Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн Мароккогийн Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Азиз Меквар-ыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Элчин сайд Азиз Меквар Итгэмжлэх жуух бичгийн хувийг ТНБД-д гардуулж, Монгол Улсад томилогдон ажиллах болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Монголын эрт, эдүгээгийн түүхийг сонирхон уншдаг гээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа уул уурхай, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд илүү анхаарал тавьж ажиллахаа нотлов.
ТНБД Д.Даваасүрэн ноён Азиз Меквар-т Монгол Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд Монгол, Мароккогийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Гадаад харилцааны яамнаас бүхий л талаар дэмжихээ илэрхийлж, Элчин сайдад ажлын амжилт хүсэв.
Эх сурвалж: ГХЯ