Татварын асуудлаар хорих ял оноох нь зөв шийдэл биш

Хуучирсан мэдээ: 2015.02.24-нд нийтлэгдсэн

Татварын асуудлаар хорих ял оноох нь зөв шийдэл биш

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АНУ-ын иргэн Жастин Капла болон Филиппин Улсын хоёр иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн. Ерөнхийлөгч уучлал үзүүлэх болов уу?

-Жастин Капла Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн. Үндсэн хуульд зааснаар аль ч улсын иргэн Ерөнхийлөгчөөс уучлал хүсэх эрхтэй. Жастин Каплагаас гадна Филиппин Улсын хоёр иргэн уучлал хүссэн байгаа.

-Филиппин Улсын Ерөнхийлөгч өөрийнхөө иргэнд уучлал үзүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүссэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Филиппин Улсын Ерөнхийлөгч манай Ерөнхийлөгчид хандан иргэддээ уучлал үзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Өөрийнхөө иргэнд уучлал үзүүлэхийг бусад улсын Төрийн тэргүүнээс хүсдэг жишиг дэлхий нийтэд бий.

-Өмнө нь манай Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн улсын иргэн Дамдинд оногдуулсан цаазаар авах ялыг хэлтрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг БНХАУ-ын даргад тавьж байсан биз дээ?

-Тийм. Уг хүсэлт амжилттай хэрэгжиж, ээж нь ярилцлага өгч байсныг та бүхэн санаж байгаа байх.

-Хэрэв Ерөнхийлөгчийн зүгээс Жастин Капла болоод бусад хүмүүст уучлал үзүүлэхээр бол хэдий хугацаанд шийдэгдэх вэ?

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг талууд гардаж авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд уучлал хүссэн хүмүүсийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй тохиолдолд Ерөнхийлөгчид уучлал үзүүлэх хуулийн боломж нээгдэнэ. Одоогоор Жастин Капла болон бусад хүмүүсийн хувьд уучлал хүссэн өргөдлөөсөө татгалзаж, давж заалдах гомдол гаргаагүй байгаа.

-Саусгоби сэндс компани давж заалдах гомдол гаргасан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьд нь мэдээлсэн. Аж ахуйн нэгжийн хувьд уучлал үзүүлж болдог уу?

-Саусгоби сэндс компани иргэний хариуцагчийн хувиар татварын асуудал дээрээ давж заалдах гомдол гаргасан юм билээ. Тиймээс давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн дагуу гомдлыг хянаж үзэж байх. Хуулиараа аж ахуйн нэгжид уучлал үзүүлдэггүй. Иргэдийн зүгээс давж заалдах гомдол гаргасан талаарх мэдээлэл одоогоор надад алга байна.

-Ер нь татварын асуудлаар хорих ял авсан хэр олон хүн байдаг вэ?

-Бид судалж үзэхэд татварын асуудлаар ял сонссон хүмүүсийн ихэнх нь өөр төрлийн гэмт хэрэг давхар үйлдсэн байдаг юм билээ. Дан ганц татвараас зайлхийсэн хэргээр шийтгэгдэж, хохирлоо төлж барагдуулсан боловч хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдэд уучлал үзүүлэх бодлого баримталдаг. Ойрын үед хоёр хүний асуудал шийдэгдэх болов уу.

-Татварын хэрэгт хүмүүсийг заавал хорьж шийтгэх нь зөв зүйтэй юм уу?

-Ер нь татварын асуудал дээр хорих ял оноох нь зөв зүйтэй шийдэл биш. Харин татварын байцаагч хэдэн зуун тэрбум төгрөг дотор нааш цааш үсэргэж, үзэмжээрээ татварын асуудлыг шийддэг хууль байгаа бол тэр хуулиа бид маш хурдан өөрчлөх ёстой.

-Татварын асуудлаар шалгагдаж байгаа хэрэг зөрчил олон гардаг уу?

-Бид энэ талаар холбогдох байгууллагуудаас судалгаа авч үзсэн. Одоогоор хуулийн байгууллагууд дээр шалгагдаж байгаа 780 гаруй аж ахуйн нэгжийн асуудал бий. Энэ бол манайх шиг жижиг орны хувьд маш том тоо.

-Татварын асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохистой вэ?

-Ер нь татварын зөрчлийг маргаан таслах зөвлөл, аж ажуйн нэгж, татварын байгууллага оролцож шийддэг одоогийн хуулийн зохицуулалтыг илүү сайжруулах ёстой. Нөгөө талаар улсад төлөх ёстой татварыг зайлшгүй төлүүлдэг байх ёстой. Тиймээс шүүх төлөх татварын хэмжээг нь хэлбэржүүлдэг. Тогтоосон хугацаанд татвараа төлөөгүй аж ахуйн нэгжүүдээр татварыг нь төлүүлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр биелүүлэх газар хэрэгжүүлдэг. Мөн татварыг төлүүлэх арга хэлбэр нь аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд аль болох дарамт багатай байдаг арга хэлбэрийг хуульчлах нь зүйтэй юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс уучлал үзүүлэхдээ ямар шалгуурыг баримталдаг вэ?

-Уучлал үзүүлэх асуудал бол Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгогдсон онцгой бүрэн эрх байдаг. Уучлал хүсэхдээ тухайн хүн өөрийн биеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлтээ гаргадаг журамтай. Харин миний хувьд холбогдох судалгааг хийж, шаардлагатай мэдээлэл, лавлагааг бэлтгэн, тодорхой саналын хамт танилцуулдаг.

-Жастин Капла нарын хэрэгт Улсын яллагч эхний өдөр торгох саналыг оруулаад дараа нь өдөр нь хорих болгож өөрчилсөн. Энэ нь хуулиар болдог юм уу?

-Нэг талаас бид эрүүгийн процессын хуулиудаа эргэж харах зайлшгүй шаардлага бий. Нөгөө талаас албан үүрэг гүйцэтгэж байгаа хуульчдын мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх асуудал байна. Ер нь иймэрхүү ёс зүйгүй зүйл байж таарахгүй. Тиймээс бид энэ асуудлыг анхааралтай судалж байгаа.

-Ардчилсан хувьсгалд оролцож явсан Г.Бошигт гуай Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн гэж сонссон. Энэ талаар тодруулга өгөөч?

-Уучлал хүссэн өргөдлөө албан ёсоор гаргасан. Г.Бошигт гуайн хувьд нас маш өндөр болсон. Эрүүл мэндийн байдал нь хүнд хэцүү, ялаа биечлэн эдлэх чадамж тааруу байгаа юм билээ. Тиймээс би энэ асуудлыг ойрын хугацаанд Ерөнхийлөгчид танилцуулна гэж бодож байгаа.

-Манай иргэд, олон нийтийн зүгээс авлига өгсөн хүнийг хуулиар шийтгэдэгийг болилуулах нь зүйтэй гэсэн саналыг нэлээд тавьдаг. Тийм хүмүүст татварын уучлал үзүүлдэгтэй нэгэн адилаар үзэж уучлал үзүүлж болдог юм уу?

-Бид энэ талаар судалж үзсэн. Авлига өгсөн хэргээр шийтгэгдсэн ихэнх хүмүүсийн хорих ялыг шүүхээс тэнссэн байдаг. Харин ялаа биечлэн эдэлж байгаа хүмүүсийн хувьд өөр төрлийн гэмт хэрэг үйлдээд түүнийгээ нуун дарагдуулах эсхүл ял завших зорилгоор хээл хахууль өгсөн байдаг юм билээ.

-Шинээр боловсруулж буй Эрүүгийн хуулийн төсөлд энэ талаар хэрхэн тусгасан бол?

-Шинээр боловсруулж, өргөн барьсан Эрүүгийн хуулийн төсөлд албан тушаалтны дарамт шахалтад орсны улмаас хээл хахууль өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудлыг тусгасан байгаа. Энэ талаар Ерөнхийлөгчийн зүгээс урьд өмнө байр сууриа маш тодорхой илэрхийлж байсан.

-Уучлалтай холбоогүй боловч нэг зүйлийг асууя. Гадаадын иргэд Монгол Улсын хуулийг зөрчих тохиолдол цөөнгүй гардаг талаар ярьдаг. Энэ хэр бодитой вэ?

-Үндсэн хуульд зааснаар Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байдаг. Хэрэв Монгол Улсад ажиллахаар орж ирээд визийн зөрчил гаргасан, Монгол Улсын хуулийг зөрчсөн бол тухайн иргэнийг албадан гаргадаг хуультай. Өнгөрсөн жилүүдэд энэ чиглэлд хууль хэрэгжүүлэх ажил амжилттай хийгдсээр ирсэн. Цаашид ч хариуцсан байгууллага, албаны хүмүүс хуулийг чанд мөрдүүлж ажиллах ёстой.

А.ТУЛГА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж