Т.Хулан: Менежментийн зөвлөх үйлчилгээгээр дамжуулан ХААН Банк харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг илүү чадавхижуулахад бодитой дэмжлэг үзүүлнэ
Монголын менежментийн зөвлөхүүдийн институтээс “Монголын бизнесийг төгөлдөржүүлэхүй” сэдэвт “Consult expo-2018”-ыг энэ сарын 30-нд “Blue sky” цамхагт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү экспогийн ерөнхий ивээн тэтгэгчээр ХААН Банк ажиллаж буй юм. Энэ талаар ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвийн захирал Т.Хулантай уулзаж ярилцлаа.
-“Consult expo-2018” арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юү. ХААН Банк энэхүү экспогийн ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа гэж дууллаа?
-ХААН Банк бизнес эрхлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тэдгээрийн бизнесийн үйл ажиллагааг бүхий л талаар нь дэмжсэн санхүүгийн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ бизнесийн үйл ажиллагааг нь чадавхижуулах чиглэлд ихээхэн анхаарч ирсэн. Харилцагчдаа бизнесээ илүү ухаалаг, төлөвлөлттэй, үр дүнтэй удирдахад нь туслах үүднээс бизнесийн мэргэжлийн сургалт, мэргэжлийн зөвлөгөө өгөх, зах зээлийн мэдээ мэдээллээр хангах зэргээр бодитой дэмжин ажилладаг.
Бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг чадавхижуулах, тулгарч буй бэрхшээл, асуудлыг бодитоор тодорхойлон, оновчтой шийдвэрлэх арга зам олж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн ажиллахад салбартаа мэргэшсэн экспертүүдийн туршлага мэргэжлийн зөвлөгөө чухал ач холбогдолтой байдаг.
Энэ утгаараа бид зөвлөх үйлчилгээний ач холбогдол, давуу тал, орчин үеийн чиг хандлагуудыг харилцагчдадаа таниулах зорилгоор “Consult expo-2018” арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Энэхүү экспод салбартаа тэргүүлэгч 30 гаруй мэргэшсэн зөвлөх компани оролцож, зөвлөх үйлчилгээний давуу тал, орчин үеийн чиг хандлагуудын талаар мэдээ мэдээлэл өгөхөөс гадна энэ үйлчилгээг авснаараа тухайн байгууллагад ямар ахиц дэвшил гардаг талаар бодит туршлагуудыг танилцуулж, шинэлэг санаа, өвөрмөц шийдлүүдийг санал болгож байгаагаараа онцлог юм.
-ХААН Банк харилцагчдаа чадавхижуулах чиглэлээр ямар ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
– Манай банк нэлээд олон жилийн өмнөөс энэ талаар анхаарч ажиллаж ирсэн. Үүний тод жишээ бол “Хамтдаа хөгжье” уриатайгаар 2006 онд “Бизнес инкубатор” төвийг анх санаачлан байгуулсан. Энэ төв маань 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ жилээс эхлээд бид “Бизнес инкубатор” төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэн Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв болгон өөрчилж, бизнес эрхлэгч харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг чадавхижуулахад бодитой дэмжих үүднээс менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Энэ үйлчилгээгээрээ дамжуулаад ХААН Банк харилцагчдаа илүү чадавхижуулах, бизнесээ илүү удаан урт хугацаанд илүү өсөлттэйгөөр авч явахад нь бодитой дэмжлэг үзүүлэх юм. Тийм ч учраас бид Монголын менежментийн зөвлөхүүдийн институттэй хамтраад зөвлөх үйлчилгээг харилцагч байгууллагууддаа амжилттай хүргээд явж байна. Цаашдаа ч бид энэ чиглэлд олон ажил хийхээр төлөвлөж байгаа.
-Экспод оролцсоноор ХААН Банкны харилцагчдад ямар давуу талтай вэ?
-Мэдээж ХААН Банк ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаагийн хувьд манай банкны үйлчлүүлэгч харилцагч нарын хувьд экспод хүрэлцэн ирснээр дараах давуу талыг эдэлнэ. Нэгдүгээрт, салбартаа тэргүүлэгч 30 гаруй мэргэшсэн зөвлөхүүдтэй биечлэн уулзаж зөвлөгөө авах, тэдний шилдэг илтгэлүүдээс сонсох, бодит туршлагаас суралцах боломжтой. Хоёрдугаарт, зөвлөх үйлчилгээнд шинээр нэвтэрсэн арга хэрэгсэл, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хөнгөлөлттэй үнээр авах эрх үүснэ. Гуравдугаарт, оношилгооны програм дээр өөрийн бизнесийн талаарх мэдээллийг оруулж, үнэ төлбөргүй оношлуулах боломж бүрдэж байгаа. Мөн түүнчлэн Монголын шилдэг зөвлөхүүдийн бодит туршлага дээр үндэслэн бичигдсэн ”Бизнес эрхлэгч нарт зөвлөх нь” номыг бэлгэнд авах юм. “Consult expo-2018”-ын үеэр ХААН Банкны бүүт ажиллана. Тэндээс та ХААН Банкны бизнес зөвлөхүүд, харилцааны менежерүүдээс банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн зөвлөх үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Үүнээс гадна ХААН Банкны харилцагчдадаа зориулан бид “Consult expo-2018”-ын тасалбарыг 20 хувийн хөнгөлөлттэй авах авах боломж олгож байгааг бас дуулгая.
Г.ГЭРЭЛ
Холбоотой мэдээ