Хотын дарга Су.Батболд огцрох өргөдлөө гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

LiveХотын дарга Су.Батболд огцрох өргөдлөө гаргажээ

Хотын дарга Су.Батболд огцрох өргөдлөө гаргажээ
20 : 21
2018-11-27

Хотын дарга Су.Батболд огцрох өргөдлөө гаргажээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өнөөдөр /2018.11.27/ НИТХ-ын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргалаа. 

Тэрбээр өргөдөлдөө нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэн, баталсны дараа буюу арванхоёрдугаар сарын 10-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа дурдсан байна. 

 

18 : 39
2018-11-27

“Хотын даргыг огцруулах асуудал дахин сунжрахгүй”

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ өнөөдөр 14.00 цагт хуралдаж Улаанбаатар хотын дарга Су.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон ч ирц бүрдэхгүй байснаар 17.35 цагт эхэллээ. Хуралд ИТХ-ын 45 төлөөлөгчөөс 43 нь оролцсон юм.

Хурлын дараа НИТХ-ын дарга С.Амарсайханаас дараах зүйлийг тодрууллаа.

-Хотын даргыг огцруулахасуудлыг шийдэх сүүлийн хугацаа өнөөдөр байсан ч завсарлага авлаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-НИТХ нь хуульд заасан хугацааны дагуу асуудлыг хэлэлцэж эхлэх ёстой. Хэлэлцэж эхэлснээс хойш нам эвслийн бүлгүүд завсарлага авсан, хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд хурлын дэгийн дагуу завсарлага өгөх ёстой байдаг. Энэ дэгийн дагуу асуудлыг шийдвэрлэлээ.  

-АН-ын бүлгийн хувьд заавал Ерөнхий сайдыг хуралд  оролцох ёстой гэсэн шаардлага тавьж байна. Дүрмийн дагуу Ерөнхий сайд заавал өөрийн биеэр хуралд ирэх шаардлагатай юу?

-Ерөнхий сайд заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй. Төрийн албан хаагчийг огцруулах шалтгаанаа албан бичиг, саналдаа маш тодорхой заагаад доод албан тушаалтнаараа ирүүлсэн байгаа. ИТХ бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хэлэлцээд, хариуг нь ирүүлэх л үүрэгтэй.

-Магадгүй ирэх долоо хоногт дахин завсарлага авбал яах вэ?

-Тухайн үед бид ярилцаад шийдлийг гаргах ёстой. Гэхдээ энэ асуудал сунжрах боломжгүй. Намын бүлэгт нэг удаа завсарлага өгдөг. Завсарлагын хугацаа дуусвал дахин завсарлага өгөх дэгийн журам байдаггүй.

-Хурал 14.00 цагт эхлэх байсан ч дөнгөж сая эхэлж байгаа нь Ерөнхий сайдыг хүлээсэнд биш МАН-ын бүлгийн хуралдаанаас болж сунжирлаа гэж харах хэсэг байна. Үүнд тайлбар өгөхгүй юу. Мөн намын бүлгийн хурлаар ямар асуудлыг ярилцсан бэ?

-Бүлгийн хурлаар нийслэлийн иргэдийн ажил, амьдралтай холбоотой, Засаг даргатай холбоотой асуудлыг ярилцсан. Мөн Ерөнхий сайд өөрийн биеэр ирэх эсэх асуудлын хариуг хүлээснээр хурал цагтаа эхлээгүй.  

 

 

17 : 45
2018-11-27

Хотын даргыг огцруулах асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

НИТХ –аар хотын дарга Су.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч долоо хоногоор хойшиллоо. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг эл асуудлыг хэлэлцэхэд санал гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр ирж, асуудлаа танилцуулах ёстой гэж үзсэн юм. Гэвч уг хуралдаанд гүйцэтгэх засаглалын тэргүүн ирээгүй тул иртэл нь завсарлага хүсэж байна гэв. Тус бүлэг Ерөнхий сайдыг хэзээ ирэхийг нь мэдэхгүй тул завсарлага авах хоногоо хэлж чадсангүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнгээс энэ тухай лавласан ч мөн хэзээ ирэхийг нь мэдэхгүй гэлээ. Эцэст нь НИТХ-ын дарга Ардчилсан намын бүлэгт долоо хоногийн завсарлага өглөө.

17 : 23
2018-11-27

"Ерөнхий сайд НИТХ-д оролцвол, асуудлаа хэлэлцэхэд бэлэн байна"

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ өнөөдөр 14.00 цагт хуралдаж Улаанбаатар хотын дарга Су.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон ч ирц бүрдэхгүйгээс одоог болтол хурал эхлээгүй байна.

Ингээд 16.20 цагт НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ард түмний амьжиргааг сайжруулна, ажлын байрыг нэмэгдүүлнэ хэмээн 2016 онд ард иргэдийн итгэлийг авч, үнэмлэхгүй ялалт байгуулсан эрх баригч намын хагарал НИТХ-д ирлээ. Ингээд НИТХ хуралдаж байна гэх нэрийдлээр хурал бүр тасалдаж байна. Өнөөдөр хурал эхэлсэнгүй. Ардчилсан намын бүлэг хурлыг хүлээгээд сууж байна. Эндээс нэг зүйлийг харж болно. Энд албан тушаал, “сандал” ярьж байна. Зээлийн хүүг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах зэргээр ард түмний амьжиргааг сайжруулах бодлогын мэтгэлцээн өрнөж байгаа нэг ч зүйл алга. Хэн дарга байх вэ, ямар даргыг томилох вэ гэдэг маргаан л явж байна” гэсэн юм. Ингээд сэтгүүлчид түүнээс цөөн асуулт асуусан юм.

-Бүлэг энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ байдалд НИТХ дахь Ардчилсан намын бүлэг харамсаж байна. Иргэд, ард түмэн ч харамсаж байгаа байх. НИТХ эхлэхээр бид энэ талаар албан ёсны байр сууриа илэрхийлнэ. Хурал эхлэхийг хүлээгээд байж байна.

-Хотын даргыг огцруулах асуудлын хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа. Ерөнхий сайд Төрийн байгуулалтын байнгын хороонд хуралтай байгаа. Байнгын хорооны хурлын дараа энд ирснээр НИТХ-ын хурал эхэлнэ гэсэн мэдээлэл бидэнд байна. Энэ үнэн үү?

-Нийслэлийн Засаг даргыг огцруулах тухай Ерөнхий сайдын албан бичгийг 15 хоногийн дотор хэлэлцээд Ерөнхий сайд руу явуулах хуультай. Энэ хугацаанд хурал эхэлсэн. Гэвч хэлэлцэж амжихгүй. Хэрэв амжихгүй бол яах вэ гэдэгт хуулийн заалт тодорхой биш байна.

НИТХ-д иргэн бичиг ирүүлсэн бол түүнийг хэлэлцэх хуралд ирдэг хуулийн дэгтэй байдаг. Тиймээс АН-ын бүлгийн хувьд Ерөнхий сайдыг өөрийн явуулсан бичгийг танилцуулаач гэсэн саналыг НИТХ-д оруулсан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд ирснээр хуралд оролцож, асуудлаа хэлэлцэхэд бид бэлэн байна.

-Хэрэв Ерөнхий сайд ирэхгүй бол яах вэ?

-Засгийн газрын тухай хууль дээр Ерөнхий сайд ирэхгүй бол түүнийг орлож Шадар сайд ирэх ёстой. Шадар сайд ирэхгүй бол Ерөнхий сайд өөрийн төлөөлөл болох хүнээ тодруулсан байх учиртай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж