Улсын Их Хурлын Тамгын газар 2018 оны 11 дүгээр сарын 19, 27-ны өдрүүдэд зөвлөх, референтүүдээ “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах арга зүйн зарим асуудал” сэдэвт сургалтад хамруулав.
Улсын Их Хурлын Тамгын газар, “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс зохион байгуулсан уг сургалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ “Хууль зүйн нэр томьёо, хэрэглээ”, Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ хийх аргачлалыг хэрэглэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ “Хууль зүйн нэр томьёо, хэрэглээ” сэдэвт илтгэлдээ, хууль тогтоогч, хуулийн төслийн эх барьж ажилладаг зөвлөхүүд болон хууль тогтоох үйл ажиллагаанд оролцогчид нэг талаас хуулийн мэргэжилтэн, нөгөө талаас хэл шинжлэл, найруулга зүйн өндөр мэдлэг, чадвартай байх шаардлагатай. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад тодорхойгүй нэр томьёо, үг хэллэгээр бичигдсэний улмаас хуулийг хэрэглэх явцад бэрхшээл учруулж байгаа зохицуулалтууд их байна гээд хууль тогтоох байгууллагын ажилтнууд хуулийн төсөл боловсруулахдаа хууль зүйн техникийн, тэр дундаа нэр томьёо, хэл зүйн дүрмүүдийг зөв, үр нөлөөтэй хэрэглэснээр уг асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг хууль зүйн техникийн онол, зарчим, практик жишээ баримтад тулгуурлан танилцуулж, саналаа хуваалцлаа.
Харин Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх тооцох аргачлалыг хэрэглэх явцад тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга замыг танилцуулав. Мөн хууль тогтоомж нь Улсын Их Хурлаас баталж байгаа бодлогын баримт бичгийн нэг төрөл тул хуулийн төслийн үр нөлөөг үнэлэхэд бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийх ерөнхий арга зүй, аргачлалыг ашиглах нь зохимжтой. Тиймээс хууль тогтоох байгууллагын ажилтнууд бодлогын дүн шинжилгээ хийх арга зүйг хэрэглэх мэдлэг, чадвартай байх шаардлагатай гээд бодлогын судалгааны ерөнхий аргачлал, практикт тулгарч буй асуудлуудаар сургалтад оролцогчидтой саналаа солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын 60 гаруй зөвлөх, референтүүд хамрагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Холбоотой мэдээ