Гар утасны зохион бүтээгч

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Гар утасны зохион бүтээгч

1973 онд Мартин Күүпер дэлхийг өөрчилсөн, гэхдээ түүнийгээ мэдээгүй байлаа. Күүпер болон түүний “Motorola” компанийн багийнхан өнөөдрийн бизнесүүд болон өсвөр насныхны амьдралыг хөдөлгөөнд оруулдаг цор ганц зүйл болох нэг зүйл зохион бүтээсэн нь – гар утас байлаа. Энэ нь тоосгоны дайтай байсан бөгөөд бүх нийтийн худалдаанд гарах хүртэл дахин арван жил болсон. Гэвч Нью-Йоркийн гудамжаар Күүпер утсаа авч яван, ажиллаж байна гэдгийг нь шалгаж, нотолж харуулдаг байв.

Гар утасны технологийг Моторолагийн өрсөлдөгч “AT&T” компанийн “Bell Labs” судалгаа шинжилгээний хэсэг хэдийн боловсруулаад, байршил нь өөр газар байж болох авч нэг сүлжээн дотор холбогдож болох технологи хөгжүүлээд байсан юм. Гэхдээ “AT&T” машины утасны технологи бүтээхэд илүү анхаарч байв. Харин Күүпер машинд биш, хүмүүс машинаасаа гараад явсан ч барьж яваад ярьж болох тийм утас бүтээхийг хүсэж байв. Тэгээд тэрээр Моторола компанийн багийнхантайгаа илүү хөдөлгөөнт авсаархан төхөөрөмж бүтээх төслөө эхлүүлжээ.

Моторола анхны гар утасны загварыг бүтээтэл гурван сар зарцуулсан бөгөөд түүнийг нь Күүпер 1973 оны 4 сард нийтэд танилцуулсан. Түүнээс хойш 10 жилийн дараа уг “DynaTAC” хэмээх гар утас нь худалдаанд гарсан. Өдгөө 81 настай Күүпер “ArrayComm” хэмээх компани байгуулсан бөгөөд тэдний компани гар утасны сүлжээ, смарт антенн, утасгүй харилцааг хөгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн тэрээр эхнэртэйгээ хамтран өндөр настнуудад зориулсан “Jitterbug” хэмээх хялбаршуулсан гар утас зохион бүтээсэн. “CNN” агентлаг Күүпертэй холбоо барин дараах асуултуудыг асуусан байна.

CNN: 1973 онд технологийн орчин ямар байсан бэ? Яагаад гар утас зохион бүтээж “AT&T”-ын автомашины утастай өрсөлдөе гэж бодсон бэ?

Күүпер: Тэр үед интеграцчилсан холболтууд байгаагүй. Компьютерууд, богино холбоосын зурагтууд, LCD дэлгэцүүд байгаагүй. Тийм зүйлс 1973 онд бүтээгдээгүй байсан юм. Гэвч бид олон жил автомашины утас зохион бүтээсэн бөгөөд бид хувь хүмүүст зориулсан илүү хөдөлгөөнт, авсаархан утас зохион бүтээх цаг болсон гэж үзсэн. 100 жилийн туршид хүмүүс ширээн дээрээ, эсвэл гэртээ байгаа утсаар хоорондоо холбогдсон утаснуудад холбоотой, түүгээр хязгаарлагдсан байсан. Одоо хүмүүсийг автомашинд нь занганд оруулах хэрэг үү? Энэ бол нэг их сайн зүйл биш. Тэгээд бид “AT&T”-тэй өрсөлдөхөөр шийдсэн. 1973 онд бид гайхалтай танилцуулга зохион байгуулсан. Хамгийн сайн танилцуулга бол утсаа бүтээгээд түүгээрээ хүн яриулах явдал гэж бид үзсэн. Тэгээд бид утсаа бүтээсэн.

Анхны дуудлагаа хэзээ хийсэн бэ? Хаашаа залгасан бэ?

Энэ асуултын хариуг хүн бүхэн мэдэж байгаа байх гэж бодож байна. Анхны олон нийтийн өмнө хийсэн дуудлагыг Нью-Йорк хотод хийсэн бөгөөд “AT&T” компанийн гар утасны хөтөлбөрийн дарга Жоел С.Энгелрүү залгаад би “Сайн уу Жоел, би чамруу гар утаснаас ярьж байна. Жинхэнэ, гартаа бариад явж болдог, зөөврийн гар утаснаас” гэж хэлсэн.

Тэр яг юу хэлснийг би сайн сайнахгүй байна. Гэхдээ тэр нэг хэсэг чимээгүй байсан. Тэр лав шүдээ зууж байсан байх гэж боддог. Тэр маш соёлтой байсан бөгөөд утсаа тавьсан. Сүүлд нь түүнээс асуухад тэр энэ мөчийн талаар сайн санахгүй байна гэж ярьж байсан.

Гар утсыг яаж хүлээж авсан бэ? Хүмүүс үүнийг итгэмээргүй, боломжгүй, шаардлагагүй гэж бодож байсан уу?

Хүмүүс энэ ойлголтыг хүлээн аваад үнэхээр мэл гайхаж, цочирдсон. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь ийм гар утастай болно гэдэг бол тэдний төсөөлөл, мөрөөдөлд ч орохгүй байлаа. Хүмүүс утсаа бариад алхаад, зугаалж болно гэдгийг ойлгоод маш их гайхаж байсан. Тэр цаг үед утасгүй утас хүртэл үүсээгүй байсан гэдгийг санах хэрэгтэй. 1973 онд биднийг хэвлэлийн бага хурал хийхэд үед би утсаа нэг залуухан сурвалжлагч бүсгүйд өгөөд түүнийг утсаар ярихыг хүссэн. Тэр “Би Австралид байгаа ээжрүүгээ ярьж болох уу?” гэсэн. “Мэдээж” гэхэд тэр ээжрүүгээ ярьсан. Тэр эмэгтэй бүр хэлэх ч үггүй болсон. Энэ жижиг утас яаж дэлхийн тэн хагаст хүрч чадаж байгааг тэр гайхсан. Түүний ээж нь гэртээ байгаа утсаа аваад түүнтэй ярьсан. Баргийн юманд гайхдаггүй Нью-Йоркийнхоны ам нь тэр үед ангайсттай байж билээ.

Хүмүүс маш гайхалтай хүлээж авсан. Биднийг дараагийн удаа 1980-аад онд гар утасныхаа танилцуулгыг хийх үед манай компанийн захирал Вашингтонд байсан бөгөөд тэрээр дэд ерөнхийлөгчтэй уулзан /Жорж Буш/ түүнд шинэ утсаа танилцуулсан. Жорж Буш гар утсыг хараад маш их биширсэн. Тэгээд “Би үүнийг Ронд үзүүлэх хэрэгтэй” гэсэн бөгөөд дараа нь ерөнхийлөгч Рональд Рейган үзээд “Бид яагаад ийм утастай болж болохгүй гэж” гэж асууж байсан юм.

Утас ямархуу байсан бэ? Ямар үнэтэй, хэн худалдаж авсан бэ?

Хэмжээний хувьд гэвэл 11-11 инч (25-27 см)өндөр 1.5 инч өргөн, 4 инч зузаан байсан бөгөөд 2.5 паунд жинтэй байсан. Үнийн хувьд гэвэл эхний утаснууд арилжааны зориулалтаар бүтээгдээгүй бөгөөд нэг сая орчим ам.долларын өртөгөөр бүтээгдсэн. Харин түүнээс хойш арван жилийн дараа 1983 оны 10 сард биднийг гар утсаа худалдаанд гаргахад нэг нь 3,900 ам.долларын өртөгтэй байсан. Өнөөгийн шилжүүлсэн ханшаар бол нэг гар утас бараг 10,000 ам.доллар гэсэн үг.

