Түүхэн барилгыг сэргээн засварлах мэргэжилтэн Монголд алга

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Түүхэн барилгыг сэргээн засварлах мэргэжилтэн Монголд алга

Түүхэн барилгыг сэргээн засварлах мэргэжилтэн Монголд алга

Зуу гаруй жилийн түүхтэй монголчуудын түүх соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм байгуулагдсаны 110, музейн 80 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд "Дурсгалт барилгын сэргээн засварлалт: Тулгамдаж буй асуудлууд” сэдвээр  өнөөдөр /2018.11.28/ салбарын мэргэжилтнүүд чууллаа. Монголын уран зургийн галерейд зохион байгуулагдаж буй эл арга хэмжээнд "Чойжин ламын сүм музей"-н захирал Д.Отгонсүрэн, Монгол Улсын зөвлөх архитектор З.Оюунбилэг, "Эрдэнэзуу музей"-н менежер Ц.Содномсүрэн нарын хүмүүс оролцож байгаа юм. Энэ үеэр түүх, архитектурын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт дэлхий дахинд чухал боловч мэргэжилтэн дутмаг байгаа нь тулгамдсан асуудал болж байна гэдгийг илтгэгчид онцоллоо.

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн:

-Тухайн улсын нүүр царай нь соёл урлагийн салбар байдаг. Тэр ч утгаараа өнөөдөр түүх, архитектурын түүхэн дурсгалт барилга байгууламжийн сэргээн засварлалтын асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэх шаардлагатай байгаа юм.

Бид Чойжин ламын тэгш ойд зориулан 1940-2018 он хүртэлх түүхэн архив, баримт бичигт тулгуурлан Чойжин ламын сүм музейн дурсгалт барилгын сэргээн засварлалт нэртэй эмхэтгэлийг олон нийтийн хүртээл болгож байна. Үүн дээр үндэслэн өнөөдөр Дурсгалт барилгын сэргээн засварлалт: тулгамдаж буй асуудлууд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх боломж бүрдлээ.

Чойжин ламын сүм музейн тэгш ойг тохиолдуулан мөн үзэсгэлэн гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд Чойжин ламын сүм музейн газрын хамгаалалтын бүсээ авч үлдэх гэж тэмцэж ирлээ. Үр дүнд нь  Засгийн газрын тогтоолд заасны дагуу газрын хамгаалалтын бүсийн 2 га орчмыг кадастарт оруулж чадсан. Одоогоор "Ар Монгол" ХХК, "Чоно" ХХК, зүүн хойно нь "Сити центр" гэсэн гурван байгууллага газрын давхацлын асуудалтай байна. Музейн зүүн хойд барилгыг "Чоно" ХХК түрээслэх гэрээ байгуулаад өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй, асуудал үүсгээд явж байна.

СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТЫГ ХАМГИЙН ХЯМД ӨРТГӨӨР ЧАНАРГҮЙ ХИЙЖ БАЙНА 

Дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх архитектор З.Оюунбилэг :

-Үнэ цэнтэй дахин давтагдашгүй урлагийн баримтын бүх зүйлийг өөртөө агуулсан зүйлийг дурсгалт барилга гэдэг. Энэ нь дотроо архитектор, түүхэн дурсгалт барилга гэж хоёр ангилагдана. Түүх соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах ажил бол олон улсын хэмжээнд аль эртнээс явагдаж эхэлсэн байдаг. Дэлхийн нэгдүгээр дайны дараа сэргээн засварлалтыг олон улсын хэмжээнд авч үзэх болсон.

Монгол Улсад 1971 онд БНМАУ-ын соёлын зүйлийг хамгаалах хууль гэж батлагдсан. Хуулийн дагуу Соёлын яамны харьяа Соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах сэргээн засварлах байгууллага гэж байгуулагдсан боловч 1995 онд хувьчлагдсан. Энэ хугацаанд Монголын нутаг дэвсгэрт байгаа бүрэн бүтэн үлдсэн түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлах ажлыг хийсэн.

Өнөөдөр сэргээн засварлах ажлын архитектор байна уу гэвэл гарын таван хуруунд л тоологдоно. Хуулиараа эрх авсан байгууллага нь сэргээн засварлах ажлыг хийх ёстой. Сэргээн засварлах ажилд төрөл бүрийн хүмүүс оролцон цаг хугацааг их зарцуулдаг. Одоо бол тендер зарлаж хамгийн бага үнэ санал болгосон байгууллагыг сонгож байгаа учраас хямд материалаар чанаргүй сэргээн засварлалтыг хийж байна гэж л хэлэх байна. Монголд сэргээн засварлах шаардлагатай маш олон барилга байгаа. Мөн сэргээн засварлах архитекторыг бэлдэх боловсон хүчин монголд алга. Бид хот суурины үлдэгдлийг хадгалж хамгаалах асуудалд анхаарал хандуулж чадахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар бүтэн үлдсэн сүм дуганыг сэргээн засварлах ажлыг хийж байгаа. Чойжин ламын сүмийг 1971 оноос хойш цогцоор нь сэргээн засварлаагүй. Дусаал гоожиход нь шавраар бөглөх нь сэргээн засварлалт биш. Тиймээс үе шаттай цогцоор нь сэргээн засварлах ажлыг явуулах нь чухал.

Мэргэшсэн архитектор, сэргээн засварлагч Б.Бизъяасүрэн: 

Олон улсад сэргээн засварлалтын хэд хэдэн зарчмыг мөрддөг. Барилгыг нэг удаа сэргээн засварласнаас хойш 50-100 жилийн дотор эвдрэл гэмтэлд өртөх магадлал энгийн ашиглалтын нөхцөлд хэвийн гэж үздэг. Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтын зураг төсөл сүүлийн таван жилийн хугацаанд таван үе шаттай хийгдсэн. Миний хувьд сэргээн засварлагчаар оролцож байсан. Хүмүүс улс төр, хувийн ашиг сонирхлын үүднээс янз бүрийн дүгнэлтүүдийг гаргасан байгаа. Мэргэжлийн хүний нүдээр харахад зөв зүйтэй засвар хийгдсэн. Чойжин ламын сүмийн музейн эргэн тойронд байгаа  машины зогсоол , зориулалтын бус байдлаар эдэлбэр газрыг ашиглаж байгаа асуудал нь эвдрэл гэмтэл үүсэх магадлалыг бий болгож байна. Сэргээн засварлагдсан барилга байгууламжид хамгаалалтын бүсийг бий болгох, уран сайхны үзэмжийг алдагдуулахгүй байх энэ үзэл санаа хэрэгжихгүй байгаа гэж харж байна. Түүнчлэн монголд сэргээн засварлалтын чиглэлээр ажилладаг маш цөөхөн хүн бий. Боловсон хүчин байхгүй, бэлтгэгдээгүй. Яаж бэлдэх вэ гэхээр архитекторын чиглэлээр суралцсан мэргэжилтнээ дадлагажуулж бэлтгэдэг.

Хэлэлцүүлгийн үеэр салбарын мэргэжилтнүүд түүхэн дурсгалт барилга байгууламжийг сэргээн засварлах боловсон хүчин мэргэжилтнүүд алга гэдэгт санал нэг байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж