Хөвсгөлийн Аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо болон мөсөн урлал зохион бүтээгч “Dazzler design” компани хамтран гуравдугаар сарын сарын 3, 4-нд “Гайхамшигт Хөвсгөл нутаг” цас, мөсний баярыг зохион байгуулах гэж байна. Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн орлогыг дэмжих, эко аяллыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг эл уламжлалт баяр Хатгал тосгоны ойролцоох Доод модот хэмээх газар болох ажээ. Баярын үеэр мөсөн хотхон барихын дээр морь, нохойн чарга, тэшүүрчдийн парад зохион байгуулж, цаатан ардын дуу бүжгийг сурталчлах гэнэ. Мөн нутгийн сор бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг гаргаж, Хөвсгөл далайн мөсөн дээр морь, нохойн чаргаар аялж, цаатан айлд зочлон цаа бугын үзүүлбэр сонирхож, мөсөөр урлан бүтээх уралдаанд хамрагдаж, мөсөн аяга, хундаганд ундаа зооглох боломжтой юм байна.
М.СОНОР