Нэлээд их мөнгө байна шүү. Хэн тэр гар утаснуудыг худалдаж авч байсан бэ?

Нэг их олон хүн авч байсан гэж хэлж чадахгүй. Эхний үед чинээлэг хүмүүс авч байсан. Мөн ийш тийшээ их явдаг хүмүүс авч байсан. Үл хөдлөх хөрөнгийн агентууд, эмч нар гэх мэт иймэрхүү технологитой арай ижил дасал болсон хүмүүс хэрэглэж байсан. Тэд тэр үед пейжер хэрэглэдэг байсан.

Түүнээс хойш 7-8 жил өнгөрсний дараа гар утас тийм ч гайхмаар, үнэтэй байхаа больсон. Өнөөдөр хүн бүхэн гар утас угаасаа л ийм өргөн дэлгэр байсан юм шиг бодож байгаа. Гэвч үнэн хэрэгтээ 1990 оныг хүртэл дэлхий дээр хэдхэн сая гар утас байсан юм шүү дээ. 1990 оноос л гар утасны тэсрэлт болсон.

Гар утсыг хүн бүхэн хэрэглэдэг болно гэж өмнө нь бодож байсан уу?

Хэзээ нэг цагт, хүн бүр гар утастай болно гэдгийг бид мэдэж байсан. Гэхдээ намайг амьдад тийм зүйл болох болно гэдгийг төсөөлөхөд хэцүү байсан. Харин тэгтэл өнөөдөр дэлхий дээр бараг таван тэрбум гар утас байна. Wow.

Гар утасны технологи хөгжиж, нэмэлт программ, камертай болсон талаар та юу хэлмээр байна?

Бид хэдий мөрөөдөгч байсан ч гэсэн хэзээ ч энэ бүхнийг нэг зүйлд багтаана гэж огтхон ч бодож байгаагүй. Гар утас улам бүр төвөгтэй болж байна. Заримдаа энэ бүхнийг ердийн хүмүүст зориулаад байна уу инженерүүдэд зориулж бүтээгээд байна уу ч гэж бодох үе бий. Бидэнд маш олон төрлийн гар утас бий болох болно гэж бодож байна. Түүний үндсэн дээр эхнэр бид хоёр “Jitterbug” хэмээх ердийн гар утас зохион бүтээж, үйлдвэрлэдэг компани байгуулсан.

Та одоо ямар гар утастай вэ?

Би энд өөрийн бүтээсэн гар утасны загваруудаа хараад байж байна. Би Европт шинэ гар утас гаргаж байгаа юм. “Vertu”  гэдэг нэртэй. Үнэ нь 5,000 ам.доллараас эхэлнэ. Хамгийн хямдхан загвар нь шүү дээ. Энэ гар утасны цул алтан загварыг ч худалдан авч болно.

Тэгэхээр энэ гар утас хамгийн анх бүтээсэн гар утастай чинь үнээрээ ойролцоо очих нь ээ?

Тийм ээ. Энэ гэхдээ хэрэглэхэд төвөгтэй утас биш. Дотор нь утасны жагсаалт хадгалж болно. Интернетийн зарим хэсэгт холбогдож орж болно. Гэхдээ энэ PDA биш. Энүүгээр и-мейл уншиж болохгүй, мөн камер байхгүй. Ердийн, хамгийн үндсэн телефон утас.

Надад мөн “Motorola Droid” байгаа. Бас “Jitterbug”. Би хамгийн сүүлд гарсан гар утсыг бас хэрэглэж үзэхийг хүсдэг. Би нэг хэсэг “iPhone” хэрэглэж байгаад ачдаа өгсөн. Хүүхдүүд түүнд их дуртай юм байна лээ. Харин сүүлийн үед “Android” гар утас хойноос нь нэхэж гарч ирж байх шиг байна. Сүүлийн үеийн “Android” “iPhone”-оос илүү биш юм гэхэд түүнээс дутахгүй сайн болсон байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж