Улс төрийн нам дамнасан ураг төрлийн бүлэглэл

Хуучирсан мэдээ: 2018.11.28-нд нийтлэгдсэн

Улс төрийн нам дамнасан ураг төрлийн бүлэглэл

Монголын улс төрийн намууд улам л цус ойртож байна. Үзэл баримтлал, бодлого зарчим дээр биш ураг төрөл болоод халаас нэгтэй улс төрчид нам, нам дамнаж амьдарч байна.  Гэр бүлийн бизнес, эрх ашгаа хамгаалахын тулд олон нам сонгосон “олон ургальч” гэр бүл гэр бүлүүдийг  танилцуулъя.


Х.Баттулга-АН & Ц.Энхтуяа-ИЗНН

“Эрэл”-ийн Б.Эрдэнбатын “Эх орон” намаас улс төрийн карьераа эхэлсэн тэрбээр Ардчилсан намд элсч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн улмаар Ерөнхийлөгч болсон. Түүний авааль эхнэр Ц.Энхтуяа нь ИЗНН-ын дэд даргаар ажилладаг. Хэдийгээр тэд тус тусдаа амьдарч байгаа ч улс төрийн үзлээрээ нэгддэг гэж  улс төрийн хүрээнийхэн ярьдаг.

Б. Наранхүү-АН & Б.Саранчимэг-МАН

Монголын парламентад төрсөн эгч дүү хоёр хамтдаа сонгогдсон анхны тохиолдол. Дүү нь Дундговь аймгаас, эгч нь Баянзүрх дүүргээс сонгогдсон. Б.Наранхүү Ардчилсан намынх бол Б.Саранчимэг МАН-ынх. Өөр, өөр намын гишүүд мөн ч үзэл бодлын хувьд эгч дүү.

Ж.Батзандан-АН & Ж.Бат-Эрдэнэ-МАН

Гурван төрд нүүртэй хүн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ. Дүүгийнхээ ачаар АН-ын үед ажилтай, орлоготой явсан МАН-ын цөөн гишүүдийн нэг гэж тодорхойлж болно. Дүү нь ч ахынхаа ачаар МАН-ын нэр бүхий гишүүдтэй сүлбэлддэг. Улс төрийн эрх ашиг нэгтэй ах дүүсийн хувьд АН, МАН-ын аль ч үед амьжиргаатайгаа л байгаа.

Д.Сумъяабазар-МАН & Д.Дагвадорж-АН & Д.Сэржбүдээ-МАХН

Монголын парламентад суудалтай гурван намд “сүлжээтэй” гэр бүл бол Д.Долгорсүрэн зааных.  Бөхчүүдээр дүүрсэн энэ гэр бүл улстөрчдөөр дүүрч байгаа гэвэл дэгсдэхгүй. Ах Д.Сумъяабазар нь МАН-ын гишүүн. МАН-аас УИХ-д хоёронтаа нэр дэвшиж, У.Хүрэлсүхийн засагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байна.  Дүү Д.Дагвадорж нь АН-ын гишүүн, ҮБХ-ны гишүүн.  Ерөнхийлөгчийн албан бус зөвлөх. Ерөнхийлөгч Х.Баттулгатай хуурай ах дүү тэрбээр ирэх 2020 онд АН-аас нэр дэвших бэлтгэлдээ гарсан. Харин дүү Д.Сэржбүдээ нь Н.Энхбаярын намынх буюу МАХН-ын гишүүн.  Аль ч нам төрд гарсан ах дүүсийн хувьд ялгаагүй гэсэн үг.

С.Одонтуяа-АН & Г.Өлзийбүрэн-МАН

Нэг гэр бүл, эхнэр нөхөр мөн ч улс төрийг сонголт нь нэг нь улаан, нөгөө нь цэнхэр.  Эхнэр нь С.Одонтуяа нь АН-ын гишүүн. Ардчилсан намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг толгойлдог. Баянгол дүүргийн засаг дарга.  Нөхөр нь Г.Өлзийбүрэн нь МАН-ынх. Эхнэрийнхээ ачаар АН-ын засаглалын үед Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан билээ.

С.Отгонбаяр-АН &  С.Амарсайхан-МАН

“Оюуны ундраа”-гийн ах дүү хоёрыг мэдэхгүй хүн гэж үгүй. Улс төрийн хоёр өөр нам сонгосон ч ах дүү хоёрын ашиг сонирхол нэг. Ах С.Отгонбаяр нь  УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө АН-д элссэн.  Дүү нь С.Амарсайхан нь МАН-ын гишүүн. Өдгөө НИТХ-ын даргаар ажилладаг. Хотын дарга болох амбицтай.

Ш.Сайхансамбуу-ТТН & Ш.Батсамбуу-МАН & С.Эрдэнэтуул-МАН

Хамгийн сонирхолтой нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ах дүү хоёр нэг тойрогт өрсөлдөж, хоёулаа  өвдөг шороодсон. Ах Ш.Сайхансамбуу нь тойрог өгөөгүй гэх шалтгаанаар МАН-ыг орхиж,  Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгын нэг хэсэг толгойлж байсан Тусгаар тогтнолын намаас нэр дэвшсэн бол дүү Ш.Батсамбуу нь МАН-аас нэр дэвшиж байв.  Харин Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул МАН-ынх.  НИТХ-ын төлөөлөгч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажилладаг.

Ц.Батаа-АН & Ц.Бат-Энх-МАН

“Үнэг” хочит Ц.Батааг мэдэхгүй хүн байхгүй болов уу. Тэрбээр АН-аас УИХ-д сонгогдож байсан.  Одоо “Симба” группын захирлаар ажилладаг. Түүний төрсөн дүү Ц.Бат-Энх нь МАН-ын нарийн бичгийн дарга. Ах дүү хоёрын бизнес нэг.  Монголын улс төрийн хоёр намд ах дүү хоёр элссэн нь ашиг сонирхлын шалтгаангүй гэхэд бас хэцүү.

Б.Энхбайгаль-АН & Б.Хүдэр-Ян-ИЗНН

МАН-ын ахмад гишүүн, Ерөнхий сайд  асан Д.Бямбасүрэнгийн хүүхдүүд Монголын улс  төрийн хоёр намд “нүүдэл” хийж явна. Б.Энхбайгаль нь Ардчилсан намын гишүүн.  УИХ-ын 2016 оны сонгуульд  АН-аас нэр дэвшиж өвдөг шороодож байсан бол хүү нь ИЗНН-аас өрсөлдөж мөн л ялалт байгуулж чадаагүй юм.

Б.Бямбацогт-МАН & Д.Батцогт-АН

Нэг айлын базууд болох тэд улс төрийн өөр өөр сонголт хийсэн. Б.Бямбацогт нь МАН-ын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн. Харин Д.Батцогт нь АН-ын гишүүн. УИХ-ын 2016 оны сонгуульд АН-аас Ховд аймагт нэр дэвшиж, өвдөг шороодсон. Базууд нэг тойрог дээр өрсөлдөж, С.Бямбацогт ялалт байгуулсан билээ.

    Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж