Б.Лхагвасүрэн: Шинээр гаргасан үнэт цаас болгон дээр нэг бүрчлэн ажилласны хүчинд зах зээлд чанартай бүтээгдэхүүнүүд гарсан

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Б.Лхагвасүрэн: Шинээр гаргасан үнэт цаас болгон дээр нэг бүрчлэн ажилласны хүчинд зах зээлд чанартай бүтээгдэхүүнүүд гарсан

Б.Лхагвасүрэн: Шинээр гаргасан үнэт цаас болгон дээр нэг бүрчлэн ажилласны хүчинд зах зээлд чанартай бүтээгдэхүүнүүд гарсан

Монгол Улсад хөрөнгийн зах зээл тэртээ 1990-ээд оны эхэн үед өмч хувьчлалаар үүсэн бий болж, эдүгээ хүртэл 30 шахам жил болж байна. Гэвч төдий л өрнөн хөгжиж өгөхгүй явсан энэ зах зээлд сүүлийн жилүүдэд багагүй хөдөлгөөн гарч байна. Энэ хэрээр олны анхааралд өртөж байх шиг. Хөрөнгийн зах зээлийг зохицуулж ажилладаг төрийн зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) ч сайн, муу элдэв хэл аманд бишгүй өртөж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр гараад байгаа зарим асуудалд хариулт авах үүднээс СЗХ-ны Үнэт цаасны газар(ҮЦГ)-ын дарга Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Ярилцлагаа шууд гол асуудлаасаа эхэлье. СЗХ-г зах зээлийн хөгжилд саад болж байна гэсэн шүүмжлэл олны дунд байна. Та энэ шүүмжлэлтэй санал нийлэх үү?

Аливаа төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээний талаар хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэдэг. Энэ нь тэдний хувийнх нь үнэлэлт дүгнэлтийн асуудал. Шүүмжлэлийг бид хүлээж авна. Ажил хэрэгч, асуудал дэвшүүлсэн, гарц гаргалгаа, шийдлийн арга замыг тайлж өгсөн бүтээлч шүүмжлэл бидэнд маш их ирдэг. Харин ч тэр бүхэнд талархалтай хандаж, хамтарч ажиллан, асуудал бэрхшээлийг шийдэхийг эрмэлзэж ажилладаг. Мэдээж өөр төрлийн, тодруулбал, ул суурьгүй, гүжир гүтгэлгийн шинжтэй шүүмжлэлүүд ч хангалттай ирж байна. Тэднийг ч бид сонсдог. Хөрөнгийн зах зээл гурав, дөрвөн жилийн өмнө ямар байсныг уншигчид сайн санаж байгаа болов уу. СЗХ зах зээлийн хөгжилд саад болж байгаа, эсэхийг хий хоосон цэцэрхэл, мэтгэлцлээр тогтоохгүй л дээ. Тоо баримтаар л тогтооно. Өөрөөр хэлбэл, зах зээл хөгжихгүй байна гэж үзэж байгаа бол үүнийгээ тоо баримтаар л нотолж баталгаажуулж байж бусдад үнэмшигдэнэ. Би бол зах зээлийг хөгжиж байна гэж харж байгаа. Гэхдээ зүгээр л хөгжиж байна гэж хэлэхээр хүмүүс бас л үнэмшихгүй шүү дээ. Тиймээс үүнийгээ би тоо баримт, статистик үзүүлэлтээр баталж, нотлох хэрэгтэй биз?

-Нотолгоо болгоод зарим нэг тоо баримт дурдаач?

СЗХ-ны үнэт цаасны салбарын бодлого, зохицуулалтыг хариуцаж ажиллаад би хоёр жил болж байна. Энэ хугацаанд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1,0 их наяд гаруйгаар буюу 50 хувиар өссөн. 2016 онд 1,3 их наяд, 2017 оны эцэст 2,4 их наяд, 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 2,3 их наядаар хэмжигдэж, ДНБ-ний 8,9 хувийг эзлээд байна. СЗХ-ны нэг гол бодлого бол шинээр гарч буй үнэт цаасыг амжилттай гаргахад маш их анхаарсан. Сүүлийн хоёр жилд СЗХ-ноос нийт 7 компанийн үнэт цаасыг бүртгэж, анхдагч болон хоёрдогч зах зээлд амжилттай арилжаалж байна. 2006-2016 онуудад компаниуд хамгийн ихдээ 10-15 хувиа олон нийтэд санал болгож байсан бол сүүлд гарсан компаниуд багадаа 25 хувиа олон нийтэд санал болгосноор хувьцааны эргэц, хөрвөх чадварын түвшин эрс сайжирсан.

-Та бүхэн хөрөнгийн зах зээл хөгжиж байна, ихээхэн өсөлт гарлаа, зах зээлийн үнэлгээ өслөө гэж мэдээлж байна. Энэ өсөлтийн шалтгаан нөхцөлийг танай СЗХ юу гэж дүгнэж байгаа вэ? Хорооны зохицуулалт энэ өсөлт, хөгжилд нөлөөлсөн гэж үзэж байна уу?

Үзэх юу байх вэ. Нөлөөлсөн нь манай зарим судалгааны байгууллагын судалгаагаар тогтоогдож байгаа. СЗХ-ны бодлого, зохицуулалтыг үгүйсгэх гэсэн хүмүүс зах зээлд гарч байгаа өсөлтийг нийт эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод таатай нөхцөл байдлаас шалтгаалсан гэж хэлдэг. Тодорхой хэмжээнд шалтгаална. Тэр ойлгомжтой. Гэхдээ СЗХ-ноос сүүлийн жилүүдэд барьж ажилласан бодлого, хяналт, зохицуулалтын үр дүн түүнээс дутахааргүй нөлөөлснийг судалгаа харуулж байгаа юм. Зарим олон улсын судалгааны байгууллагын ажлуудад ч дурдсан байдаг, манай улсынх шиг жижиг хэмжээний, дээр нь хувьцааны эргэлт, хөрвөх чадвар сул, өөрөөр хэлбэл, хувьцааны төвлөрөл маш өндөр, биржүүдийн лангуун дээрх бүтээгдэхүүний нэр төрөл цөөтэй ийм зах зээл эдийн засгийн бусад салбарынхаа өсөлтийг мэдрэх мэдрэмж багатай байдаг гэж. Энэ мэт олон дүгнэлт, хандлагаас бид бодлого, зохицуулалтаа харьцангуй зөв гольдролоор явж байна гэдэгт итгэлтэй байгаа.

-Гэтэл та бүхний зохицуулж байгаа салбарын бизнес эрхлэгчид СЗХ-ны талаар тааруу дүгнэлттэй байх шиг?

Санхүүгийн салбарт бизнес эрхэлж байгаа хүмүүс бүгдээрээ ийм дүгнэлттэй байна гэвэл өрөөсгөл болно. СЗХ-ны хяналт, зохицуулалтын үндсэн үйл ажиллагаа зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэсэн эсрэг тэсрэг чиглэл бүхий шийдвэрүүдээр л хийгддэг ажил шүү дээ. Ер нь бүхий л улс орны санхүүгийн салбарыг зохицуулах, хянах чиг үүрэгтэй төрийн байгууллага ингэж л ажиллана. Санхүүгийн бизнес эрхлэгчид гэдэг энэ зах зээлийн цорын ганц оролцогчид биш шүү дээ. Тэдний нөгөө талд хөрөнгө оруулагч нар, хувьцаа эзэмшигчид, харилцагчид, олон нийт гэж бас байна. Жингийн энэ хоёр туухайн тэнцвэрийг хадгалж байдаг тэнцүүлэгч нь зохицуулагч байгууллага юм. Тэгэхээр зах зээлийн оролцогч, мэргэжлийн байгууллагууд Хорооны үйл ажиллагааг бизнесийн байгууллагын өнцгөөс л харна. Гэтэл бидний ажил бол санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгалах, зах зээлийн оролцогчид болон харилцагчдынхаа аль алиных нь эрх ашгийг хамгаалах юм. Үүнийг манай салбарынхан ч, олон нийт ч ойлгож, мэдээллийг зөвхөн нэг өнцгөөс харалгүй, олон талаас нь шүүн тунгаана гэдэгт найдаж байна.

-Шинээр IPO, бонд гаргасан компаниудын хүсэлт СЗХ-нд удаж, хүлээгдэж шийдэгдсэн гэсэн баримтыг МХБ ТӨХК-аас саяхан цахим орчинд дэлгэлээ. Тэр баримтаас харахад зарим компанийн асуудал 10 хүрэхгүй хоногийн дотор, заримынх 300 гаруй хоног, жил гаруйн хугацаанд шийдэгдсэн байна. Энэ хугацаа яагаад ийм ялгаатай байгаа юм бэ?

Хууль, тогтоомжоор төрийн зохицуулагч байгууллага, арилжаа эрхлэх байгууллагын үнэт цаас бүртгэхтэй холбогдсон харилцааг нарийвчлан хуульчилсан байгаа. Үнэт цаас гаргах гэж байгаа компани бичиг баримтаа СЗХ болон биржид зэрэг өгч болох боловч эцсийн шийдвэрийг СЗХ гаргана. Бирж бол арилжааг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага.Төрийн зохицуулагч байгууллагын үүрэг бол хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудыг зохицуулах, хувьцаа, үнэт цаасны чанарыг хангаж зах зээлийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх явдал шүү дээ. Тиймээс бид олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлж буй компанийн үйл ажиллагаа нь ил тод байгаа эсэх, санхүүжилт татаж буй төсөл нь хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн шинжийг агуулаагүй, татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт тодорхой, хөндлөнгийн байгууллагын гаргасан дүгнэлт нь хууль тогтоомж, олон улсын стандартад нийцсэн эсэхийг тогтоосны үндсэн дээр үнэт цаасыг бүртгэж, арилжаалах зөвшөөрөл олгодог. Энэ их нарийн ажиллагаатай, цаг хугацаа их шаарддаг ажил л даа. Компаниудын үнэт цаасны танилцуулгад тусгагдсан мэдээлэл өөр хоорондоо зөрүүтэй, олон нийтэд санал болгон гаргаж буй хувь хэмжээ хэтэрхий бага, хувьцаа эзэмшигчид тохиромжтой этгээдийн шаардлага хангаагүй, хөндлөнгийн байгууллагаас гаргасан дүгнэлт нь хууль тогтоомж, аудит, хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартад нийцээгүй гэх мэт зөрчлүүд нийтлэг байдаг. Тэр болгонд бид холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөрчлүүдийг арилгуулах, хөндлөнгийн байгууллагуудын гаргасан тайланг холбогдох стандартад нийцүүлэн шинэчлэх асуудлыг үнэт цаас гаргагч компани болон үйлчилгээ үзүүлж байгаа андеррайтерийн компанид албан бичгээр мэдэгдэж, засаж, сайжруулах арга хэмжээг авч ажилладаг. Нэгэнт хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн шинжтэй мэдээлэл агуулсан, хөндлөнгийн байгууллагаас гаргасан дүгнэлт нь илтэд хууль, стандартыг зөрчсөн бичиг баримт бүхий хүсэлтийг хүлээн авч, үнэт цаасыг анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны зөвшөөрөл өгч болохгүй шүү дээ. Тийм биз дээ? Таны асууж байгаа тэр мэдээллийг цахим орчинд тарааж, олон нийтийг турхирч байгаа хүмүүст энэ асуултыг тавимаар байгаа юм. Үнэхээр шаардлага хангахгүй, хөрөнгө оруулагчдад эрсдэл учруулахаар бол СЗХ зөвшөөрөл өгөхгүй буцаах ч эрхтэй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд СЗХ үнэт цаас гаргагч, түүний андеррайтер, хөндлөнгийн үнэлгээ өгсөн байгууллагуудын төлөөлөлтэй байнга уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, мөн зөрүүтэй тусгасан мэдээллээ засах, хувь хэмжээгээ нэмэгдүүлэх, хөндлөнгийн байгууллагын дүгнэлтийг хууль тогтоомж, стандартад нийцүүлэх үүргийг албан бичгээр өгч ажилласан. Зарим асуудлаар бид бүх талын оролцоотой ажлын хэсгийг хүртэл байгуулж, хамтран ажилласан. Нэг үгээр хэлбэл, шинээр гаргасан үнэт цаас болгон дээр бид нэг бүрчлэн тулж ажилласны хүчинд зах зээлд чанартай бүтээгдэхүүнүүд гарсан. Тэгэхээр үүнийг СЗХ хугацаа алдууллаа, хүнд суртал гаргалаа гэж мушгин гуйвуулж болохгүй.

-Хуулийн хугацаа гэж ярьдаг даа? Тэр хугацааг тодруулаач.

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, үнэт цаасны бүртгүүлэх, өөрчлөлт оруулах хүсэлтийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар ажлын 20 өдөрт багтаан хянаж, шаардлагатай тохиолдолд сунгаж ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг хүргүүлэх хуулийн хугацаатай. Бүртгэх, эсвэл татгалзах шийдвэрийг эцэслэн гаргах хүртэл зохих шаардлага хангасан бичиг баримт, бүрдэл бүрэн ирүүлсэн өдрөөс эхлэн хуулийн хугацааг тооцдог юм. Хараат бус дүгнэлт гаргах, хууль, үнэлгээ, аудитын компаниудын ирүүлсэн дүгнэлт тайлбаруудыг нягтлан үзэж, шаардлагатай гэж үзвэл ажлын хэсэг байгуулан дахин хөндлөнгийн дүгнэлт гаргуулах тухай зохицуулалт ч хуульд бий.

-СЗХ шаардлага хангахгүй хүсэлтийг буцаах эрхтэй гэж та ярилаа. Компанийн үнэт цаас гаргах хүсэлт ихэвчлэн ямар шалтгаанаар буцаагдаж байна вэ?

Сүүлийн хоёр жилд СЗХ-нд ирүүлсэн хүсэлтийг зөвшөөрөхгүй буцаасан тохиолдол байхгүй. Яагаад гэвэл, манай ҮЦГ хүсэлт бүр дээр нэг бүрчлэн ажилласан. Ер нь үнэт цаасаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, хасах хүсэлтийг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль, СЗХ-ны 2015 оны 408 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын дагуу хянадаг. Арилжаа эрхлэх байгууллага буюу биржийн шийдвэр, дүгнэлтийг бас харна. Гол нь СЗХ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд компанийн засаглал, ил тод байдал, хөндлөнгийн дүгнэлт гаргасан андеррайтер,  аудит, хууль, хөрөнгийн үнэлгээний компаниудаас холбогдох тайлбар дүгнэлт авах, нийтэд санал болгож буй хувь хэмжээг нэмэгдүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчид шаардах эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн эсэх гэх мэт олон асуудлыг харгалзан үзэж шийдвэрлэнэ. Компаниуд хүсэлтээ ирүүлэхдээ ямар зөрчил гаргадгийг би дээр хэлсэн. Засаж сайжруулж болох зүйлийг засаж сайжруулаад явж болно. Огт засагдахгүй бол буцаах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.

Үнэт цаас гаргахыг хүссэн хүсэлтийг зөвшөөрөхгүй байх тусгайлсан үндэслэлүүд байдаг уу?

Байлгүй яахав. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд СЗХ ийм ийм тохиолдолд үнэт цаасыг бүртгэхээс татгалзаж буцаана гээд заачихсан байгаа. Тухайлбал, хүсэлтийг хууль, журмын дагуу гаргаагүй бол, тогтоосон шаардлагыг хангаагүй бол, шаардлагатай мэдээллүүд дутуу юм уу, байхгүй бол, худал, төөрөгдүүлсэн, алдаатай, эсхүл хоорондоо зөрүүтэй мэдээлэл тусгасан бол, нэмэлт мэдээллийг тогтоосон хугацаанд ирүүлээгүй бол гэх мэт…

-МХБ-ийн дэлгэж тавьсан мэдээлэлд зарим хүсэлтүүд одоо ч шийдэгдээгүй байгаа гэсэн байсан.

Өнөөдрийн байдлаар бирж бүртгэж ирүүлээд, СЗХ хянан үзээд дахин буцааж үнэт цаасны танилцуулгыг шинэчлүүлсэн 2-3 тохиолдол байна. Үнэт цаас гаргагчийг биржид бүртгэх нь тухайн үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн бүртгэлд бүртгэх үндэслэл болохгүй гээд хуулинд байгаа.Биржийн бүртгэчихсэн хүсэлтийг СЗХ яагаад шинэчлүүлэв, яагаад нэмэлт мэдээлэл шаардав, ямар ямар мэдээлэл нь дутуу байв гэх мэт асуудалд бирж дүгнэлт хийх ёстой юм. Энэ талаар биржид хангалттай сануулж, албан бичиг илгээсэн. Гэтэл үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, ажлаа сайжруулахын оронд эсрэгээрээ төрийн байгууллагын ажилд хөндлөнгөөс нөлөөлөхөөр оролдож байгаа нь хууль бус, зүй зохисгүй үйлдэл юм.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж