Баруун аймгуудын нутгаар энэ сарын 25-нд болсон байгалийн гамшигт үзэгдлийн талаар болон цаг үеийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2018.11.28/ мэдээлэл хийлээ.
Тодруулбал, энэ сарын 25-нд болсон хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймагт 254 гэр, 116 хашаа, 27 барилгын дээвэр салхинд хийсчээ. Түүнчлэн дөрвөн аймгийн 52 сум тог, цахилгаангүй болоод байсан юм. Харин одоогоор 46 сум тоггүй байна. Мэдээллийн үеэр Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар эдгээр аймгийн тогийг маргааш /2018.11.29/ гэхэд тогтой болгоно гэдгийг мэдэгдлээ. Мөн Улсын Онцгой комиссын хуралдаанаар тус аймгуудын орон гэргүй болсон 168 өрхөд гэр олгохоор болжээ. Судалгаагаар тус бүсэд 10 жилийн давтамжтайгаар 30-40 м/сек хурдтай салхи, шуурга болж байгаа учир цахилгааны шон, техникийн бүтцийг сайжруулах саналыг Засгийн газарт оруулна гэлээ.
Хохирлыг барагдуулж, сэргээн босгоход нэг тэрбум 400 сая төгрөг шаардлагатай ажээ. Мөн 1.4 тэрбум төгрөгийг унасан 13 тулгуур баганыг босгох, тээвэрлэх, 168 гэрийн өртөг, тээвэрлэх зардалд зарцуулж байгаа юм байна. Урьдчилсан байдлаар 391 сая төгрөгийг цахилгаан эрчим хүчийг сэргээхэд зарцуулах юм байна.