Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Нижер Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Инуса Мустафаг Итгэмжлэх Жуух Бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Нижерийн талаас Монгол Улсад хавсран суух анхны Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, цаашид хоёр орны харилцааг, ялангуяа Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахын чухлыг тэмдэглэв.
Элчин сайд И.Мустафа манай хоёр орны харилцаанд шинэ хуудас нээгдэж байгааг онцлохын ялдамд өөрийн ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр бүхий л арга хэмжээг авч ажиллахаа тэмдэглэв.
Монгол Улс, Нижер Улсын хооронд 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтсон бөгөөд ноён Инуса Мустафа Монгол Улсад суух анхны Элчин сайд юм. Тэрбээр 11 дүгээр сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх Жуух Бичгээ өргөн барина.
Эх сурвалж: ГХЯ