Компьютерийн аюулгүй ажиллагааны програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Лаборатория Касперского" компани АНУ-ын Чикаго, Лос-Анжелос хотод салбар нээх төлөвлөгөөгөө цуцалж, Канадын Торонтод нээх салбарын нээлтээ ирэх 2019 он болгон хойшлууллаа хэмээн тус компанийн Бизнесийн хөгжлийн газрын дарга Александр Моисеев РИА Новости-д ярьсан байна.
Эдгээр салбарыг нээх нь компанийн энэ 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байсан юм.
"Торонтогийн салбарыг ирэх 2019 онд нээнэ. Харин Чикаго, Лос-Анжелост салбар нээх нь энэ бүс нутагт ажиллах орчин нөхцөл муудсантай холбоотойгоор шаардлагагүй болсон. Тиймээс шинээр салбар нээх төлөвлөгөөгөө түр хугацаагаар цуцалж байна” хэмээн тэр хэлсэн байна.
АНУ-ын Дотоодыг хамгаалах яам өнгөрсөн 2017 оны аравдугаар сард төрийн байгууллагуудад хандан Касперски бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулсан билээ. Учир нь "Лаборатория Касперского" компанийн программыг ашиглах нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд харшилна хэмээн тус яам үзсэн юм.
"Лаборатория Касперского" компани АНУ-ын Дотоодыг хамгаалах яамны энэ шийдвэрийн эсрэг Колумбийн тойргийн шүүхэд гомдол гаргасан ч 2018 оны тавдугаар сард шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. "Лаборатория Касперского" энэ шийдвэрийн эсрэг давж заалдаад байгаа бөгөөд давж заалдах гомдлыг ирэх сард хэлэлцэх товтой байгаа ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