Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчид болон тус сургуулийг төгссөн Монголчуудын төлөөллийг хүлээн авч уулзав.
Уулзалтад оролцсон Уралын холбооны их сургуулийн нэгдүгээр проректор С.В.Кортов, тус сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн тэнхимийн эрхлэгч А.С.Палкин болон Төгсөгчдийн холбооны гүйцэтгэх захирал А.В.Пономарёв нар хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа, оюутан солилцоо зэрэг асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой санал солилцож, ярилцлаа.
Тухайлбал, сүүлийн үед ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах Монгол оюутнуудын тоо нэмэгдэж байгаа ч орос хэлний чадвар нь муудаж байгаа гэж Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчид үзэж байгаа юм байна.
Тиймээс Уралын Холбооны Их сургууль, Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, хуулийн сургуулиуд өөрийн улсын дахин нэг сургуулийг оролцуулан, МУИС, МУБИС, ШУТИС-тай хамтран ОХУ-д суралцахаар бэлтгэж байгаа оюутан, сурагчдын орос хэлийг сайжруулах, орос хэлний сургалтыг эрчимжүүлэх төсөл эхлүүлэхээр болсон талаараа танилцуулав. Энэхүү төслийг ОХУ-ын тал бүрэн дэмжиж, тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх орос хэлийг гадаадад заах сангаас ОХУ-ын талаас гарах санхүүжилтийн асуудлыг нь шийдэж өгөхөөр болсон байна.
Мөн Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчдийн танилцуулснаар энэхүү төслийг ирэх онд тохиох Халх голын ялалтын 80 жилийн ойн баярын үеэр буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын уулзалтын үеэр дээрх сургуулийн төлөөллүүд гарын үсэг зурж албан ёсоор эхлүүлэх хүсэлт тавьж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод илэрхийлэв.
Мөн уулзалтын төгсгөлд хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд санал солилцож, ярилцлаа. Тухайлбал, тус сургуулийн эрдэмтдийн баг экспедицийн судалгаа хийж, Монголоос олдсон солирын хэлтэрхийнүүдийг судалж байгаа юм байна. Мөн солир судлалын баг солирын хэлтэрхийнүүдийг илүү нарийн судлах, Монголоос олдсон хэмээн регистржүүлэхэд хамтын ажиллагаа илүүтэй шаардагдаж байгаа хэмээв.
Эх сурвалж: PRESIDENT.MN