Ш.Ганчимэг: Төв цэвэрлэх байгууламжийн лагийг бордоо болгох ажил 43 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Ш.Ганчимэг: Төв цэвэрлэх байгууламжийн лагийг бордоо болгох ажил 43 хувьтай байна

Ш.Ганчимэг: Төв цэвэрлэх байгууламжийн лагийг бордоо болгох ажил 43 хувьтай байна

Нийслэлчүүдийн хувьд Төв цэвэрлэх байгууламжийн үнэр толгойн өвчин болсоор олон жилийг ардаа орхиж.  Янз бүрийн арга хэрэглэж байсан ч төдийлөн үр дүнтэй болж байгаагүй юм билээ. Харин энэ жил Монгол Улсын Засгийн газраас санаачлан, Барилга хот байгуулалтын яамны захиалгаар “Эко Тайхи” ХХК, Япон улсын “Эко энержи систем” ХХК-тай хамтран лагийг үнэргүйжүүлж, эко бордоо болгох төслийг хэрэгжүүлж эхлээд эхний үр дүн гарчээ. Уг төсөл 2018-2019 онд хэрэгжинэ. 1964 оноос хойш хуримтлагдсан лагийг бордоо болгох ажил өнгөрсөн зунаас эхэлсэн бөгөөд ажлын гүйцэтгэл 43 хувьтай явж байгаа аж. Энэ талаар “Эко Тайхи” ХХК-ийн захирал Ш.Ганчимэгтэй ярилцлаа.

Олон жил хуримтлагдсан лагийг бордоо болгож өмхий үнэрээсээ сална гэдгийг анх сонсоод үлгэрийн мэт санагдаж байсан. Гэтэл ажлын эхний үр дүн гарч, 43 хувьтай явж байгаа юм байна. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Барилга хот байгуулалтын яамны захиалгаар “Эко Тайхи” ХХК, Япон улсын “Эко энержи систем” ХХК-тай хамтран “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж, эко бордоо болгох” төслийг зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөл нь улирлын чанартай хийгдэж  хоёр жилийн хугацаанд хэрэгжих юм.  Төсөл хэрэгжих хугацаанд нийтдээ 720 мянган шоо метр лагийг үнэргүйжүүлж, хоргүйжүүлэн бордоо болгох юм. Энэ онд хийгдэх ажил маань төлөвлөгөөний дагуу хийгдэж дууслаа. Өөрөөр хэлбэл, энэ онд нийт 305 мянган шоо метр лагийг цэвэрлэн үнэргүйжүүлж, нийт төслийн хэмжээнд хийвэл зохих ажлынхаа 43 хувийг хийж гүйцэтгэлээ.

Лагийг хэрхэн үнэргүйжүүлж бордоо болгох вэ? Ажил хийгдэх процессийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу,  сонирхолтой санагдаж байна л даа?

Төв цэвэрлэх байгууламжийн лаг 3 төрөл байна. Арваас дээш жил болсон хур лаг, түүнээс богино хугацаанд хуримтлагдсан буюу төмөр бетон хийц бүхий онгоц (карт ч гэдэг)-нд хуримтлуулсан лаг болон өдөр тутамд шинээр нэмэгдэж буй шингэн лаг гэж байдаг. Лагийг үнэргүйжүүлж хоргүйжүүлэхэд хамгийн гол түүхий эд нь Японы улсын “Эко энержи систем” компаний захирал Азечи Саданоригийн олон жилийн уйгагүй  ажиллагааны дүнд гаргаж авсан  ашигтай басиллус бактери юм. Уг бактерийн модны үртэс бүхий орчинд үржих таатай нөхцлийг бүрдүүлэх замаар өсгөвөрийг бэлтгэж, түүнийгээ механик аргаар цэвэрлэх байгууламжийн лаганд жигд хольж өгнө. Ингэснээр хэсэг хугацааны дараа үнэр дарагдаж улмаар хоргүйжин бордоо болох процесс явагдаж эхэлнэ дээ.

Төслийн хүрээнд хэчнээн шоо метр лагийг үнэргүйжүүлж, бордоо болгох вэ?

Энэ жилийн хувьд бид картын болон өдөр тутам бий болж байгаа шингэн лагийг үнэргүйжүүлж хоргүйжүүлэн бордоо болгох ажлыг хийсэн. Нийт 44 картанд лаг байгаагаас бид 23 картыг бүрэн суллаж 161 мянган шоо метр лагийг үнэргүйжүүлж, бордоо хийхэд бэлтгээд байна. Мөн үүний зэрэгцээ өдөр тутам гарч ирж буй 144 мянган шоо метр шингэн лагийг үнэргүйжүүлэх арга хэмжээ авлаа.

Төслийн үр дүнд хоёр жилийн дараа Улаанбаатар хот өмхий үнэрээс салах уу?

