
Жүжигчин, дуучин Park Yong Ha нь 1977 оны наймдугаар сарын 12-нд төрсөн бөгөөд 33-хан насандаа хорвоог орхин одсон юм. Тэрээр 1994 онд анх “Theme Theater” хэмээх олон ангид кинонд тоглож, жүжигчний замналаа эхлүүлсэн байна. Түүний дараа 2002 онд “Winter Sonata” буюу “Өвлийн хайрын дуу” кинонд Bae Yong Joon, Choi Ji Woo нартай хамтран тоглож нэр алдрын оргилд гарчээ. Уг олон ангит кино Өмнөд Солонгост төдийгүй Япон, БНХАУ, Филиппин, Монгол зэрэг улсад гарч, үзэгчдийн хүртээл болсон юм. Түүнээс хойш Park Yong Ha-гийн нэр хүнд өсч, “Loving You”, “Tokyo Wankie”, “On Air”, “The Slingshot” зэрэг олон ангит кинонуудад тогложээ. Мөн “If It Snows on Christmas”, “Although It is Hateful Again”, “The Scam” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна. Тэрээр хамгийн сүүлд “Love Song” хэмээх олон ангит кинонд тоглохоор гэрээ байгуулаад байжээ.
Park Yong Ha-г эцсийн замд нь Lee Byung Hun, Bae Yong Joon, Won Bin, Choi Ji woo, Song Seung Hun, Eugene (экс-найз охин), Jang Hyuk, Lee Bum Soo, Park Si Yeon, Yoon Eun Hye, Cha Tae Hyun, So Ji Sub, Kim Ha Neul, Park Hyo Shin зэрэг найз нөхөд, дотны хүмүүс нь үджээ.
М.Анир