ЭЕШ-д “Шилэн технологи” буюу шууд засах технологийг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

ЭЕШ-д “Шилэн технологи” буюу шууд засах технологийг нэвтрүүлнэ

ЭЕШ-д “Шилэн технологи” буюу шууд засах технологийг нэвтрүүлнэ

2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн босго алхах элсэгчдийн ЭЕШ-ыг зохион байгуулах бэлтгэл ажил энэ жилийн хувьд бодсоноос ч эрт эхэлж байна. Элсэгчдийн цахим бүртгэл жил бүрийн хоёрдугаар сарын 10-наар эхэлдэг. Энэ жилийн цахим бүртгэл товлосон хугацаандаа эхлэх ч ЭЕШ-ын зохион байгуулалтад зарим нэг өөрчлөлт орж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд өнгөрсөн жилийн шалгалтнаас хойш амсхийх чөлөөгүй ажиллаж байна.

Энэ жил ЭЕШ-ын зохион байгуулалтад нэгэн том өөрчлөлт орж байгаа нь шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлж байгаа явдал юм. Шилэн технологи гэдэг нь элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч буй хүүхдүүд энэ жилээс эхлэн шалгалтынхаа материалыг шууд засалтын технологиор материалаа газар дээр нь уншуулаад, шалгалтын дүнгээ сонсох боломж бүрдэж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, жил бүрийн хавар ерөнхий боловсролын сургууль төгссөн 40-45 мянга орчим шалгуулагч ЭЕШ өгдөг. Энэ үйл ажиллагааг технологийн давуу тал, цахим орчныг ашиглаж илүү нээлттэй, ил тод, шуурхай, шударга явуулах зорилготой “Шилэн технологи”-ийг нэвтрүүлэх ажил энэ жил бодит ажил хэрэг болж, ирэх хавар элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх элсэгчид шалгалтаа өгч дуусмагц, шалгалтынхаа материалыг засагч машинд уншуулж, дүнгээ шууд мэдэх боломжтой болж байна. Энэ нь эдийн засгийн хувьд айл өрх, аймаг, сумдын хувьд зардал мөнгө, цаг зав хэмнэсэн чухал ажил болж байгааг албаныхан онцолж байна. Нөгөөтэйгүүр, шууд засалтын технологи нь Боловсролын үнэлгээний төв гэлтгүй шалгуулагч хүүхдүүд, эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн хүлээлт үүсгээд байсан том ажил. Хөрөнгө санхүүгийн асуудал нь шийдэгдэхгүй явсаар түр хойшлоод байсан ч энэ удаа Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжсэний үр дүнд 2019 онд хот, хөдөөгийн шалгалтын анги танхимд шууд засалтын технологийг нэвтрүүлэхээр болсон байна. Энэ ажлын хүрээнд, Боловсролын үнэлгээний төвийнхөн өнгөрсөн баасан гаригт нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын Мэдээлэл­зүйн багш нарт шинэ технологийг танилцуулах, шалгалтын материалыг хэрэн засах талаар сургалт хийж, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгсөн юм. Мөн ирэх сарын 7-нд хөдөө орон нутгийн багш нарт зориулан энэ сургалтыг шат дараатай зохион байгуулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Дашрамд дурдахад, Боловсролын үнэлгээний төвийнхөн 2006 оноос хойш өнөөг хүртэл ЭЕШ-ыг амжилттай, асуудал багатай зохион байгуулсаар ирсэн. Дээр нь шалгалтын зохион байгуулалт жил ирэх тусам сайжирсаар байгааг боловсролын салбарынхан болоод эцэг эхчүүд хэлдэг. Харин шалгуулагчдын зүгээс зарим нэгэн гомдол ирдэг нь өөрсдийн дүн оноотой санал нийлэхгүй байна гэсэн гомдол ирдэг. Энэ тохиолдолд ЭЕШ-ын дүн, оноо гарснаас хойш тухайн элсэгчийг эцэг эх, багшийг нь хамт байлгаж дүн, оноог нь дахин нягталж үздэг. Тэгвэл энэ жилээс эхлэн шалгалтын материалаа шууд засалтын машинаар уншуулан шалгалтын анги танхимаас дүн, оноогоо сонсоод гарч ирэх учраас энэ төрлийн гомдол дахин гарахааргүй болжээ. “Шилэн технологи” буюу шууд засалтын машины талаарх мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс тодруулсан юм.