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь тасралтгүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй болоод нилээд удаж байгаа гэсэн. Энэ нь Төв цэвэрлэх байгууламжийн анхны төлөвлөлтөөс Улаанбаатарын хүн ам олон дахин өссөнтэй холбоотой. Төв цэвэрлэх байгууламж хоногт 160,000-190,000 шоо метр ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг. Гэвч лаг боловсруулах байгууламж байхгүйгээс хоногт 1,000-1,200 шоо метр шингэн лагийг картанд хүлээн авч шүүрүүлдэг. Улмаар харьцангуй чийг нь багассан лагийг ил талбайд задгай асгадаг. Өнөөдрийн байдлаар энэ мэт хуримтлагдсан лаг нийтдээ 536 мянган шоо метр байгаа. Үүнээс үүдэн олон жил хуримтлагдан лаг нь агаар, хөрс бохирдуулж хотын иргэдийн эрүүл мэнд болон байгаль орчинд ноцтой нөлөөлсөөр ирсэн. Харин  энэ төсөл хэрэгжсэнээр төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийн өмхий үнэр арилж олон жилийн хур лагийн асуудал нэгмөсөн шийдвэрлэгдэхийн зэрэгцээ нөгөө ад үзэгдээд байсан хаягдал лаг маань байгаль орчинд ээлтэй хэдэн арваас хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх бүтээгдэхүүн болж хувирах юм. Ингэснээр байгаль орчин төдийгүй санхүү эдийн засгийн хувьд ч чухал ач холбогдолтой алхам болно гэж бид найдаж байгаа.

-Лагаас гаргасан бордоог юунд ашиглах вэ?

Төв цэвэрлэх байгууламжийн лагаас гаргаж авсан бордоог дотооддоо болон Япон улсад явуулж шинжилгээ хийлгэж байгаа. Урьдчилсан  байдлаар органик бордоонд байх ёстой бодисын  агууламж зохих хэмжээнд байгаа төдийгүй зарим нь ердийн бордооноос ч өндөр байгаа тухай мэдээлэл байна. Судалгаа шинжилгээг цаашид гүнзгийрүүлэн хийх шаардлагатай гэж үзэж байгаа.  Мөн бордоог юунд ашиглах талаар олон янзын туршилтыг эхлүүлж судалгааг үргэлжлүүлж байна. Одоогийн байдлаар монголчуудын сэтгэл зүйн онцлог, лагийн гарал үүсэл зэргийг бодолцон хүнсний бус зориулалтаар тухайлбал, ойжуулалт, цөлжилтөөс сэргийлэх ногоон зурвасжуулалт, уул уурхайн нөхөн сэргээлт болон хөрсний бохирдлыг бууруулах зэрэг чиглэлээр ашиглах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрч байгаа. Дашрамд дурьдахад, японоос ирүүлсэн энэхүү бактери бүхий бордоогоор бордсон ой мод галд тэсвэртэй нь тогтоогдсон тухай японы мэргэжилтнүүд хэлж байгаа.

Энэ төслийн хүрээнд цэвэрлэх байгууламжийн үнэр арилж түүнийг дагаад агаар, хөрсний бохирдлын асуудал буурна гэдэгт бид итгэлтэй байгаа.

-Ирэх хаврын ажил хэдэн сард эхлэх вэ? Энэ үеэр нийслэлд дахин өмхий үнэр дэгдэх болов уу?

Ер нь төслийн хүрээнд хийгдэж буй ажил маань хугацаа богино, хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд маш өргөн цар хүрээтэй ажиллагааг шаардаж байгаа. Үндсэн түүхий эдээ Японоос импортолж, туслах түүхий эдийг галт тэрэг болон авто тээврээр дотоодоос татаж, олон тооны хүн, хүнд механизм хөдөлмөрийн амаргүй нөхцөлд өдөр шөнөгүй ажилласан. Холбогдох төрийн байгууллаас өгсөн чиглэлийн дагуу өнгөрсөн найм, есдүгээр сард ихээхэн хүчээр олон картыг зэрэг суллах явцад үнэрийн тархалт нэмэгдсэн нь олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэлд өртсөнийг бид сайтар ойлгож байгаа. Ирэх оны дөрөвдүгээр сараас ажил эхэлнэ. Хур лагийг боловсруулах, зөөвөрлөх явцад үнэр тодорхой хэмжээгээр гарна л даа. Гэхдээ бид одоо үнэр гаргахгүйгээр ажиллах арга боловсруулж янз бүрээр л туршиж үзэж байна. Бидний ажлыг маш олон хүн ойлгон дэмжиж байгаад бид талархаж байна.

-“Эко Тайхи” ХХК-ийн цаашид хийгдэх ажлын талаар?

За юуны өмнө энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгана. Үүний үр дүнд буй болсон бүтээгдэхүүнийг байгаль орчны зориулалтаар ашиглах нөхцлийг бүрдүүлэх зорилт тавьж байна. Тухайлбал, органик бордооны үйлдвэр байгуулах.  Үйлдвэрлэсэн бордоог олон талаар ашиглах боломжтой. Ойжуулалт, цөлжилтөөс сэргийлэх ногоон зурвас байгуулах, уул уурхайн нөхөн сэргээлт болон хөрсний бохирдлыг бууруулах зэрэг чиглэлээр ашиглах боломжтой тухай дээр хэлсэн. Ялангуяа сүүлийн үед Улаанбаатар хотын хөрсний бохирдлын асуудал ихээр яригдах болсон. Энэ нь гэр хороолол, зуслангийн газрын модон жорлонгоос үүдэлтэй талаар ярьж байгаа. Бид лагаас гаргаж авсан бордоогоор модон жорлонгийн үнэр дарах туршилтыг хийж байгаа. Үр дүн сайн гарч байна. Тэгэхээр лагаас гаргаж авсан бордоогоор хөрсний бохирдлын асуудлыг зохих хэмжээнд шийдэж болно гэж бодож байна. Бидний туршилт үргэлжилж байгаа.

Ярилцсанд баярлалаа.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж