“News” агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Эрүүл мэндийн яамыг онцолж байна.
Дүүргийн эмнэлгүүд утсаар зөвлөгөө өгч байна
Хүйтний улирал эхэлж, ханиад томуу гарч буйтай холбогдуулан дүүргийн эмнэлгүүд дэх хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Ингэхдээ ажлын өдрүүдэд 17.00-22.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11.00-18.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм. Мөн хүүхдийн мэргэжлийн эмч нар иргэдэд утсаар зөвлөгөө өгч байна.
Томуугийн вакцин хийж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн сайн дурын кабинетад ажлын өдрүүдэд 8.30-14.30 цагт улирлын томуугийн вакцин хийгдэж байна. Ингэхдээ зургаан сараас гурав хүртэлх насны хүүхдэд 0.25 мл томуугийн вакцин хийх бөгөөд хийснээс хойш нэг сарын дараа дахин 0.25 мл томуугийн вакцин тарина. Уг вакциныг гурваас дээш насны хүүхдэд 0.5 мл хэмжээгээр нэг удаа хийх аж. Сануулахад, улирлын томуугийн вакцин нь Солонгос улсад үйлдвэрлэгджээ.
"Элэг бүтэн Монгол 2" хөтөлбөрт 700 мянга гаруй иргэн хамрагдаад байна
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагаа 2018 оны дөрөвдүгээр сарын 2 ны өдрөөс эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд 15-39 нас болон 65 аас дээш насны хүн амыг элэгний B,C илрүүлэх шинжилгээнд хамруулаад байна. Эхний шатанд 40-65 насны 381,233 иргэнийг хамруулсан бол хоёр дахь шатанд 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар 15-39 насны 305,124 иргэн, 65 аас дээш насны 21,005 иргэнийг тус тус хамрагджээ. Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд 2017 онд 326,921, 2018 онд 380,441, нийт 707,362 иргэнийг хамруулж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байна.
ГССҮТ мэс заслын шинэ арга нэвтрүүлэв
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан “Эгэм далны холбоосны урагдал, гэмтлийг зангуут түгжээ ашиглан сэргээх” мэс заслын аргыг нэвтрүүлэн ажиллаж эхэллээ.
Хагалгаа хийсэн баг бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
- Гар сарвуу бичил мэс заслын тасаг, ахлах зэргийн эмч Л.Нанжид
- Эрчимт эмчилгээ, мэдээгүүжүүлгийн тасаг, тэргүүлэх зэргийн эмч Ж.Түмэнөлзий
- Яс Үений Гэмтлийн 2-р тасгийн их эмч С.Батсүх
- Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч Б.Жавзандулам
- Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч М.Амгаланпүрэв
- Мэдээгүүжүүлгийн тасгийн сувилагч П.Хулан
Умайн хоргүй хавдрыг мэс засалгүйгээр эмчилжээ
Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасагт Radiofrequency myoma ablation эмчилгээг /умайн хоргүй хавдрыг эмчлэх зорилгоор/ Монголд анх удаа 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хэвлийн дурангийн хяналтын дор амжилттай хийж гүйцэтгэжээ. Энэхүү ажилбарыг Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч их эмч Л.Долгоржав, их эмч Н.Ганболд, унтуулгын их эмч Б.Болортайван нарын бүрэлдэхүүнтэй эмч нарын баг хийсэн байна.
Уг эмчилгээг умай авхуулах хүсэлгүй, хагалгаанд орох боломжгүй, цаашид жирэмслэх хүсэлтэй, эмнэлзүйд зовиур ихтэй эмэгтэйчүүдэд хавдрын голч нь 2 см-10 см хэмжээтэй үед хийх боломжтой аж. Энэ эмчилгээний дараа эрхтэн хадгалагдах, нөхөн үржихүйн чадвар алдагдахгүй, эмнэлгийн ор хоног богино, өвчтөний зовиур бага байдаг зэрэг олон талын ач холбогдолтой юм. Цаашид энэхүү мэс заслын бус эмчилгээний аргыг тус амаржих газрын хувьд, эмэгтэйчүүдийн практикт өргөнөөр нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа аж.
Холбоотой мэдээ