ЭЕШ-ЫН ДҮНГЭЭ ШАЛГАЛТ ӨГСӨН ДАРУЙДАА МЭДЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО

-“Шилэн технологи” буюу шууд засалтын машиныг хэрхэн ашиглах тухай сургалт мэдээллийг нийслэлийн ЕБС-ийн багш нарт өгч байна. Энэ удаагийн сургалтад хэчнээн хүн оролцож байна. Мөн хөдөө, орон нутгийн багш нарт зориулсан сургалтыг хэзээ зохион байгуулах вэ. “Шилэн технологи”-ийг нэвтрүүлснээр ямар эерэг, давуу талууд гарч ирэх вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноог өмнө нь бид 14 хоногийн дараа мэддэг байсан бол энэ жилээс эхлэн шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ шууд мэдэх боломжтой болж байна. Энэ удаагийн сургалтад нийт 80 гаруй хүн оролцож байна. ЭЕШ авах шалгалтын төвүүд дээр ажиллах багш нараа нөөц хувилбартайгаар бэлтгэж байна гэж ойлгож болно. Он гараад бид энэ сургалтыг ЭЕШ эхэлтэл шат дараатайгаар зохион байгуулж, багш нараа нэлээд сайн дадлагажуулах болно. Яагаад ийм олон удаагийн сургалт зохион байгуулах гэж байна вэ гэвэл манай өнөөдрийн нийгэмд энэ шилэн технологийг нэвтрүүлж байгаа явдал нь шударга, ил тод байдлын нэгэн том жишээ болж чадна гэдэгт итгэлтэй байна. Олон улсын хэмжээнд элсэлтийн шалгалтыг ингэж ил тод зохион байгуулсан тухай жишээ баримтыг бид сонсож байгаагүй. Тиймээс 2019 онд энэ ажлыг бид амжилттай зохион байгуулахад онцлон анхаарч байгаа нь, магадгүй, олон улсын төвшинд Монгол Улсын боловсролын салбарт хийж буй энэ ажил эерэгээр сонсогдох байх. Оролцогчдын хувьд ч гэсэн итгэл үнэмшил дүүрэн элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх байх гэж бодож байна.

–Энэ жилийн ЭЕШ-д хот, хөдөөд шууд засалтын хэчнээн машиныг байршуулах вэ. Машин нь хүрэлцээтэй ирсэн үү.Мөн энэ жил хэчнээн элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэсэн урьдчилсан тооцоо байгаа вэ?

-Одоо бидэнд шууд засалтын 30 машин ирчихсэн байна. Үүн дээр бид нэг аймаг руу нөөц хувилбартайгаар хоёр машин явуулна гэж тооцоод нэмж 50 машин захиалсан. Тэгэхээр нийт 80 машинтайгаар ЭЕШ-ыг зохион байгуулна. Нийслэлд байрлах шалгалтын төвүүдэд нэг машинтай шалгалтыг авна. Харин хөдөө орон нутагт тухайн машин гацаж, зогсох зэрэг техникийн саатал гарах вий гэсэн эрсдэлээ тооцоод хоёр машины нөөц хувилбартайгаар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ жил Монгол Улсын ерөнхий боловсролын систем 12 жилийн тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан ЭЕШ өгөх 12 дугаар ангийн төгсөгчид урьд өмнөх жилийнхээс цөөн байгаа. Ойролцоогоор 16 мянган төгсөгч ЭЕШ өгнө. Үүн дээр өмнөх жилийн 4000 орчим элсэгч нэмэгдээд, нийт 20 мянган элсэгч ЭЕШ өгнө гэсэн урьдчилсан тооцоо бий. Тиймээс бид элсэгчдийн тоо хоёр дахин бага байгаа дээр нь энэ шууд засалтын технологийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж