ЖДҮ тойрсон ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

ЖДҮ тойрсон ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЖДҮ тойрсон ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ынхан өөрсдийн байгуулсан хоёр дахь Засгийн газраа огцруулах дээр тулаад байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газар концесс, хүүхдийн мөнгө зэрэг асуудлаар огцорч байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ олгосон зээл болон бусад долоон үндэслэлээр огцруулах асуудал ид яригдаж байна.  Ингээд Засгийн газрын орших, оршихгүйг шийдэх хүртэл ямар үйл явдал хөвөрснийг үйл явдлыг товчоон  хүргэе. 


Тавдугаар сарын 17

Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Б.Батзориг нь Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн /ХХААХҮ/ сайдаар ажиллах хугацаандаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны тавдугаар сарын 17-ний өдрийн А/88 дугаар тоот тушаалаар 134 иргэн хуулийн этгээдэд 72,4 тэрбум, 2018 оны наймдугаар сарын 28-ний өдрийн А/141 тоот тушаалаар 82 иргэн аж ахуй нэгжид 25,4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргасан билээ.

Аравдугаар сарын 22

УИХ, Засгийн газрын нэр бүхий дөрвөн гишүүний ЖДҮ-ээс зээл авсан баримт анх сошиалд дэлгэгдэв. Үүний дараа МАН-ын хёор тал бие, биеийнхээ авсан ЖДҮ-г илчлэн гаргасан билээ.

Аравдугаар сарын 31

ЖДҮХС-гаас зээл олгох тушаал гаргаж, өөрийн эхнэрийн компаниар ч мөнгө авсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр огцрох хүсэлт гаргав.

Арваннэгдүгээр сарын 5

Энэ өдөр ХХААХҮ Б.Батзоригийн огцруулах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барив. Ингээд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, сайдын ажлаас Б.Батзоригийг чөлөөлөхийг дэмжив.

Арваннэгдүгээр сарын 6

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, ХХААХҮ сайдаас Б.Батзоригийг чөлөөлөв.

Арваннэгдүгээр сарын 12

МАН-ын Удирдах зөвлөл хуралдав. Хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Улаанбаатар хотын дарга бөгөөд нийслэлийн захирагч Су.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэв. Ингээд Удирдах зөвлөлөөс Су.Батболд, Д.Хаянхярваа нарыг огцруулахыг дэмжсэн юм. Мөн ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилохыг дэмжив.

Арваннэгдүгээр сарын 13

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаас Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг хэлэлцэв. Ингээд бүлгийн гишүүдийн санал тэнцсэн ч хоёр дахь санал хураалтаар огцруулсан юм. Энэ үеэр М.Энхболдыг огцруулах эсэх асуудал ч хөндөгдсөн билээ.

Арваннэгдүгээр сарын 13

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах бичгийг өөрийн нэр дээр гаргаж, гишүүдээс гарын үсэг цуглуулна гэдгээ мэдэгдлээ.

2018 оны 11 дүгээр сарын 14

Засгийн газраас ирүүлсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ч.Улааныг томилуулахаар зөвшилцөх тухай албан бичгийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэв.

Арваннэгдүгээр сарын 15

Ерөнхнийлөгч Х.Баттулга сайдад нэр дэвшигч Ч.Улааныг хүлээн авч уулзав.Энэ үеэр Ч.Улааныг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн зүгээс илэрхийлсэн юм.

Арваннэгдүгээр сарын 15

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг томилов.

Арваннэгдүгээр сарын 16

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжив.

Арваннэгдүгээр сарын 19

Д.Хаянхярваа нарын нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Арваннэгдүгээр сарын 23

УИХ-ын нэр бүхий 32 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл чуулганы хуралдаандаа суухгүй гэж мэдэгдлээ.

Арваннэгдүгээр сарын 27

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Гэвч Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж