ОХУ усан дайныг өдөөсөн гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

ОХУ усан дайныг өдөөсөн гэв

ОХУ усан дайныг өдөөсөн гэв

Украины засгийн газар даваа гаригт 30 хоногийн байлдааны бэлэн байдал зарлалаа. Украины батлан хамгаалах яам Оросын талд барьцаалагдсан тэнгисийн цэргийн гурван усан онгоц, хөлгийн багийн 24 хүнийг буцаан авахын тулд байлдааны бэлэн байдал зарлах шаардлагатай болсныг ерөнхийлөгч Пётр Порошенко мэдэгджээ. Тэрбээр “ ОХУ тав дахь жилдээ Украины эсрэг далай тэнгисийн дайныг өдөөн хатгаж байна. Гэтэл одоо Украины цэргийн хөлөг онгоцнуудыг барьцаалснаараа түрэмгийлэл нь шат ахилаа” хэмээн мэдэгджээ. Харин Оросын Аюулаас хамгаалах албаны олон нийттэй холбоо барих төвийн мэдээлснээр,  ОХУ-ын хилийг зөрчсөн Украины тэнгисийн цэргийн хүчний гурван хөлөг онгоцыг саатуулжээ. Ингэж саатуулах ажиллагааны үеэр зэвсэг хэрэглэсэн байна. Улмаар Украины зэвсэгт хүчний шархадсан гурван цэргийн албан хаагчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд тэдний амь насанд  аюулгүй байгаа ажээ. Украины цэргийнхэн тэдний хөлөг онгоцнуудыг дагалдан явж байсан Оросын Аюулаас хамгаалах албаны хилийн алба болон ОХУ-ын Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнуудаас  тавьсан зүй ёсны шаардлагыг үл ойшоон, осолтой маневр хийсэн гэдгийг онцлон тэмдэглэжээ. Украины хөлөг онгоцнууд Хар тэнгисээс Керчийн хоолой чиглэн явж байсан аж.

ГЕОПОЛИТИКИЙН ЗӨРЧИЛ

Энэ хэрэг ОХУ болон Украины хооронд шийдэгдэлгүй үлдсэн зөрчлийг өдөөж, нөхцөл байдал хурцадлаа. ОХУ болон Украины зөрчил геополитик болон эдийн засгийн ашиг сонирхлын зөрчилдөөний үр дүн юм. ОХУ баруун талаараа Украинтай хиллэдэг ба Хар тэнгисийн хойд хэсэгт байрладаг. Хар тэнгис нь Газар дундын тэнгис, Эгейн тэнгисээр Атлантын далайтай холбогддог тул геополитикт чухал ач холбогдолтой. Хар тэнгисийн эрэгт Украинаас “булааж авсан” ОХУ-ын Крым хойг байрладаг. Украины хууль тогтоогчид 2014 онд ОХУ-аас эдийн засгийн хэт хараат байдлаа өөрчлөхөөр  Европын холбоонд нэгдэх хүсэлт гаргаснаар хоёр орны хооронд зөрчил үүссэн. Улмаар уг зөрчлийн төгсгөлд ОХУ Крым хойгт хяналтаа дахин тогтоож, Украины зүүн хязгаарт салан тусгаарлах хөдөлгөөн өрнөсөн билээ. Украины зүүн хэсгийн салан тусгаарлах зөрчил тэмцлээс шалтгаалан олон зуун хүн амь үрэгдсэний дээр Донецкийн дээгүүр нисч явсан Малайзын иргэний тээврийн онгоц пуужинд оногдож сүйрсэн.

ОЛОН УЛСЫН ХАНДЛАГА

Үүссэн нөхцөл байдалд олон улсын удирдагчид янз бүрийн байдлаар хандаж байгаа ч голдуу ОХУ-ыг буруутгасан өнгө аястай байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр орны хооронд үүссэн нөхцөл байдлыг таашаахгүй байгаа бөгөөд асуудлыг Европын холбоотнуудтай хэлэлцэж буйгаа мэдэгджээ. Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэлдээ ОХУ-ыг “олон улсын хуулийг зөрчиж, аюултай зөрчил өдөөсөн” гэж буруутгасан байна. Түүнчлэн тэрээр ОХУ-д хандан Украины усан онгоцнууд болон хөлгийн гишүүдийг Киев рүү нэн даруй буцааж, тус улсын халдашгүй дархан байдал, бүрэн эрхийг хүндэтгэхийг уриалжээ. Мөн НҮБ-д дахь АНУ-ын төлөөлөгч Никки Халэй ОХУ-ын үйлдлийг эрс буруушааж, тус улсын эсрэг эдийн засгийн хориг хэвээр үлдэхийг мэдэгдэв. Германы канцлер Ангела Меркель хэлэлцээ хийхийг санал болгосон боловч Европын холбооны бусад гишүүн орнууд тухайлбал, Их Британи, Франц, Польш, Дани улсууд ОХУ-ын түрэмгийллийн эсрэг хариу арга хэмжээ авахыг шаардацгааж байна. Харин Хар тэнгистэй хиллэдэг Турк улсын зүгээс хоёр орныг хэлэлцээрийн журмаар маргааныг шийдвэрлэхийг уриалжээ. Энэ хооронд Умард Атлантын цэргийн эвслийн (NATO) тэргүүн Йенс Столтенберг Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, бие даасан байдлын төлөө бүрэн дэмжлэг үзүүлэхээ Пётр Порошенко руу утас цохин мэдэгджээ. Украин хараахан ‘NATO’-гийн биш.

ОХУ-ЫН ЭДИЙН ЗАСАГ ЭРСДЭЛД БАЙНА

Геополитикийн зөрчил ОХУ-ын эдийн засагт шууд нөлөөгөө үзүүлж, рублийн ханш даваа гаригт ам.долларын эсрэг 1,4 хувиар унасан ба тус улсын ам.долларын бондын ханш буурч байна. Хэрэв Барууны орнууд ОХУ-ын эсрэг шинэ хориг тавивал тус улсын эдийн засагт дахин хүндрэл үүсэх нь тодорхой. Түүнчлэн ОХУ-ын орлогын хамгийн том эх үүсвэр болсон газрын тосны ханш даваа гаригт баррель нь 60 ам.долларт хүрч унаад буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж