөлдөггүй. Бактери, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн үед эмийн сангууд антибиотикийг эмийн жоргүй олгохоо больсон нь сайшаалтай" гэлээ.

Эцэг эхчүүд  дур мэдэн эмийн сангаас эм авахгүй байх, халуунтай үед нь сайтар ажиглах, бага насны хүүхэдтэй бол олон нийтийн газраар аль болох авч явахгүй байхыг зөвлөсөн юм. Тэгвэл улсын эмнэлэгт хандаж байгаа иргэдийн хувьд “Эмнэлгийн ачаалал, хүнд суртлаас болоод хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээс өмнө хувиараа дур мэдэн эмчилдэг. Өрхийн эмч нар мэдлэггүй, дүүргүүдийн эмнэлэг ачаалал ихтэй цаг их алддаг ч хүүхдийн өвчин хүндэрсэн үед үзүүлэхээс өөр аргагүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хүлээн авах 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж