Эдийн засгийн байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийн төслөөр зөвшилцөж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр хэлэлцэв. Энэ хэлэлцээрийн хүрээнд 50 сая еврог 0,78 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай, эхний 2 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нэн хөнгөлөлттэй хөгжлийн зээл авах аж. Зээлтэй холбоотой Байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Монгол Улсад өнөөдөр эдийн засгийн өсөлт бий болгодог, ажлын байр бий болгодог салбарт хөрөнгө оруулах шаардлагатай. Энэ зээлийн хөрөнгийг олон зүйлд зарцуулах боломж байна. Яг юунд зарцуулах вэ гэдгээ тодорхой ярих ёстой. Сүүлийн үед лифт засах, гудамж засах гэх мэт эдийн засгийн өсөлт бий болохгүй салбарт зарцуулах хандлага ажиглагдаад байгаа. Тиймээс зээлийн хөрөнгийг үр бүтээлтэй ашиглах, ялангуяа эрчимжсэн газар тариалангийн чиглэлээр Беларусь Улс арвин туршлагатай. Энэ туршлагыг ашиглаад дотоодод нэвтрүүлэх чиглэлд анхаарах нь зөв гэж би харж байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Энэ зээлийг долоон жилийн дотор төлөх ёстой. Тэгэхээр хугацааны хувьд богино байна. Уг нь 28-30 жил байх, эхний 10 жил зээлийн төлбөрөөс чөлөөлөх байвал бид дэмжинэ гэж хэлсэн. Энэ мөнгөөр эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Бид эндээс батлаад явуулдаг ч Сангийн яам дээр хэд дахин өөрчлөгддөг шүү. Яг УИХ-д оруулж ирэхдээ мэргэжлийн яамнаас санал аваад, тохироод оруулж ирэх нь зүйтэй. Тэгэхгүй бол УИХ-аар батлуулсны дараа юунд зарцуулах нь Сангийн яамны асуудал гээд суугаад байж болохгүй.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Хугацааны хувьд 7 жил гэдэг богино байна. Ядаж 10 жилээр болгох талаас нь ажиллаад үзээрэй. Дээр нь зээлийн зарцуулалтын хувьд хүн ардынхаа амьдралыг сайжруулах чиглэлд зарцуулмаар байна. ЖДҮ болон үйлдвэрлэл рүү төрийн бодлого оруулмаар байна. Байнгын хорооны хуралд гурван гишүүн үг хэлсэн бөгөөд тэдний саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Холбоотой мэдээ