Д.Цогтбаатар: Элчин сайд О.Энхцэцэг өргөдлөө өгсөн

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар: Элчин сайд О.Энхцэцэг өргөдлөө өгсөн

Д.Цогтбаатар: Элчин сайд О.Энхцэцэг өргөдлөө өгсөн

Монгол Улсаас Швед улсад суух Элчин сайдаар томилогдон, өнгөрсөн есдүгээр сард Ерөнхийлөгчөөс жуух бичгээ гардан мордож байсан Очирын Энхцэцэг чөлөөлөгдөх өргөдлөө гаргажээ. Энэ тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Элчин сайд О.Энхцэцэг ар гэрийн шалтгаанаар Монголдоо буцаж ирье гэдэг өргөдлөө гаргасан. Энэ сарын 9-нд өргөдлөө ирүүлсэн” гэдэг тайлбар хийлээ. Монголоосоо яваад удаагүй байгаа Элчин сайд гэнэт чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь багагүй хардлага дагуулж буй. Учир нь түүнтэй холбоотой таагүй мэдээлэл гарах болсон.

Тухайлбал, Элчин сайд О.Энхцэцэг нь гэр бүлийн гишүүд болон үйлчлэгчийнхээ Швед улсад оршин суух эрхийг хүсэхдээ жуулчны ангиллын визээр авчран суурьшуулсан нь тухайн улсын хууль, дипломат ёсыг зөрчсөн үйлдэл болсон. Иймээс Швед улс түүнийг гэр бүлийнхээ хамтаар яаралтай явахыг шаардсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швед улсад суух Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татах шийдвэр гаргасны дараа Засгийн газар өнгөрсөн зун О.Энхцэцэгийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-аар хэлэлцүүлэн, Элчин сайдаар томилж байв. Харин Ерөнхийлөгч есдүгээр сард итгэмжлэх жуух бичгийг нь өгчөө. Тэрбээр 31 жил дипломат албанд ажилласан. Түүнийг Элчин сайдаар томилох асуудлыг УИХ-д оруулж ирэх үед Ерөнхийлөгчийн хүн гэх хардлага ч дагалдаж байлаа.

Швед улсад томилогдсон Элчин сайд О.Энхцэцэг гэж хэн бэ?

Зүүн гар талд суугаа нь О.Энхцэцэг

О.Энхцэцэг нь 1961 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1990 онд Стэнфордын их сургуулийн Хуверийн институтийг тус тус төгссөн. 1984-1988 онд ГХЯ-ны Хоёрдугаар хэлтэст дэд атташе, 1988-1992 онд тус яамны Олон улсын байгууллагын газарт атташе, 1992-1997 онд Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1997-2000 онд Олон улсын байгууллагын газарт ахлах мэргэжилтэн, 2001-2007 онд тус яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал, 2007-2012 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, 2012 онд ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын захирал,  Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Судалгааны төвийн захирал, 2013-2014 онд Олон улсын байгууллагын газарт зөвлөх,  2014-2015 онд Олон талт хамтын ажиллагааны газарт зөвлөх, 2015-2017 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2017 оны гуравдугаар сараас Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байв. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд  31 жил тус тус ажиллажээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж