ТББХ: У.Хүрэлсүхийг огцруулах нь зүйтэй гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2018.11.27-нд нийтлэгдсэн

Засаг огцруулах асуудал

LiveТББХ: У.Хүрэлсүхийг огцруулах нь зүйтэй гэж үзлээ

ТББХ: У.Хүрэлсүхийг огцруулах нь зүйтэй гэж үзлээ
17 : 00
2018-11-27

ТББХ: У.Хүрэлсүхийг огцруулах нь зүйтэй гэж үзлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Засгийн газрыг огцруулах  эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 62,5 хувь нь Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзэж, УИХ-ын чуулганд хүргүүлэхээр боллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилох санал гаргаж, дэмжигдэв. Уг саналтай холбоотойгоор Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өмнөх жишээг дурдав. Тэрбээр “Н.Алтанхуягийн үүрэг гүйцэтгэгчээр Д.Тэрбишдагва ажиллаж байсан. Дараа нь Ж.Эрдэнэбатын үүрэг гүйцэтгэгчээр өөрөө ажилласан. Иймд хамгийн сүүлийн жишиг барьдаг журмаар явах нь зүйтэй” хэмээв. Гэсэн ч гишүүд Д.Эрдэнэбатын гаргасан саналыг дэмжиж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг ажиллуулах саналыг УИХ-ын чуулганд хүргүүлэхээр болов.

15 : 37
2018-11-27

ТББХ: Тусгай үүргийн онгоц ирж л байдаг

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хурлаар Д.Хаянхярваа нарын өргөн барьсан Засгийн газрыг огцруулах бичгийг хэлэлцэж байна. Байнгын хороон дээр Засгийн газрыг огцруулах үндэслэлд тусгасан ЖДҮХС-гаас олгосон зээлээс гадна Турк улсын иргэнийг хулгайлах гэсэн оролдлоготой холбоотой асуудал яригдаж байна.

Хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна байнгын хорооны гишүүд оролцож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Өнөөдрийг хүртэл Туркийн иргэнтэй холбоотой асуудлаар Засгийн газар мэдээлэл өгөөгүй. Тэр онгоц газардах зөвшөөрлийг хэн өгсөн юм бэ. Туркийн талаас Монголын Засгийн газартай зөвшилцсөн гэсэн хариулт өгсөөр байтал өнөөдрийг хүртэл та нар дуугараагүй. Хэрэв үнэхээр зөвшилцөөгүй бол Туркийн тал Монгол Улсын хилийг зөрчсөн юм уу?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар:

-Д.Хаянхярваа үндэслэлгүй асуудлаар Засгийн газрыг огцруулах гэж оролдож байна. Засгийн газрыг огцруулах үндэслэлээс 6,7-д нь албан ёсны тайлбар авсан. Өнөөдөр Туркийн талтай тохиролцож хүн хулгайлсан гэх мэт үндэслэлгүй зүйл ярьж байна. Энэ яриа чинь улс орнуудын харилцаанд сөргөөр нөлөөлж, Үндсэн хууль зөрчсөн явдал болно шүү. Энэ асуудлаар Засгийн газар байр сууриа илэрхийлсэн. Тусгай үүргийн онгоц ирж л байдаг. Энэ талаар олон удаа мэдээлэл хийсэн. Та өөрөө сонсоогүй юм байна. Туркийн тал мэдээлэл хийсэн гэж худлаа битгий яриарай. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа тул би хариулт өгөх, дэлгэрэнгүй ярих эрхгүй. Д.Хаянхярваа таны үг улс орны эрх ашигт харшилж байгаа тул та хариуцлага хүлээх байх шүү.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Би хоёр алба хашдаг. Намын дарга, Ерөнхий сайд. Намайг ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст хариуцлага тооц гэсэн. Би тооцож байгаа. Цаашид ч хариуцлага тооцно. Зээл авсан гишүүдэд хандаж “авсан зээлээ төл” гэдэг шаардлага тавьсан. Зээл төлөгдөж дуусч байна. Энэ сангийн зээл ЖДҮ эрхлэгчид хүрэх ёстой. Сайд нарын тухайд асуудалтай нь шалгагдаж байгаа. Гэм буруутай бол хариуцлага тооцно. Тооцсоор ч ирсэн. Ажлын байран дээрээ архидсан, хүний аминд хүрсэн салбарын сайд Ж.Бат-Эрдэнэд хариуцлага тооцсон. ЖДҮХС-тай нэр холбогдсон Б.Батзориг сайдад хариуцлага тооцсон. Ерөнхий сайдын хувьд ярих юм, ярихгүй юм гэж байна. Улс хоорондын асуудал ярих гэж байгаа бол хурлыг хаалттай горимд шилжүүлж, хууль хяналтынхныг байлгаж байгаад ярих хэрэгтэй.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-Туркийн онгоц дипломат шуудан авч ирнэ гээд нисээд ороод ирсэн. Ирсэн зорилгоосоо өөр зорилготой байсан бол нөгөө тал хариуцлага хүлээдэг юм. Иймд Монгол Улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн тохиолдолд бид хатуу эсэргүүцэл илэрхийлэхийг үг, үйлдлээрээ харуулж, таслан зогсоосон.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Өнөөдөр Удирдах зөвлөл дээр Засгийн газрыг огцруулах кноп дарсан гишүүдийг намаас нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Энэ юу гэсэн үг вэ. Өнөөдөр МАН хоёр тал болоод хэрэлдэж байгаа ч нийгэмд бол МАН гэдэг ганцхан намын асуудал мэт харагдаж байгаа шүү.

Байнгын хорооны хурал үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
7
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж